Их Британийн зоогийн газрууд хаалгаа барьж эхэлжээ

Дэлхий / Т. Сарангуа
2018 оны 03 сарын 12


Их Британийн хэсэг бүлэг зоогийн газрын эзэд хаалгаа барьж, олон тооны ажлын байр үгүй болоход хүрээд байгаа талаар Засгийн газартаа анхаарууллаа. 

Сангийн сайд Филип Хэммондод зоогийн газрын эздээс бичсэн захидалд төрөөс бизнесийн үйл ажиллагаанд шинэчлэлт хийхийг хүссэн байна. Энэхүү захидалд “Mitchells and Butlers” сүлжээ зоогийн газрын гүйцэтгэх захирал болон бусад 15 зоогийн газрын эзэд нэгджээ. Санхүүгийн хүндрэлд орж, салбаруудаа хааж эхлээд байгаа сүлжээ ресторануудын дотор “Jamie's Italian” болон “Byron” зэрэг зоогийн газрууд багтаж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Prezzo пизза 94 салбараа хаажээ. 

Маргааш буюу Мягмар гарагт Сангийн сайд улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлын талаар парламентад үг хэлэх юм. Тэгвэл Сангийн сайд Филип Хэммондод хандсан захидалд бизнесийн төлөөлөл, үйлчилгээний салбар “хүчтэй шуурганд” өртөөд байна гэж дүрсэлжээ. Тэд үүсээд байгаа нөхцөл байдалд бизнесийн зээлийн хүү өссөн нь ажиллах хүчний зардлыг нэмэгдүүлэхэд хүргэснээс гадна Их Британи Европоос гарах болсон Брэкситийн үйл ажиллагаатай холбоотой хэмээн буруутгаж байна. Цалингийн өсөлт бага, инфляцийн түвшин өндөр байгаа нь хэрэглэгчдийг зардлаа бууруулж, зарим хүмүүс гэртээ өдрийн хоолоо бэлдэн авч явахад нөлөөлж байна гэж Их Британийн хэвлэлүүдэд бичжээ. Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан судалгаанд, Их Британийн ТОП 100 зоогийн газрын гуравны нэг нь ашиггүй ажиллаж байна гэжээ.