“Жендэрийн тэгш байдлын төлөө хонх цохих” үйл ажиллагаа боллоо

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 03 сарын 07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Дэлхийн Банк, НҮБ болон бизнесийн салбарын эмэгтэйчүүд нэгдэж Монголын Хөрөнгийн бирж дээр хонх цохилоо. Энэ өдөр дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй хөрөнгийн бирж “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” үйл ажиллагаанд нэгдэж байгаа юм байна. 

Эмэгтэйчүүдийн авьяас чадвар дэлхий даяар хамгийн бага ашиглагдаж буй эдийн засаг, бизнесийн нөөцөд тооцогдож байгааг судалгаагаар тогтоосон байдаг байна. Хэрэв жендэрийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд багахан хэмжээний нөлөө үзүүлж чадвал, ирэх 7 жилийн хугацанд дэлхийн ДНБ-ий хэмжээг 5.3 их наяд ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой гэдгийг Дэлхийн Эдийн засгийн Форумын 2017 оны тайланд дурьджээ.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч  Биата Транкман “Эмэгтэйчүүд албан ёсны ажил хөдөлмөр эрхлэхээс гадна гэртээ хүүхдүүдээ эсвэл эцэг эхээ асран халамжлах байдлаар албан бусаар хувь нэмрээ оруулдаг.  Энэ нь эдийн засаг өсөхөд хувь нэмрээ оруулж байгаа нэг хэлбэр. Харин компанийн түвшинд ярихад, эмэгтэйчүүдийн эрх тэгш байдал, энэ талын бодлого соёлыг бүрдүүлсэн компаниудын хувьд бусад компаниудтай харьцуулахад, бизнесийн өсөлт болоод хөрөнгө оруулалтын өгөөж нь өндөр байдаг” гэлээ.

Ар гэрийнхээ ажлын хажуугаар уул уурхайгаас эхлээд хөнгөн үйлдвэрийн салбарт эмэгтэйчүүд хүчин зүтгэж улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Өнгөрсөн онд ЗГ болон МҮХАҮТ-иас тодруулсан ТОП 100 ААН-ийн жагсаалтанд 6-хан эмэгтэй захиралтай компани багтжээ. Харин МҮХАҮТ-д гишүүнчлэлтэй компаниудын 30 хувь нь эмэгтэй удирдлагатай компаниуд, голдуу жижиг дунд бизнес эрхлэгчид байдаг.

Эмэгтэй удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр их хөдөлмөрлөж, асуудалд мэдрэмжтэй, энэрэнгүй ханддаг нь Аз жаргалын индекс, хөгжлийн үзүүлэлтүүдэд нөлөөлдөг олон улсын судалгаанууд байдаг байна. Энэ бүхнээс харахад, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн харилцаа, хамтын ажиллагаа чухал, төрөөс эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого явуулахад анхаарах хэрэгтэй юм.

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг “Ерөнхийдөө төрийн зүгээс ялангуяа эмэгтэйчүүдэд зориулсан бизнест нь санхүүжилт, ЖДҮ голдуу эмэгтэй захирлууд байна. Статистикаар 40 гарсан эмэгтэйчүүд ажилгүй болж байна. Тэднийг дэмжсэн бизнес инкубатор бий болгох хүүхдүүдийг нь асрах газрын өргөнөөр байгуулж, хөдөлмөрлөх, бусдад шинэ санаагаа хүргэж, нийгэмд тустай үйл ажиллагаа явуулахад нь анхаарах хэрэгтэй. Ажлы гэхэд нөхцөл байдал нь бас алга байна. Үүнийг төртэй хамтарч, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай бий болгох, өдөр өнжүүлэхийг өргөн хэмжээгээр бусад орнуудын туршлагаар зохион байгуулбал илүү их хөдөлмөрлөх тал дээр хамтарч ажиллах, Олон улсын байгууллагууд маш их дэмжиж байгаа. Дэлхийн Банк IFC-ээр дамжуулж эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийг олгосон байгаа. Эмэгтэйчүүдэд хамгийн их хүндрэлтэй байдаг санхүүгийн талаас асуудалтай байгаа зүйлийг нь төрөөс дэмжих хэрэгтэй” хэмээв.