Монгол хүүхдүүд хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтэнд оролцоно

Спорт / Ч. Энхбат
2018 оны 03 сарын 12

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос ОУХБХ-ны Хөлбөмбөг – Нөхөрлөл форум өсвөр үеийн хоёр тамирчин болон сэтгүүлч хүүхдийг явуулахаар сонгон шалгаруулалт явуулсан. Харин өнөөдөр холбооны зүгээс шалгарсан хүүхдүүдийг танилцуулж хэвлэлийн бага хурал хийсэн юм. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын хэлснээр энэ үйл ажиллагаа нь дэлхийд өөрийн орныг сурталчилах том боломж төдийгүй, ирээдүйд мэргэжлийн хөлбөмбөгчин, сэтгүүлч болох анхны гараа байж болох юм гэдгийг хэлсэн юм. 

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар “ОХУ-д 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаа үүний нэг нь “Хөлбөмбөг – Нөхөрлөлийн төлөө” гэсэн сайхан төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ төслөөр 200 гаруй орны 500 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд манай улсаас ДМЮ клубын довтлогч Даринчулуун, Монголын тэмүүлэл клубын хагас хамгаалагч Эрхэс нар эх орноо төлөөлөн оролцохоор боллоо. Энэ төслөөр тус хоёр өсвөрийн хөлбөмбөгчин маань өөрийн орны ёс заншил, соёлыг сурталчилахаас гадна, олон орны хүүхдүүдтэй туршлага солилцох юм” хэмээв.

Шалгаруулалтаас шалгарсан Даринчулуун болон Эрхэс нар ОХУ-д 200 гаруй орны хүүхдүүдтэй 10 хоногийн хөтөлбөрт хамрагдах юм. Хичээл сургалт, бэлтгэл сургуулилт хосолсон тус хөтөлбөрт ДАШТ-ий нээлт болон ОХУ-ын шигшээ, Саудын Арабын шигшээ багуудын тоглолтыг ч үзэх боломж олдож байгаа юм. Мөн эдгээр хүүхдүүд нээлтийн ёслолд өөрийн биеэр оролцож Москва хотын Лужник цэнгэлдэхийн ногоон зүлэг дээр мөн хөл тавьж эх орноо сурталчилах юм. 

Энэхүү төслийг ОХУ-ын Газпром компани ивээн тэтгэдэг бөгөөд өдгөө зохион байгуулагдаад 6 жилийн нүүрийг үзжээ. Монголоос явах төлөөлөгч хүүхдүүдийн хувьд 6 сар хүртэл сэтгүүлзүйн болон хөлбөмбөгийн сургалтанд хамрагдаж 6 сарын 3-ны өдөр эх орноосоо мордох юм.