Чансаанд багтаагүй тамирчин түрүүлсэн гурав дахь тохиолдол бүртгэгдлээ

Спорт / Ч. Энхбат
2018 оны 03 сарын 19

Image result for Наоми Осака

Мэргэжлийн талбайн теннисний ээлжит томоохон тэмцээн “Индиан Уэллс Мастерс” өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Калифорнд амжилттай зохион байгуулагдлаа. Эмэгтэйчүүдийн ангилалд энэ удаад 20 настай Наоми Осака түрүүлж WTA-ийн анхны цомоо өргөсөн байна. 

Дэлхийн чансааны 44-р байранд бичигдэж байсан Наоми Осака-гийн финалын шатны өрсөлдөгч нь Дариа Касаткина байлаа. Касаткина-гийн хувьд энэ шатанд гарч ирэх гэж АНУ-ын нээлттэй тэмцээний аварга Слон Стефенс, дэлхийн чансааны 2-р байранд бичигддэг Каролине Возниацки, Анжелик Кербер болон Венус Уилльямс зэрэг шилдгүүдийг буулган авсан. Гэсэн ч Япон бүсгүйн эсрэг эхний сет-д тун тааруухан тоглож ердөө 3 гейм авахад Наоми Осака өрсөлдөгчөө илт илүүрхжээ. 2 дахь сет ч мөн энэ зэрэгтэй өндөрлөж нийлбэр 6:3, 6:2-ын харьцаатай Наоми Осака ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр карьерийн анхны мастерсийн цомоо өргөөд зогсохгүй дэлхийн чансааны 44-р байраас 22 хүртэл дэвшлээ. Мөн тэрбээр 1 сая 340 860 америк долларын шагналыг халааслаж байгаа юм. Өмнө нь тэмцээний чансаанд багтаагүй тамирчин түрүүлж байсан тохиолдол 2 удаа гарахад 2005 онд Ким Клейтерс, 2008 онд Ана Иванович нар энэ амжилтыг үзүүлж байсан юм. Хэдий шигшээд шалгарч ялагдал хүлээсэнч Касаткина дэлхийн чансаанд 8 байр ахиж 11-т бичигдэх боллоо.