Си Зиньпин: БНАСАУ-ын цөмийн заналхийллийг зогсооход бид хамтран ажиллах ёстой

Дэлхий / Э. Лхагважаргал
2018 оны 03 сарын 13

Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн дарга Чунг Юи-Ёнг тэргүүтэй Өмнөд Солонгосын төлөөлөгчид даваа гарагт БНХАУ-д төрийн айлчлал хийлээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр Өмнөд Солонгосын төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Тэрээр уулзалтын үеэр, “Манай хоёр орон харилцаагаа улам бэхжүүлж, АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамп болоод Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун нарын төлөвлөөд буй уулзалтын зарим чухал асуудлыг зөвөөр шийдвэрлэх ёстой” гэсэн байна.

Мөн тэрээр, төлөөлөгчдөө илгээсэнд нь БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Иньд талархлаа илэрхийлжээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн дарга Чунг Юи-Ёнг Си Зиньпинд, Өмнөд Солонгост айлчлахыг хүссэн ерөнхийлөгч Мүн Жэ Иний урилгыг дамжуулан өгсөн байна.

Өчигдөр өглөө Чунг Юи-Ёнг, Хятад улсын дипломатч Янг Жиечитэй уулзсан байна.

“БНХАУ одоогийн дипломат хүчин чармайлтыг дэмжиж байгаа. Умард Солонгосын цөмийн туршилт, цөмийн заналхийллийг энхийн замаар шийдвэрлэх хэрэгтэй. “Улс төрийн” болон “дипломат” шийдвэрийг дагаж мөрдөхөд дэлхий нийтээрээ хүчин чармайлт гаргах нь чухал байна” гэж БНХАУ-ын дипломатч Янг Жиечи хэлжээ.

Харин Өмнөд Солонгосын Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн дарга Чунг Юи-Ёнг, “БНАСАУ-ын цөмийн заналхийллийг энхийн замаар шийдвэрлэх гэсэн БНХАУ-ын чин хүсэл эрмэлзэл нь ТОМ тусламж болно. Хоёр Солонгосын асуудлыг шийдвэрлэх Солонгос хоорондын яриа хэлэлцээрт БНХАУ-ын дэмжлэг маш чухал” болохыг онцлов.

Тавдугаар сарын сүүлээр БНАСАУ-тай уулзалт хийнэ гэсэн АНУ-ын төлөвлөгөөг дэмжинэ гэдгээ БНХАУ өмнө нь илэрхийлж байсан. Энэ уулзалт нь ирэх 4 дүгээр сард болох Солонгос хоорондын уулзалтаас илүү ач холбогдолтой гэж ажиглагчид үзэж байна.