Судлаачид малын хөлийн татварыг 600-800 төгрөгөөр тогтоох хэрэгтэй гэж үзэж байна

Нийгэм / Т. Сарангуа
2018 оны 03 сарын 14

1990 оноос хойш малын тоо толгой тогтвортой өссөөр байгаа. 2010 онд гэхэд л 32 сая толгой малтай байсан бол 2017 оны байдлаар нийт малын тоо толгой 66 сая болж өсчээ. 

Малын тоо толгой нэмэгдэхийг дагаад бэлчээрийн даац хэтрээд байгаа юм. Тухайлбал, Монгол улсын нийт 360 орчим сумын 73 сум нь бэлчээрийн даац 5-аас их дахин хэтэрсэн, 69 сум нь 3-5 дахин, 70-80 сум нь 2-3 дахин хэтэрсэн байгаа юм. 

Одоогоос 20-иод жилийн өмнө 1998 онд малын хөлийн татвар авч байсан ч, ганцхан жил хэрэгжүүлээд больсон байдаг. УИХ-ын гишүүн Л.Энхболд тэргүүтэй гишүүд малын хөлийн татвартай болох асуудлаар хуулийн төсөл санаачлахаар судалж байгаа талаар оны өмнө мэдэгдэж байсан.

Тэгвэл бэлчээрийн даац хэтэрч байгаа энэ байдлыг зохицуулахын тулд “малын хөлийн татвар” авах ёстойг судлаачид хэлж байгаа юм. 

Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаач Б.Мөнх-Ирээдүй “Бэлчээрийн татварыг тавьснаар ирэх жил хүлээгдэж байгаа орлогыг бууруулаад энэ жилийнх нь орлоготой тэнцүүлнэ гэсэн үг. Энэ жил нядлахад 100 мянган төгрөг, дараа жил 100 мянган төгрөг олж байгаа тохиолдолд малчид малаа энэ жил нядлаад эхэлнэ. Яг адилхан орлого олж байгаа тохиолдолд малчид малаа нядлаад эхлэхээр малын тоо аажмаар буураад ирнэ” гэсэн байр суурь илэрхийлэв. 

2000, 5000 толгой малтай өрхүүд бэлчээрийн дийлэнх хэсгийг эзэмшиж байна. Харин 100-200 орчим малтай өрхүүдэд бэлчээр оногддоггүй. Тэгэхээр их малтай өрхүүдэд жилдээ нэг малаас 600-800 төгрөгийн татвар ногдуулах боломжтой гэж Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид үзэж байгаа юм. Ингэснээр цөөн тоо толгойтой малчин өрхийг хамгаалахаас гадна эргээд энэ татварын орлогоороо бэлчээрээ сэргээх үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж үзэж байна. 

Бэлчээрийн даацын хэтрэлт