Оюутолгой компани "Эрдэнийн говь" шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгарууллаа

Эдийн засаг / Time Admin
2018 оны 03 сарын 20

Image may contain: 5 people

“Оюу толгой” компанийн шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулдаг “Эрдэнийн говь“ ёслол долоо дахь удаагаа амжилттай болж өндөрлөв. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт гуравдугаар сарын 16-ны бэлгэт сайн өдөр болсон энэхүү ёслолд “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экерсли, Орон нутгийн харилцааны Ерөнхий менежер Ш.Байгалмаа, Худалдан авалтын газрын дарга Эван Хилл, компанийн Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Цэрэнхүү, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг дарга Н.Наранбаатар, Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба, “Оюу толгой”-н 1,100 гаруй ханган нийлүүлэгчийн төлөөлөл оролцов. “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх ёслолыг нээж хэлэхдээ “Монгол орны хангай, говь, тал хээрт төлийн дуу цангинасан сайхан хавар болж байна. Ийм цагт Оюу толгойн  уурхайд ажил амьдрал буцалж байна. Тэнд олборлолт, боловсруулалт, экспорт жигдэрч, амжилт бүтээл дүүрэн байгааг дурдахад таатай байна. Оюу толгойн 1,300 метрийн гүнд гүний уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Энэхүү амжилт бол “Оюу толгой”-н хоёр гол тулгуур баганад суурилсан юм. Эхнийх нь манай  хамтран ажиллагч түншүүд, Монгол Улсын Засгийн газар. Нөгөө нь “Оюу толгой”-н 14 мянга гаруй ажиллагч. Тэдэндээ гүн талархал илэрхийлье. “Эрдэнийн говь” бол “Оюу толгой”-н ажиллагчдын, манай түншүүдийн хамтын баяр юм. Бид хамтдаа жил бүр хамтын ажиллагаагаа дүгнэж, алдаа оноогоо дэнсэлж, ирээдүйн зорилгоо тодорхойлдог сайхан уламжлалтай. Энэ ёслол 2016 онд Ханбогдод, өнгөрсөн жил Даланзадгадад болсон. Өнөө жил улсын нийслэл Улаанбаатарт болж байна. “Оюу толгой”-н өнгөрсөн жилийн амжилтын талаар зарим тоо баримт хэлье. “Оюу толгой” 2017 онд  өдөрт 2.7 сая ам.доллар зарцуулж байв. 200 мянган хүн/цаг тутамд 0.27 үзүүлэлттэйгээр “Рио тинто” группийн хэмжээнд тэргүүлж, Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шилдгийн шагнал хүртлээ. Гүний уурхайд найм орчим эквивалент км урт нэвтрэлт, хөндлөн малталт хийв.  Хоёрдугаар босоо амны нэвтрэлтийг дуусгалаа. Гүний уурхайд техникийн засвар үйлчилгээний төвөөс эхлээд цөөнгүй байгууламж барилаа. Энэ мэт ажлыг Монголын үндэсний компаниуд гүйцэтгэж байгаа нь бахархууштай хэрэг. Бид ийм нүсэр бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн зэрэгцээ уул уурхайн чадварлаг компаниудыг төрүүлэхэд ихээхэн анхаарч байна. Манай компанийн худаладн авалтын гол зорилго бол “айлаас эрэхээр адвраа уудал” гэдэг зарчим. 2015 онд бид худалдан авалтаа бараг 100 хувь гаднаас авч байсан бол одоо 50 хувийг Монголоосоо авч байна. Уурхайн үйлдвэрлэлд хамгийн чухал үүрэгтэй ган бөмбөлөг, шохой, цементийг дотоодоосоо авч байна. Өнгөрсөн онд гэхэд 51 мянган тонн цементийг үндэсний ханган нийлүүлэгчдэсс худалдан авлаа. Энэ бол “Оюу толгой” компани үндэсний үйлдвэрлэлийг хэрхэн дэмждэгийн тод жишээ юм” гэв.

Image may contain: 5 people, people standing

“ 2017 он “Оюу толгой”-н хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Олборлолт, боловсруулалт түүхэн дээд амжилт тогтоов. Гүний уурхайн бүтээн байгуулалт маш эрчимтэй өрнөлөө. Манай компани Монгол Улсын эдийн засагт ихээхэн тус нэмэр болж байна. Өнгөрсөн хугацаанд бид Монголд нийт долоон тэрбум ам.долларын хөрөнгө орууллаа. Үндэсний компаниудаас худалдан авалт 2017 онд 335 сая ам.долларт хүрч дээд амжилт тогтоолоо. Өмнөговийн худалдан авалт 90 гаруй сая ам.доллар болов. “Оюу толгой”-н 1,100-гаад ханган нийлүүлэгчийн 150 нь Өмнөговь аймгийнх. Зургаан сая ам.доллартай тэнцэх хэмжээний өртөгтэй төсөл, хөтөлбөрийг тус аймагт хэрэгжүүлэв. 2017 онд 180 сая ам.долларын татвар хураамжийг Монгол Улсад төллөө. “Оюу толгой”-н амжилт бол та бүхний, та бүхний амжилт биднийх билээ. Та бүхнэтэйгээ олон арван жил үр дүнтэй хамтран ажиллана гэж итгэж байна” хэмээн “Оюу толгой” компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Тим Экерсли өгүүлсэн юм.

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир “Өмнөговь бол уул уурхай хөгжсөн цөөн аймгийн нэг. Манай аймагт ашигт малтмалын 800 гаруй орд бий. Хамгийн том нь Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайт гурвыг одоо ашиглаж байна. “Оюу толгой” компани Монгол Улс, орон нутгийн эдийн засагт маш чухал үүрэг гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулж байгаа. Өмнөговь аймгийн 2017 оны төсвийн орлогын 63.5 хувийг зөвхөн “Оюу толгой” бүрдүүлж байна. “Оюу толгой” компани, Өмнөговь аймаг 2015 оны дөрөвдүгээр сард Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. “Оюу толгой” компанийн ханган нийлүүлэлтийн 25 хувь буюу 93 сая ам.долларыг манай аймгийн ханган нийлүүлэгчид нийлүүлжээ. “Оюу толгой” энэ онд Өмнөговьд 103 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. бид 2018 оныг бүтээн байгуулалтын, эрүүл мэндийн жил болгох зорилт тавин ажиллаж байна. үүнд манай аймагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд ихээхэн хувь нэмэр оруулна. Бид хамтын ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй болгохыг зорьж байна” гэлээ.

Image may contain: 5 people, people smiling, people standing

 Говь гурван сайхан, Баян заг, Нэмэгт,  Хэрмэн цав, Ноён богд, Толь хад, Хонгорын элс, Улаан цав, Сангийн далайн хийд, Галбын говь, Ханбогд хайрхан, Дэмчогийн хийд. Энэ бол тэнгэр шүргэм бараатай тэмээн сүргийн говь Өмнөговьчуудын бахархал. Энэ л өмнийн цэнхэр говьд  монголчууд төдийгүй дэлхий дахинд гайхан шагших баялгийн үүд нээгдсэн нь Оюу толгойн орд билээ.  Өнөөдөр “Оюу толгой” компани  алтан говийн аугаа их бүтээн байгуулалтад ажил үйлс, амжилт бүтээлээрээ хувь нэмрээ оруулж буй шилдэг ханган нийлүүлэгчдийг тодруулахаар Улаанбаатар хотынхоо хойморт  Дуурь, бүжгийн эрдмийн театрт хуран чуулж буй нь энэ юм.

“Оюу толгой”-н хувьд 2017 он амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. “Оюу толгой”-н Үйл ажиллагааны баг “Рио тинто” группийн олон улсад үйл ажиллагаа явуулж буй 60 гаруй уурхай болон үйл ажиллагааны нэгжүүдээс аюулгүй ажиллагаагаараа шилдгээр шалгарч,  тус группийн Гүйцэтгэх захирлын нэрэмжит аюулгүй ажиллагааны шагналын 2017 оны ялагчаар тодорсон юм. Энэ бүхэн бол аюулгүй ажиллагааг дээдэлдэг “Оюу толгой”-н ажилтан бүрийн, уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа ханган нийлүүлэгчдийн шургуу хөдөлмөрийн үр дүн билээ. “Оюу толгой” компани  аюулгүй ажиллагааг эрхэмлэн бизнесийн ёс зүйг дээдлэн орон нутгаас хийх нийлүүлэлтийг дэмжин нийлүүлэлтийн гүйцэтгэлийг өндөр түвшинд хүргэж ажиллахыг зорьж, бидэнтэй нэг зорилго бүхий нийлүүлэгч болон гэрээт компаниудтай хамтран ажилладаг билээ.“Эрдэнийн говь” хэмээх эрхэм нэрийн дор Оюу толгойн уурхайн  бүтээн байгуулалтад тухайн жилдээ хамгийн хариуцлагатай ажиллаж,  ихийг бүтээсэн ханган нийлүүлэгчдийн тодруулж  алдаршуулдаг уламжлалтай. Үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч, их говийн иргэдэд урам зориг өгдөг  “Эрдэнийн говь” ёслол нь ханган нийлүүлэгчдийн чих тавин хүсэн хүлээдэг үнэ цэн, нэр хүндтэй үйл ажиллагаа болж чадсан юм. Өмнөговь бол уул уурхай түшиглэн хөгжиж буй өөрийгөө санхүүжүүлдэг онцлогтой аймаг. Өнөөдөр Оюу толгойн бүтээн байгуулалтыг дагасан их хөгжил, хөдөлгөөн нутгийн нийгмийн салбар бүрт, цаашлаад өрх айл бүрт үр өгөөжөө өгч байна. “Оюу толгой” компани 2017 оны эцсийн байдлаар   Өмнөговийн 105 ханган нийлүүлэгчтэй хамтран ажиллаж, тэднээс 93 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ худалдан авчээ.

“Эрдэнийн говь” ёслол  уламжлал ёсоор :

  • Шилдэг хүргэлтийн гүйцэтгэлтэй ханган нийлүүлэгч,
  • Өмнөговь аймгийн шилдэг ханган нийлүүлэгч
  • Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч
  • Аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгч
  • Гүний уурхайн шилдэг гэрээт гүйцэтгэгч
  • Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчийг тодруулав.

Image may contain: 5 people, people smiling, people standing and suit

Ш.Байгалмаа, “Рио тинто”-гийн хангамжийн Ерөнхий менежер Дерек Хансен, Оюу толгойн гүний уурхайн Ерөнхий менежер Грег Филдс,  “Оюу толгой” компанийн Санхүү хариуцсан захирал  Пол Муллинс,  ЭМААБО-ы менежер Патрик МкАтакни, Гүний уурхайн ЭМААБО-ы менежер Алекс Жонс нар шилдгүүдэд шагнал гардуулж баяр хүргэв. Шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан “Ораметалл” компанийн Ерөнхий захирал С.Бат-Эрдэнэ “Оюу толгой”-н шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан нь манай хамт олны хувьд нэр төр, өндөр хариуцлага гэж ойлгож байна. Хоёрхон жилийн өмнө “Оюу толгой”-гоос ханган нийлүүлэлтийн захиалга авч, зээл авч, үйл ажиллагаагаа эхэлж байж билээ. Манай төсөл “Оюу толгой”-н нэр төрөөр бүтсэн юм шүү. “Оюу толгой”-н удирдлага, хамт олонд их баярлалаа. Монголчууд дэлхийн стандартыг хангасан бүтээгдэхүүнийг  Монголдоо үйлдвэрлэж чадаж байгаагаар үнэхээр их бахархаж байна” гэж ярилаа.

Үлэг гүрвэлийн мөрийг хадгалсан өмнийн цэнхэр говь үлгэрийн гайхамшигт нутаг билээ. Энэ л сайхан нутагт буурал дээдсийн минь үр хойчдоо өвлүүлэн үлдээсэн Оюу толгой хэмээх алт зэсийн баялаг орд оршино. Энэ өгөөжит баялаг ордыг их орныхоо хөгжил дэвшил, иргэд зоныхоо баталгаат ирээдүй болгох өрнүүн үйлсэд хувь нэмрээ оруулж, хамтдаа хөгжин дэвшиж буй мянга гаруй ханган нийлүүлэгчээсээ долоо дахь жилдээ шилдүүдийг  ийнхүү алдаршууллаа.  Дараа жил илүү их амжилт, бүтээн байгуулалтаар мөрөөн тамгалж дахинуулзацгаая. “Оюу толгой” компанийн 2017 оны шилдэг ханган нийлүүлэгчдийн танилццуулъя.

Image may contain: 5 people, people smiling, people standing

“ОРАМЕТАЛЛ” ХХК

15 мм-ийн өндөр хромт тээрмийн бөөрөнцөг нийлүүлэгч. Металлын шинжилгээний лаборатори болон автомат горимтой илч боловсруулах цехийг байгуулсан.  Хэвний элсийг дахин ашиглах төхөөрөмжийг нэвтрүүлснээр үйлдвэрийн хаягдлыг 90 хувиар багасгасан. Улс, орон нутгийн төсөвт 2017 онд 1.2 тэрбум төгрөгийг татвар, нийгмийн даатгалд төлсөн. ШУТИС-ийн МТС-ийн цутгуурын лабораторийг шинэчлэн сайжруулсан амжилтаар шилдгийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарав. 

“ХАНБОГД ТЭЭВЭР ЛОЖИСТИК” ХХК

Экспортын тээвэр (баяжмалын тээвэрлэлт)-ийн үйлчилгээ үзүүлэгч. ЭМАА-ны удирдлагын тогтолцоог бий болгосон. Аюулгүй ажиллагаа хариуцсан тусгай багтай. 12 жолоочийг сургалтын байгууллагатай гэрээ байгуулах замаар хүнд даацын тээврийн хэрэгслийн жолооч болгон байнгын тогтвортой ажлын байртай болгосон.  Сумын сургуультай хамтран ажилладаг. Ханбогд сумын бөхийн дэвжээнд нэг сая төгрөг хандивласан амжилтаар Өмнөговийн шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарав.

“МЕХЛОПАТ” ХХК   

Тос, трос, гүний уурхайн бэхэлгээний бүтээгдэхүүн нийлүүлэгч. 2017 онд “Ложистикийн процессыг сайжруулах” төсөл хэрэгжүүлсний үр дүнд  нийлүүлэлтийн гүйцэтгэл сайжирсан.  Ханбогд суманд 2017 онд 1000 ам метр талбайтай агуулахыг ашиглалтад оруулснаар бүтээгдэхүүний нөөц бүрдүүлж, нийлүүлэлтийн хугацааг 30-45 хоног байсныг 24-48 цаг болгон богиносгосон. Жил бүр орон нутгаас хоёр оюутан шалгаруулж, тэтгэлэг олгодог амжилтаар үндэсний шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарлаа.

“ЭНЭРЖИ ИНТЕРНЭШНЛ” ХХК

Уурхайн цахилгаан болон усны байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. IS O-9001:2010 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сүүлийн гурван жил дараалан Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зардал гаргаагүй аж ахуйн нэгжээр шалгарсан. Орон нутгийн нийлүүлэгчидтэй хамтран ажиллаж,  2017 онд эдгээр компаниудаас  52.6 сая төгрөгийн ажил, үйлчилгээ худалдан авсан байна. 

“ГАЛБА ӨРТӨӨ” ХХК

Офисын кофе, цай нийлүүлдэг. Нийлүүлэлтийн гүйцэтгэл 94 хувь. Агуулахаа  өргөтгөн бараа материалын нөөцийн хэмжээг нэмэгдүүлж, тээврийн зардлыг бууруулсан.  Бараа бүтээгдэхүүний сав баглаа боодол, хадгалах хугацаанд анхаарч, бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь хүргэдэг. Орон нутагт зохиосон төрөл бүрийн арга хэмжээг санхүүжүүлдэг. Орон нутаг болон байгууллагынхаа ойр орчимд мод тарьсан амжилтаар хүргэлтийн гүйцэтгэлтэй шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарсан юм.

“ДАЯН КОНТРАКТ МАЙНИНГ” ХХК 

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт, нэвтрэлтийн ажлыг хариуцан гүйцэтгэдэг. Гүний уурхайн хэвтээ малталтын баг 219, хоёрдугаар босоо амны нэвтрэлтийн баг 617, тавдугаар босоо амны нэвтрэлтийн баг 627 хоног осол зөрчилгүй ажилласан.  53 ажилтан бүхий ЭМААБО-ы багтай. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд хэд хэдэн төсөлд санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Тухайлбал, хүүхдийн театр барьж байгуулах болон асрамжийн газарт мөнгөн тусламж үзүүлсэн амжилтаар аюулгүй ажиллагааг эрхэмлэгч шилдэг ханган нийлүүлэгчээр шалгарав.   

Image may contain: 3 people, text

Image may contain: one or more people and indoor