Д.Трамп, Ким Чен Ун нар Панмүнжомд уулзаж болзошгүй

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 13

Image result for trump kim jong un

АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай ирэх тавдугаар сард яриа хэлэлцээр хийхээр тохиролцсоны дараа тэд чухам хаана уулзах вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Хоёр Солонгосыг зааглаж буй хил дээр байрлаж буй Панмүнжом буюу “Хамтарсан нууц бүс” нь АНУ-ын Ерөнхийлөгч Д. Трамп болоод БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалтыг хийж болох нэг сонголт байж болох юм гэж ням гарагт Өмнөд Солонгосын албаны хүн хэллээ. БНСУ-ын ерөнхийлөгчийн ордны албаны төлөөлөгч Чонг Ва Дае сэтгүүлчдэд яриа өгөхдөө, “Швейцари, Швед, Жежү арал зэргийн газруудад талууд уулзалт хийх магадлалтай тул ихээхэн анхаарал татаж байна. Гэхдээ бид Панмүнжомыг бас нэг сонголт байж болох юм гэж үзэж байгаа” гэжээ. Учир нь тэнд Солонгосын дайны /1950-1953 оны/ дараа хоёр талын хэд хэдэн уулзалтыг зохион байгуулж байжээ. 

Ирэх сард хоёр Солонгосын удирдагчид Панмүнжомд уулзахаар товлосон юм. Панмүнжом нь Умард болон Өмнөд Солонгосын уулзалтын цэг бөгөөд Өрнө, Дорнын хүйтэн дайны зөрчилдөөний түүхэн талбар гэгддэг. Сөүлээс баруун хойд зүгт 62 км, хойд Солонгосын Пхёнянаас 215 км, Гесоноос 10 км-ийн зайд оршдог.

Одоогоор АНУ болоод БНАСАУ-ын удирдагчдын уулзах газар хараахан тодорхой болоогүй байна. Талууд уулзах газраа товлохдоо аюулгүй байдал, хоёр оронтой хоёулантай нь харилцааны хувьд асуудалгүй байх зэргийн олон хүчин зүйлийг харгалзан үзэх нь тодорхой.