Испанид 5 сая гаруй эмэгтэй ажил хаялт зарлажээ

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 09

Өчигдөр Испани эмэгтэйчүүд жендерийн тэгш бус байдал, хүйсээр ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцэж, өргөн хүрээний ажил хаялт зарлалаа. Тэд эмэгтэйчүүд ажлын байранд хэрхэн чухал вэ гэдгийг харуулахыг хүссэн аж.

Тус улсын 10 холбоо болоод томоохон эмэгтэй улс төрчдийн дэмжлэгтэйгээр 5,3 сая эмэгтэй 24 цагийн турш ажил хаялт зарласан гэж Зөвлөлийнхөн мэдэгдлээ. Тэд “Хэрвээ бид ажиллахаа боливол дэлхийн хөгжил зогсох болно” гэж хашхирч байлаа. 

Цагдаа нар Барселонагийн гол замуудыг хааж байгаа эсэргүүцэгчдийг зогсохыг уриалсан ч зарим эмэгтэйчүүд эсэргүүцлээ илэрхийлсээр байлаа. Нийтийн тээврийн үйл ажиллагаа зогсоогүй ч үйлчилгээнд оролцож байгаа автобус, унаа нь цөөрсөн, хэд хэдэн нислэг цуцлагдсан болохыг хэлж байна. 

Мадрид, Барселона, Бильбао, Валенсиа болоод бусад хэд хэдэн хотод мөн жагсаал хөдөлгөөн өрнөсөн байна. Тэд бэлгийн дарамт, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгохыг уриалж, “Бид ажлын муу нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй, бид эрчүүдтэй адилхан ажил хийчхээд бага цалин авахыг зөвшөөрөхгүй” гэж хэлж байлаа.

Испанийн хамгийн олон уншигчтай “Эль Паис” сэтгүүлд 1500 гаруй хүнээс санал хураалт авсан байна. Энэхүү санал хураалтад оролцогчдын 82% нь ажил хаялтыг дэмжсэн байна. Мөн 76% нь эрчүүдээс илүү их ачааг үүрч, их дарамттай амьдарч байна гэж хариулсан байна.