Зам засвар арчлалтад зарцуулах төсвөө 2-3 ДАХИН НЭМЭХ шаардлагатай

Орон нутаг / Н. Сугар
2018 оны 03 сарын 15

Image result for орон нутгийн зам нөхөөс

Орон нутгийн замд гарсан осол аваарын улмаас амь насаа алдсан хүний тоо жил тутам өссөөр байна. 2017 онд зам тээврийн улмаас 507 хүн амиа алдснаас дийлэнх нь буюу 79.6 хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн ослын улмаас амь насаа алджээ. 

Орон нутгийн замд гарсан ослын хэлбэрээс авч үзэхэд онхолдох хэлбэрээр олон хүний амь нас хохирох, гэмтэх тохиолдол их байна. Энэхүү ослууд нь автозамын чанартай холбоотой ч гэж үзэж болох юм.

Эх сурвалж: Замын цагдаагийн алба


Тухайлбал, орон нутгийн замуудаас хамгийн их ачаалалтай нь Дархан - Улаанбаатарыг холбосон 220 км зам. Олон улсын чанартай замд тооцогддог тус замаар өдөртөө 3800 гаруй тээврийн хэрэгсэл явж өнгөрдөг бөгөөд Дархан, Төв аймагт бүртгэгдсэн ослын тоон үзүүлэлт улсдаа тэргүүлдэг. Өнгөрсөн сар шинийн өдрүүдэд гэхэд 14 осол гарч 7 хүн амь насаа алдсан гэх тоо байна. 

Тус замд 2000 оноос хойш буюу сүүлийн 18 жилийн хугацаанд нэг ч удаа их засвар хийгээгүйгээс үүдэж нөхөөс, нүхэндээ “баригдсан”, зам биш “ТАМ” болж хувирсныг хүн бүхэн мэднэ. Их засвар болон урсгал засвар хийгээгүй шалтгаан нь өнөөх л төсөв мөнгөний хүрэлцээ. 

Улсын төсвөөс жил бүр автозамын урсгал засварт 20 тэрбум төгрөг төсөвлөдөг аж. Гэвч энэ нь 2012 онд улсын хэмжээнд 4082 км хатуу хучилттай замд урсгал засвар хийх л төсөв юм.

2018 оны байдлаар улсын хэмжээнд автозамын урт 8400 гаруй км болсон ч урсгал засварын төсөв 20 тэрбум төгрөг хэвээрээ л байгаа нь ГОЛ АСУУДАЛ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар өдгөө автозамын урсгал засварт жилдээ 65.9 тэрбум төгрөг зарцуулж байж замын чанарыг хэвийн хадгалах ёстой. Үүнээс гадна 10 жил тутам замуудад ИХ ЗАСВАР хийх ёстой.

Хатуу хучилттай замын урт

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв, 


2016 онд Азийн хөгжлийн банкнаас хийсэн авто замын салбарын судалгаанд:

Монгол Улсын авто замын салбарт зарцуулж байгаа хөрөнгө ДНБ-ий 1,5 %–2 % байгаа нь хөгжлийн ижил түвшинд байгаа улс оронуудтай харьцуулахад ойролцоо түвшинд байна. Гэвч замын засвар, арчлалтын зарцуулалт хэвийн хэмжээнээс хамаагүй доогуур байгаа юм (ДНБ-ий 0,17 хувь). Энэ нь шаардлагатай замын засвар арчлалтын дөнгөж 20 хувийг хангаж байгаа бөгөөд засвар, арчлалт хийгээгүйн улмаас замын ихэнх хэсгийн нөхцөл муудаж, эргээд өндөр зардалтай их засвар хийх шаардлагыг бий болгож байна.

Замын засвар, арчлалтын зардал нь нийт салбарын зардлын дөнгөж 10 хувь байгаа бол хөгжиж байгаа орнуудад 50 хувь орчим байдаг аж.

Харин Монгол Улс шинэ авто зам барихдаа л анхаарлаа хандуулдгаас биш зам засвар арчлалтын ажилд төдийлөн анхаарал хандуулдаггүй нь судалгаанаас харагдаж байна.

Азийн хөгжлийн банкны судалгааг ЭНД дарж үзнэ үү.