Д.Баярхүү: Путин Монгол улсад их бодитой, найрсаг ханддаг удирдагч

Ярилцлага / Т. Сарангуа
2018 оны 03 сарын 12

Гуравдугаар сарын 18-нд буюу ирэх Ням гарагт манай хойд хөршийн ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ удаагийн сонгуульд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дахин сонгогдох нь тодорхой болсон. Тэрбээр 2000 онд Оросын төрийн тэргүүн болсноосоо хойш манайд хэд хэдэн удаа айлчилж байсан. Мөн гурван улсын эдийн засгийн коридорын төсөлд хамтран ажиллахаа баталгаажуулсан гэдэг утгаараа манай хойд хөршийн сонгууль дэлхий нийтийн төдийгүй монголчууд бидний ч бас анхаарлын төвд байгаа юм.

Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль нь Оросын ард түмний хувьд шинэ сонгууль биш юм. Учир нь 2000 оноос хойш ерөнхийлөгчийн сонгуульд ялсаар ирсэн Владимир Путиныг Оросын ард түмэн энэ удаад ч гэсэн төрийн тэргүүнээрээ сонгох нь тодорхой болоод байгаа билээ. Учир нь хүчирхэг Орос гүрнийг дэлхий дахинд сэргээж, Оросын ард түмний эв нэгдлийг хадгалж чадах хүн нь Владимир Путин гэж аль хэдийн хүлээн зөвшөөрөгдсөн. Сонгуульд түүнтэй өрсөлдөхүйц, түүнийг давж гарч чадахуйц тийм нэр дэвшигч байхгүй байгаа юм. 

Дипломатч, олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү “1998 онд анх ерөнхий сайд болж гарч ирэхэд нь түүний рейтинг 18 хувьтай байсан. Үүнээс хойш 18 жилийн дотор түүний рейтингийн судалгаа унаж байгаагүй. Дандаа 70-аас дээш, 88 хувь хүртэл өсч байсан.  Тэгэхээр хүчирхэг нэгдсэн Орос гүрнийг авч явна гэдэг нь  цэрэг стратегийн маш том бодлогыг хэрэгжүүлэх,  өөрийн хүрээлэлтэй,  хүчний байгууллагуудын дэмжлэгтэй, хүчний байгууллагуудын төлөөлөл болсон Путин өөрөө байж гэмээнэ үүнийг хийж чадна. Тэрнээс биш өнөөдөр эдийн засгийн ухааны доктор, эсвэл шинжлэх ухааны гавьяат ажилтанд Оросын эрх мэдлийг өгнө гэдэг ойлголт байхгүй. Ерөөсөө Орос бол цэрэг стратегийн гүрэн, Евроазид оршин тогтнож байгаа геополитикийн хамгийн ашигтай байрлалд байгаа ийм гүрнийг удирдах хүн. Тиймээс тэр ерөнхийлөгчийн сонгуульд оролцох ямар ч шаардлага байхгүй” хэмээв.

Энэ сонгуулийг Монгол-Орос хоёр орны харилцааны үүднээс харвал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэд хэдэн удаа Монголд ирж байсан. 1974 оноос хойш ОХУ-аас төр, засгийн өндөр дээд түвшинд хийх айлчлал зогсоод байсныг тэрбээр 2000 онд ерөнхийлөгч болоод удаагүй байхдаа манайд айлчлан сэргээж байжээ. Владимир Путин бол Монгол улсад их бодитой, найрсаг ханддаг удирдагч хэмээн олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү хэллээ.

Дипломатч, олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү “Путин бол Монголын талаар хийсвэр ойлголттой хүн биш. Их эелдэг зөв ойлголттой хүн. Ерөнхийлөгч Баттулга, Монгол-Оросын өнөөгийн түвшинд хүрсэн харилцааг улам цааш нь ахиулах, худалдаа, эдийн засгийн үзүүлэлтээр хоёр орны харилцааг хөгжүүлэх тухай ярьж байгаа. Үнэндээ Монгол Улсын гадаад бодлогын болоод Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд хоёр орны харилцааг тэнцвэртэй байлгана гэж заасан учраас хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд тэнцвэрийг барих нь зүйтэй.  Путин бол Монгол-Орос-Хятадын эдийн засгийн хонгил байгуулах төсөлд Ташкентэд гарын үсэг зурсан хүн. Тэгэхээр энэ үйл ажиллагаа цаашаа улам л өргөжин тэлнэ гэсэн үг” гэсэн юм.
Сонгуулийн санал хураалтанд одоогийн Ерөнхийлөгч Владимир Путинтэй нийлээд 8 нэр дэвшигч өрсөлдөхөөр Оросын Сонгуулийн Хороонд бүртгүүлээд байгаа юм. Хамгийн сүүлд олон нийтийн дунд явуулсан санал асуулгаас харахад нэр дэвшигч Владимир Путин 63,5 хувь, Владимир Жириновский 7,3 хувь, Павел Грудинин 6,2 хувийн саналтай эхний 3 байранд явж байна. Энэ удаагийн сонгууль нь ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жилээр болж өөрчлөгдөж байгаа гэдгээрээ онцлогтой сонгууль болж байгаа юм.