2017 онд 272 сая баримт хэвлэгдэж, 162 саяыг бүртгүүлжээ

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 03 сарын 09

Image result for E баримт

Татварын хоёр дахь шатны шинэчлэлтийн хүрээнд НӨАТ-ын хуулинд өөрчлөлт оруулж байгаа. Энэ хүрээнд, барилга байгууламж болон бусад үндсэн хөрөнгө худалдан авахад НӨАТ-ыг 5-10 жилээр хасахаар тусгасан. Мөн НӨАТ-ын буцаан олголтоыг улирал тутам олгохоор болоод байгаа юм. E-баримтын системийг ч шинэчлэхээр ажиллаж байгаан аж.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Одоо өндөр технологийн шинэчлэлтийн ажлууд хийгдэж байгаа.  Дээр нь НӨАТ-ын хуулийн хүрээнд буцаан олголтыг улирал тутам өгөөд ирнэ. Өнөөдөр Монгол улсад хаана орлого хийгдэж байна, тэр бүхэн бүртгэгдээд явж байгаа” гэв.

НӨАТ-ын системд 63 мянган иргэн, ААН-ийн мэдээллийг бүртгээд байгаа юм. НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр Монгол улсын өнцөг булан бүрт хийгдэж буй орлогын гүйлгээ ил тод болж чадсан. 2017 онд л гэхэд нийт 272 сая баримт хэвлэгдсэнээс, 162 сая баримтыг бүртгүүлж баталгаажуулсан буюу буцаан олголтын хэмжээ өнгөрсөн 2016 оныхоос 2 дахин их байсан нь НӨАТ-ын хуулийн хэрэгжилтийн үр дүнгийн илэрхийлэл болж байгаа юм.

Харин иргэдийн дунд ибаримтаа бүртгүүлэх идэвх нэмэгдсэнтэй холбоотойгоор ААН илгээгээгүй гэсэн төлөвтэй баримтуудаа хүртэл баталгаажуулах сонирхолтой болсон. ААН илгээгээгүй төлөвтэй баримтууд нь бүртгэлийн систем дэх нийт баримтуудын 1-2 хувийг эзэлдэг байна. Иргэдийн хувьд таны бүртгүүлсэн баримт баталгаажихгүй удсан тохиолдолд ТЕГ-ын 1800-1288 утсанд хандахыг зөвлөж байна. Эсвэл иргэд сугалааны дугаараа буруу бүртгүүлсэн тохиолдолд энэ төлөвтэй баримтууд хадгалагддаг болохыг хэлж байна. 

Гааль татварын мэдээллийн технологийн төвийн олон нийттэй харилцах албаны менежер Б.Чинзориг “ААН илгээгүй төлөвтэй баримт нь хоёр шалтгаантай. Тухайн ААН татварын нэгдсэн системд илгээгээгүй. Хоёрдугаарт иргэд сугалааны дугаарынхаа аль нэг үсэг, тоог буруу бүртгүүлсэн тохиолдолд ийм төлөвтэй болдог. Энэ үед устгаад баримтаа дахин бүртгүүлэх хэрэгтэй” хэмээв.