О.Бат-Өлзий: Байтаг богдын тулааны хав дарагдсан нууцууд тайлагдана

Image result for О.Бат-Өлзий байтаг богд

“Байтаг богд” уран сайхны киног гэр бүлээрээ үзлээ. Магтах үг алга аа. “Маш нууц”, “Зүрхний хилэн” кинонуудыг бүтээсэн Фантастик продакшны залуусын хөдөлмөр зүтгэл, чадварыг магтахаас өөр яах вэ. Эх оронч үзэл хүмүүжлийг ёстой жинхэнэ утгаар нь эндээс л мэдрэх юм байна гэж эрхгүй бодлоо. Хүүхэд залуус их үзэж байгаад олзуурхаад баршгүй. Би ч бас эх орны үнэ цэнийг мэдрүүлдэг иймэрхүү бүтээлийг хүүдээ, дүү нартаа бага гэлтгүй үзүүлэхийг хичээдэг. “Буугаа цэнэглэх гэж хамаг цагаа алдчихлаа ш дээ. “М-16” өгчихсөн бол эднүүсийг бүгдийг нь алахгүй юу” гэж байж ядах хүүгээ, “Жаахан цэргийг нь битгий алаарай, битгий алаарай” гэж гуйж суугаа дүүгийнхээ бяцхан охиныг, “Төрийн дуулал явж байна, ааваа босоорой” гэх арын эгнээнд суугаа жаахан хүүг өхөөрдөж, эдний зүрхэнд л эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнэ “суугаасай” гэж хүсэж байлаа. Нулимсандаа халтартчихсан “Ээжээ, Байтаг богд уул одоо манайд байгаа биз дээ” гэж асуухад нь баярлаж, эх орныхоо төлөө санаа зовох хайрлах сэтгэлтэй нэг ч гэсэн иргэнийг бэлдэж байгаадаа баяртай байв. Бас уран бүтээлчидтэй нь ярилцаж тохиролцоод хэдэн цэргүүддээ тал үнээр нь ч болов үзүүлчих юм сан гэж эрхгүй бодогдсон. Тэврэхийг нь тэврээд хөтлөхийг нь хөтлөөд, хүүхдүүдтэйгээ заавал үзээрэй гэж хүн бүрт хэлмээр байна. “Байтаг богд”-ын тулааны өр өвтгөм үйл явдал, эр цэргийн нөхөрлөл, эх нутгийнхаа төлөө амиа үл хайрлах тэр их зориг зүрх хаана, хэрхэн, хэнээс гардгийг ойлгож мэдрээрэй. Та бүхэнд уг кино зохиолыг бичсэн МУГЖ О.Бат-Өлзийтэй манай сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг сонирхуулж байна.

Таны уран бүтээл өндөр үү? Мэдээж бидний ярилцлагын гол сэдэв саяхан нээлтээ хийсэн “Байтаг богд” киноны тухай юм...

-Уран бүтээлийн олз омог ихтэй байна аа. “Байтаг богд” киноныхоо нээлтийг гуравдугаар сарын нэгэнд хийлээ. “Маш нууц” кино гарсны дараа хүмүүс хоёрдугаар ангийг нь хийх эсэх талаар их асуусан. Энэ кино үргэлжлэхгүй, тэр чигээрээ л үлдэнэ. Харин “Маш нууц” нэртэй төслийг үргэлжлүүлж байгаа. “Маш нууц 2” төслийн хүрээнд “Байтаг богд” хэмээх түүхэн киног бүтээлээ. Зохиолыг нь би хоёр жил гаруй хугацаанд бичсэн. Энэ талаарх түүхийг харьцангуй сайн мэддэг болохоор л түүхэн кино бүтээхээр зориглосон юм. Гэхдээ амаргүй байсан. Түүхийн баримт судалгаа уншиж нэлээд хугацаанд судлаж бичсэн. 1948 онд болсон Байтаг богдын 10 баатрын тулааны тухай, Гоминьданы 130-150 цэрэгтэй хүч тэнцвэргүй тулаанд орж, эх орноо хамгаалсан домогт баатруудыг уран бүтээлээрээ дүрслэн гаргахыг эрмэлзсэн. Уг бүтээлд нууцлагдмал, ам дамжин яригддаг олон хачирхал үйл явдал ч өрнөх юм. Хэнд ч задруулахгүй хав дарсан нууцууд ч байгаа. Байтаг богдын тулаан яагаад тэгж их нууцлагдсаны учир энд тайлагдана.

“Маш нууц” кино гарсаны дараа үзэгчид хоёр хуваагдсан. Учир нь тухайн үед Б.Цог генерал цэргийн ангид болсон бослогыг толгойлсон байлдагчийг буудаж унагаснаар кинон дээр дүрслэгддэг. Буудсан, буудаагүй гээд үзэгчид их маргадаг л даа...

-Зохиолч Д.Төмөр-Очир надад “Олонд бүү хүргэ” гэсэн зохиолыг уншуулсан юм. Уншаад үзтэл биднийг залуу байхад яригдаж байсан зүйлийн талаар бичсэн байсан. Тухайн үед Дархан-Уул аймаг дахь цэргийн ангид Б.Цог генерал очиж цэргүүдийн бослогыг дарсан, буудсан буудаагүй гэх мэт зүйлүүд ам дамжин яригддаг байсан юм. Буудуулсан цэрэг нь Өвөрхангай аймгийнх байсан гэж ч яригддаг. Энэ зохиол дээр ажиллах хүсэл, сонирхлыг татсан нэг зүйл нь тэдгээр залуусыг гурван жил албаа хаагаад дуусахад дахиад нэг жил сунгаж Үндсэн хууль, хүний эрхийг зөрчсөн асуудал байсан юм. Нэг намын тогтолцоотой байсан үе. Тэгээд судалгаа хийж тухайн үед алба хааж байсан хүмүүстэй уулзаж, Монгол цэргийн музейн тайлбарлагчаас эхлээд цөөнгүй хүнтэй уулзаж судалгаа хийсэн. Б.Цог генералын намтрыг ч судласан. Кинонд уран сайхны талаас нь хүргэхийг зорьсон. Сүүлд нь шоронд ордог хэсэг бол цэвэр уран сайхны хэсэг.

Та хаана цэргийн алба хаасан билээ?

-Би 10 дугаар ангиа төгсөөд Багшийн сургуулийн кино, драмын жүжигчний ангид орох шалгалт өгсөн юм. Харамсалтай нь гуравдугаар шатнаасаа хасагдсан. Миний аав МУГЖ У.Осор шүү дээ. Та бүхэн бараг мэдэх байх. Аавдаа хэллээ. “Би СУИС-д тэнцсэнгүй, та арын хаалгадаад оруулаад өг” гэж. Тэгсэн аав “Хүү минь урлагт арын хаалга байдаггүй. Харин “Амьдралын сургуульд яв” гэсэн. Тэгээд л цэргийн албанд мордсон доо. Урд хил дээр, Өмнөговьд 1978-1981 онд гурван жилийн цэргийн алба хааж байлаа. Холбооны цэрэг байсан учраас заставаасаа гардаггүй. Нэг удаа дарга маань зөвшөөрөл өгч өөр отрядаас холбоочин авчраад намайг хилийн пост руу явуулсан юм. Миний ард эх орон, хайртай бүхэн минь байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй хамар шархирдаг юм билээ. Тэгж л эх орондоо ямар их хайртай, эх орон минь ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдэрсэн. Тиймдээ ч, хоосон цээжээ дэлдэн эх орон гэж хашгичиж байгаа хийрхэгчдийг худлаа дүр эсгэхэд нь дургүй. Хүн эх орныхоо үнэ цэнийг олон янзаар мэдэрч болно л доо. Хүний нутагт байхдаа эх орон, элгэн саднаа үгүйлж, төрсөн нутгаа бодон үнэ цэнийг нь ухамсарлаж ч болно.

Онжавуудтайгаа холбоотой байдаг уу?

-Заримтай нь холбогдоогүй удаж л байна. Тэгэхдээ би хөдөө, гадаа зурганд явахдаа цэргийн андуудаа зорьж очиж уулздаг. Цэргийн албаа дурсан суухад үнэхээр сайхан байдаг. Цэргийн нөхөрлөл хэзээ ч хуурамч байдаггүй, хэзээ ч хуучирдаггүй зүйл.

Өнөөгийн залуусын эх оронч үзлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Эх орончийн дүрд тоглож, худлаа царай гаргадаг нь олон болж. Гэхдээ бүгдийг хамруулж ойлгож болохгүй. Яг үнэн чанартаа эх орныхоо төлөө гал ус руу орж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Тэртээ 70 жилийн өмнө хорин хэдэн настай залуус эх орныхоо төлөө, сүүлчийн ганц сумаа дуустал тэмцэж амиа өргөсөн түүхийг кино урлагаар дамжуулан залуучуудад эх оронч үзлийг арай өөрөөр харж, ойлгоосой гэсэндээ энэхүү киног бүтээсэн юм.

Таны хүүг найруулагч, жүжигчин Б.Тамир гэдгийг уншигчид сайн мэдэх байх. Хүүгээ жүжигчин болъё гэхэд дэмжсэн үү?

-Өөрийнхөө хүсэл сонирхлоор л жүжигчин болсон. “Урлагийн амьдрал хэцүү шүү” л гэж захисан даа.

“Маш нууц”, “Байтаг богд” кинонд хүүтэйгээ хамтарч ажилласан. Сэтгэгдэл ямар байв?

-“Байтаг богд” киноны ерөнхий найруулагчаар хүүтэйгээ хамтарч ажилласан. Хүүгээ хэрхэн ажилладаг, хэр юм хийж чадахыг нь харъя гэж бодсон юм. Манай “Фантастик” продакшны залуучууд үнэхээр сайн байлаа. Бид “Байтаг богд” ууланд очиж зураг авалт хийсэн юм. Зохиолоо бэлэн болгочихоод ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэнд танилцуулахад таатай хүлээн авч дэмжсэн. Мөн БХЯ, ЗХЖШ-ын зүгээс ч их дэмжлэг үзүүлсэн. Хуучны буу зэвсэг гээд олон талаар тусалж дэмжсэн ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар нарт гүнээ талархал илэрхийлье. Энэ хүмүүсийн дэмжлэгтэйгээр зураг авалт гурван сарын хугацаанд амжилттай дууссан.

Монголын урлагийн салбарт амжилттай ажиллаж, тогтвортой сайхан гэр бүлийг бий болгосон хос олон бий. Магадгүй бие биеийнхээ ажлыг чин сэтгэлээсээ ойлгодог болохоор гэр бүл нь бат бөх байдаг байх. Таны хуримыг нижгэр болсон гэдэг юм билээ?

-Тийм л байх. Бид хоёр ч гэсэн өөр мэргэжлийн хүнтэй суусан бол яана даа гэж заримдаа ярьдаг юм. Хоёр ихрээ төрүүлчихээд 72 хоноод Сарантуяа /Ардын жүжигчин/ ажилдаа орсон. Тэгэхэд том хүү минь дөрвөн настай байсан. Бид хоёр өглөө босоод хүүхдүүдээ үлдээгээд ажилдаа явдаг. Тэр хооронд Драмын театр, эсвэл манай Хүүхэд залуучуудын театрын аль завтай жүжигчин нь манайд ирж хүүхэд хуурайлж, хоол ундыг нь хийж өгдөг байлаа шүү дээ. Хавар, намартаа хоёулаа бригадаар тоглолтоор явчихна. Ийм тохиолдолд нэг нэгнээ ойлгодог байж л тэсч үлдэнэ. “Яасан ч дуусдаггүй ажилтай юм бэ” гэж эхнэр, эсвэл нөхөр нь уцаарлаад байвал гэр бүл бат бөх байж чадахгүй. Гэрлэх ёслолын ордны хоёрдугаар давхарт хуримын ёслолоо хийж батлахаа авч болохоос гадна нэгдүгээр давхарт нь очоод зүгээр л гэр бүлийн гэрчилгээгээ авчихаж болдог байлаа. Ёслол нь их үнэтэй байсан болохоор бид хоёр гэрчилгээгээ л авсан. Тэр үед машин ховор, “Эр хүн байна даа, хуримаа хийсэн өдрөө эхнэрээ “хар-24”-т суулгачих юм сан” гэж бодоод л. Баазад ажилладаг найздаа нэлээд эрт энэ тухай ярьсан хэдий ч гэрлэлтээ батлуулдаг өдрөө Сараа бид хоёр алхаад л Хуримын ордон орлоо. “Би ч хүссэнээ биелүүлж чадсангүй дээ” гэсэн шүү юм бодоод Хуримын ордноос гарч иртэл найз маань “За болчихсон уу” гэчихсэн “хар-24” зүлгэчихсэн зогсож байсан. Ямар их баярласан гээч. Бид хоёрын хурим их сайхан болсон. Драмын театр, Хүүхэд, залуучуудын театрынхан “Туяа” рестораны нэгдүгээр давхарт дүүрэн цуглаж, микрофон олдохгүй булаацалдаж, дуу хуур, инээд наргианаар бялхсан. Хоёрдугаар давхарт өөр хуримын ёслолд оролцож байсан зочид нь жүжиг үзэж байгаа юм шиг шатан дээр эгнэчихсэн бидний хуримыг харж зогссон нь мартагддаггүй юм. Драмын театрынхан бэрээ өгөхгүй гээд манай театрынхан арга эвийг нь олж авна гээд их л хөгжилтэй, хэзээ ч мартагдахгүй хурим болсон доо.

Image result for О.Бат-Өлзий байтаг богд

Б.Тамир ихэр билүү? Хүүгээ цэргийн албыг нь хаалгасан уу?

-Ихэр. Охин маань өөр салбарт ажилладаг. Цэргийн алба хаагаагүй. Сургууль соёл, ажил амьдрал гэж явсаар байгаад амжаагүй .

Та театр, кино, хошин урлагийн жүжигчин, тайз, дэлгэцийн бүтээлийн найруулагч гээд урлагийн орон зайд урт зам туулсан байна. Хүн болгон ингэж их зам туулж чаддаггүй байх л даа...

-Бурхнаас гэх юм уу, цаанаас л өгсөн уран бүтээлчийн замнал энэ байх. Хэрэв манай Хүүхэд, залуучуудын театр байсан сан бол тэндээ ажиллаад л явж байхыг үгүйсгэхгүй. Театрын тайз жүжиглэх, найруулах, жижиг хэсгийг зохиох олон талын ажилд жүжигчнийг сургадаг. Жүжигчин байхдаа л суралцсан бага сага зүйлс маань өнөөдөр ч хэрэг болоод л явж байна. Түүнээс биш урлагаас өөр салбарт ажиллаж чадахгүй. Энэ салбартаа өөрийн чадах хэмжээнд боломжоороо зүтгэж байгаа нь энэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн албыг хоёр жил болгоё, улс орны бүтээн байгуулалтад оролцуулъя гэсэн санал гаргасан. Энэ тал дээр Та ямар бодолтой байгаа вэ?

-Дэмжиж байгаа. Ер нь бол одоогийн залуусыг хөдөлмөрт сургах хэрэгтэй. Цөөнгүй хэсэг нь бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд Ерөнхийлөгчийн санаа их зөв санагдаад байгаа юм. Биднийг залуу байхад гурван жилийн албыг хаагаад болоод л байсан. Яагаад болохгүй гэж. Бүтээн байгуулалтад оролцуулаад ирвэл ядаж л цалин хөлс, орлоготой болно.

Цаашдын уран бүтээлийг нь сонирхоё?

-Төлөвлөсөн хэд хэдэн зүйл бий. “Фантастик”-ийн залуучуудтай дахин хамтран ажиллах байх. Дараагийн уран бүтээл маш нууц.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Сэтгүүлч Д.Өнөрзул

Эх сурвалж: Соёмбо сонин