Р.Левандовски хэт-трик хийж баварчууд 21 дэх хожлоо авлаа

Спорт / Ч. Энхбат
2018 оны 03 сарын 12

Image result for Р.Левандовски

Германы хөлбөмбөгийн дээд ангилал Бундеслигийн 26-р тойргийн хүрээнд хүснэгтийг тэргүүлэгч Байерн Мюнхен, Хамбургийг өөрийн Аллианц Аренадаа хүлээн авлаа. Тус тоглолтонд Роберт Левандовски хэт-трик хийж Баварчууд өрсөлдөгчөө бут ниргэжээ. 

Ойрын өрсөлдөгчөөс 20 оноогоор тасарсан Байерн Мюнхен энэ долоо хоногт Аваргуудын лигийн Бешикташ-ын талбайд зочлон тоглох хуваарьтай. Эхний тоглолтонд 5:0-ийн харьцаатай ялалт байгуулсан учраас дасгалжуулагч Юпп Хайнкес лигийн тоглолтыг чухалчилж үндсэн бүрэлдэхүүнээ Хамбургийн эсрэг илгээсэн юм. Баварчууд энэ тоглолтыг эхний 20 минут бүрэн шийдсэн. 8 дахь минутанд Франц жигүүр Франк Рибери хаалгач Кристиан Матения-г хөнгөхөн аргалж тооны харьцааг нээсэн. Харин түүний гоолоос 4 минутын дараа Матения дахин удаа сөхрөхөд Роберт Левандовски мөргөж улирлын 21 дэх гоолоо бүртгүүлжээ. Ингээд ч дууссангүй тэрбээр 19 дэх минутанд 22 дахь гоолоо бичүүлж тооны харьцааг 3:0 болгожээ. Үлдсэн 70 минутанд Хамбургийг илүү олон цохилтууд хүлээж байгаа гэдэг нь ойлгомжтой байлаа. Хоёрдугаар хагасын 55 дахь минутанд Голланд жигүүр Арьен Роббен тоог холдуулж 4:0 болгосон. Харин түүний үнэнч хамтрагч Франк Рибери 81 дэх минутанд энэ тоглолтын хоёр дахь гоолоо орууллаа. Эцэст нь 89 дэх минутанд Роберт Левандовски хэт-трик хийж тоог 6:0 болгосноос гадна улирлын 23 дахь гоолоо бүртгүүлсэн байна. Тэрбээр энэ тоглолтонд покер хийж болох байсан ч 86 дахь минутанд торгуулийн цохилтоо алдаж боломжоо хийсгэсэн юм. Польш довтлогч ДАШТ-ий өмнө форм сайтай байгаагаа тоглолт бүрт батлаж байгаа бөгөөд Бундеслигийн жагсаалтыг тэргүүлж түүний араас Пьер-Эмерик Аубамияанг 10 гоолын зөрүүтэй дэд байранд бичигдэж байгаа юм. Английн лигийг зорьсон түүний гоолын тоог одоогоор гүйцэх тоглогч гарч ирээгүй л байна.