НҮБ: Сингапурын фирмүүд БНАСАУ-д хууль бусаар үнэтэй бараа нийлүүлсэн

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 13

Сингапур улсын хоёр компани 2017 оны долдугаар сарыг хүртэл дарс, спирт зэргийн тансаг бараа бүтээгдэхүүнийг БНАСАУ-д нийлүүлж НҮБ-ын хориг арга хэмжээг зөрчсөн гэж НҮБ буруутгажээ.

НҮБ-ын тайланд бичихдээ, БНАСАУ 2011-2014 оны хооронд 2 сая гаруй долларын мөнгөн гуйвуулгыг Сингапур улсын эгч дүү хоёр компанид хийсэн байна. Умард Солонгосын банк, Даедонг Кредит банкуудаас ОCN болон T Specialist компаниудын Сингапур дахь дансанд барааны төлбөрийг шилжүүлж байсан баримт байна гэж онцолжээ.

БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээний дагуу, 2006 оноос хойш тус улсад бараа бүтээгдэхүүн худалдаж, нийлүүлэх нь хууль бус. Түүнчлэн Сингапурын хуулиар БНАСАУ-д бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдахыг хориглосон. Нөгөө талаар, Умард Солонгост худалдааны дэмжлэг үзүүлэх зорилгоор санхүүгийн тусламж, үйлчилгээгээр хангахыг Сингапур улс санхүүгийн институциүддээ хориглосон гэж гадаад хэргийн яам нь мэдээлж байна. 

Ерөнхийдөө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Сингапур Умард Солонгостой хийх худалдаанд бүхэлд нь хориг тавьсан юм.

Сингапурын засгийн газар мэдэгдэл хийхдээ, “Бид энэ асуудлыг мэдэж байсан. Гэмт хэргийн талаарх “найдвартай мэдээлэл” хаана байгааг мөрдөн шалгаж эхэлсэн” гэж мэдэгджээ. Мөн тус улсын ОCN болон T Specialist гэх эгч дүү компаниудыг шалгаж байгаа аж. Харин эдгээр компаниудын хувьд, уг мэдээллийг няцааж байна.

“Эдгээр компаниуд Умард Солонгостой ямар ч холбоогүй. Хориг арга хэмжээнээс өмнө манай 2 компани Умард Солонгосын ААН-үүдтэй бизнес хийж байсан” гэж хуулийн зөвлөх нь тайлбарлажээ. Сингапурын эдгээр компани НҮБ-ын хоригийг зөрчсөн нь батлагдвал ийм зөрчил Азид хэр олон гарсан бэ гэдэг асуудал хөндөгдөх нь ойлгомжтой.БНАСА

У цөмийн болон пуужингийн туршилтаа үргэлжлүүлсээр байгаа тул тус улсын эсрэг авсан ОУ-ын хориг арга хэмжээ сүүлийн 2 жилд улам чангарсан. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун болоод АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамп нар уулзаж яриа хэлэлцээр хийх асуудал яригдаж байгаа ч БНАСАУ-ын эсрэг авсан НҮБ-ын хориг арга хэмжээ хэвээр байх болно.