Л.Дашжаргал: Монгол хүн сансарт нисэхэд Москвад жижүүртэй хонож байлаа

Image may contain: 2 people

Редакциар маань үргэлж зочилж, үнэтэй зөвлөмж, үг сургаалиа хайрладаг ахмадууд олон бий. Тэдний нэг нь бэлтгэл хурандаа Л.Дашжаргал гуай. Түүнтэй “Монгол цэргийн өдөр”, гуравдугаар сарын 22 буюу монгол хүн сансарт ниссэн өдрийг угтан ярилцсан юм. Ийн хөөрөлдсөн нь ч учиртай.

Та аль нутгийн уугуул вэ? Цэргийн амьдралтай хэрхэн холбогдов?

-Завхан аймгийн Идэр сумын харьяат. 1964 онд 10 дугаар анги төгсөөд Багшийн дээд сургуулийн Үйлдвэр сурганы ангид элсэн суралцаж байгаад 10 дугаар сард цэргийн албанд татагдсан. Тэгээд л энэ салбарт тэр чигтээ урвачихсан хүн дээ. Зенит пуужин, радиотехникийн буюу Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн ангиуд анх байгуулагдаж байсан тэр үед жилд ганц удаа буюу хавар цэрэг татлага явагддаг байсан. Харин дээрх ангиуд байгуулагдаж эхэлсэн учраас намар нь их дээд сургууль, техникумын нэг, хоёрдугаар курсын оюутнуудыг цэрэгт татсан нь тэр. Би чинь Монгол Улсын Зэвсэгт хүчний анхны агаарын цэргүүдийн нэг шүү. Бид 10-аад хоног л крантинд гарч алхаа гишгээ заалгаж, бараг шууд л зэвсэг техниктэй танилцан, оросын мэргэжилтнүүдээр хичээл заалгаж эхэлсэн. Анхны хоёр анги Хужирбуланд байгуулагдсан, нэг клуб, нэг гал тогоотой байлаа шүү дээ /028 дугаар ангид/. Орос мэргэжилтнүүд хичээл заана. Офицер, цэргүүд мэргэжлийн хичээлд цуг сууна. Радио техникийн батарейны тасгийн дарга, түрүүч миний мэргэжилтэн В.Попов гэж орос түрүүч байсан юм. Киевт сурч байхад хүртэл Поповтайгаа холбоотой байлаа. Ирж очдог гэр бүлийн найзууд. Сүүлд 1983 онд Москвад уулзаад 1994 оноос холбоо тасарсан. Одоо хаана явдаг юм бол доо. Сургалт дуусаад биднээс цөөнгүй хүнийг офицер болгож байлаа. Надад ч бас ийм сонголт тулсан, үргэлжлүүлж сургуульдаа сурч багш болно л гэж хэлсэн. 1965 оны хавар ангийн дарга Ч.Пүрэвдорж “Чи сургуульд явах уу?” гэдэг юм байна. Хаашаа гэтэл ЗХУ руу гэв. Би ч уухайн тас зөвшөөрсөн. Тэгээд С.Сэрээдорж гэдэг ахлах байлдагчтай хамт шалгалт өгөөд тэнцэж крантинд гарч наймдугаар сард Киев хотын Агаарын довтолгооноос хамгаалах дээд сургуульд суралцахаар зорьсон доо.

Шууд сургуульд явуулж байхыг бодоход сурлага хүмүүжлээр онц байлдагч байжээ дээ?

Гайгүй дээ орно шүү. 1965 онд шалгалтаар Армийн онц сурлагатан болоод Армийн онц сурлагатны зөвлөгөөнд оролцож байлаа. 1965 оны хавар ЗХУ-ын сансрын нисэгч Терешкова ирж Офицеруудын ордонд уулзалт хийсэн юм. Тэргүүлэгчдийн байранд хоёр байлдагч суулгасны нэг нь би. Тэгж анх сансрын нисэгчтэй гар барьж байв. Их л гоё санагдаж билээ. Сүүлд өөрийн улсын сансрын нисэгчдийг сонгож шалгаруулах ажилд томилогдоод үүрэг гүйцэтгэж явахдаа энэ бэлгэшээлт уулзалтыг дурсан санадаг байв.

Төгсөж ирээд ...

1969 онд төгссөн. Наймуулаа очсон наймуулаа төгсөж ирсэн. Наймдугаар сард АДХЦ буюу БХЯ-ны 14 дүгээр хэлтэст байлдааны бэлтгэл эрхэлсэн ахлах офицероор томилогдож байлаа. Хувцсаа бүрэн авч чадалгүй сайдын шалгалтаар 065 дугаар ангид очсон. 1970 оны хоёрдугаар сард Дарханы 134 дүгээр дивизион байгуулагдахад штабын даргаар томилогдсон, ахлах дэслэгч цолтой, 25 настай. Надаас гурав ах цэрэгтэй л байлаа шүү дээ. Цэргүүдтэйгээ ихэнх цагийг өнгөрөөнө, маш дотно харилцаатай байлаа. Танай сонинд хүртэл “Цэрэг даргын нандин холбоо” гэж нийтлэл бичиж байв. 1976 оны наймдугаар сар хүртэл ажилласан. Хожим нь цэргүүдийнхээ урилгаар гэр орон, нутаг усаар нь зочилдог. Тэд маань ч даргаа гээд хүрээд ирнэ. Ер нь цэрэгтэй ажилласан тэр хугацаа хамгийн сайхан нь байж дээ гэж бодогддог юм. 1976 онд БХЯ-ны Боловсон хүчний хэлтсийн орлогч даргаар томилогдож 1981 оны нэгдүгээр сар хүртэл ажилласан. Зэвсэгт хүчинд 30 гаруй жил алба хаасны 15 жил нь АДХЦ-т, үлдсэн хугацааг нь боловсон хүчний хэлтэст ажилласан байдаг юм. Боловсон хүчний хэлтэст байхдаа Намын дээд сургуульд орохоор шалгалт өгч тэнцээд Төв Хорооны комиссоор батлагдчихсан. Тэгээд БХЯ-ны Улс төрийн газрын товчооны хурлаар орсон чинь Авхиа гуай “Дашжаргалыг явуулахгүй. Боловсон хүчний мэргэжилтэн цөөхөн, гайгүй туршлагажиж байгаа хүнээ явуулахгүй” гээд тэгээд өнгөрсөн дөө.
1981 оноос БХЯ-ны Одесс хот дахь төлөөлөгчөөр томилогдсон.

Сонсож байгаагүй албан тушаал байх чинь ...

Хошигнож хэлэхэд ганцхан надаар эхлээд надаар дууссан алба. Одесс хотын цэргийн хоёр сургуульд монголоос 200 гаруй сонсогч суралцаж байсан учраас ийм албан тушаал бий болгож намайг томилсон. Тэнд гурван жил ажиллаад уг алба маань Киевийн Консулын газарт шилжсэн юм. Тэр үеийн сурагч, сонсогчдоос генерал хурандаа нар олон төрсөн. Жишээлбэл, хошууч генерал А.Ганбат сургуулийнхаа эвлэлийн үүрийн дарга байсан, хошууч генерал Р.Сүхбат, бригадын генерал О.Энхбаяр, бригадын генерал Х.Даваацэрэн зэрэг.

Одессоос ирээд ...

1984 оны наймдугаар сард иртэл БХЯ-ны сайд Ж.Ёндон гуай туслахаараа авна гээд. 1984 онд хамтарсан хээрийн сургуулийн үеэр Ёндон сайд зүрхний шигдээс болоод госпитальд хэвтчихсэн. Эмнэлгээс хэвтрийн дэглэмтэй гарч ирэхэд нь өрөөнд нь тосч авч туслах нь болж байлаа. Өдрийн зургаан цаг ажиллах, аль болох уулзалт хийлгэхгүй байх эмнэлгийн дэглэмтэй. Би ч сайн “манаач” хийсэн. Жаахан илүү суугаад ажилчихъя гэж гуйх аргадах хослуулна аа хөөрхий. Би ч яс үзнэ. Шууд л гэрт нь хүргэж өгдөг байсан. Сайхан хүн байсан юм. Дурсамж сөхөхөд 1976 онд штабын дарга нарын цугларалт болсон юм. Тэр үед Ёндон гуай Жанжин штабын оперативын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд цугларалтыг удирдаж явуулсан юм. Тэр хурал дээр Б.Дорж сайд орж ирээд Ж.Ёндон гуайг Жанжин штабын даргаар томилж хошууч генерал цол олгосныг мэдэгдэж билээ. 1978 онд Боловсон хүчний газарт ирэхэд Ж.Авхиа генерал сайд болчихсон байсан. Намайг их дуудна. Томилогдох, эсвэл цол олгох гэж буй хүмүүсийн тухай асууна. Нэг удаа Т.Алтангэрэл, Я.Дамдинжав, Р.Гүнчин-Иш, Т.Баатар нарт генерал цол олгомоор байна. Би Ю.Цэдэнбал даргатай ярьчихаад ирлээ. Материалыг нь яаралтай бүрдүүл гэсэн. Тухайн үед маш их материал бүрдүүлдэг байв. Тухайлбал, ажил байдлын тодорхойлолт, гурван үеийн намтар, ажлын үр дүнгийн үзүүлэлт гээд л. За тэгээд сайдын зөвлөл, Улс төрийн газрын хурал, Төв Хорооны захиргааны хэлтсээр дамждаг байсан юм. Гэхдээ энэ дөрвөн хурандаагийн генерал цолыг Ж.Авхиа генерал бараг л шууд авч өгсөн юм даг.

Бас нэг удаа “Сургалт эрхэлсэн дэд сайдтай болмоор байна. Чамд санал болгох хүн байна уу” гэхээр нь би Ёндон генералыг санал болгосон. Тухайн үед Ёндон генерал онгоц унагасан хэргээр тушаал буурч ЦЕС-д очоод байсан үе л дээ. Авхиа сайд “Хэр нүгэлтэй хүн билээ” л гэж байна. Ер нь л хүмүүсийн тухай ингэж асуудаг. Би ч болсон явдлыг үнэнээр нь хэлсэн. Тэгээд үүрэг авч тодорхойлолтыг нь бичиж билээ. Ер нь Боловсон хүчний газар ажиллаж байхад миний сонгож томилуулсан хүн үүргээ сайн биелүүлж явах, бичсэн тодорхойлолтын дагуу тэр хүн одон медаль, алдар цол хүртэхэд өөрөө шагнуулсан юм шиг л баярлана шүү дээ.

Улирагч нарын асуудлыг хариуцдаг гэж та цухасхан дурдсан. Ахлагчийг хэлээд байна уу?

1985 оны 10 дугаар сараас улирагч нарын боловсон хүчний хэлтсийн даргаар томилогдож ажилласан. Таван жил ажиллах хугацаандаа чамгүй ажил хийсэн. Тэр үед улирагчид гэж нэрлэдэг байсан юм. Улирсан байлдагч,ахлах байлдагч, түрүүч гээд ахлагчийг хүртэл хариуцна. Тухайн үед ахлагч нар ёслолын хувцасгүй, цэрэг цэмбэн шинельтэй, өдөр тутмын хувцасны хугацаа нь офицеруудаас зургаан сараар илүү. Цэргийн дүрэмд ахлагч гэдэг үг байхгүй. Ахлагчийн алба хаах дүрэм журам байхгүй. Ийм л замбараагүй байсан. 1985 оны намар БХЯ, Сангийн яам, Аюулаас хамгаалах яамны гурван сайдын тушаал төлөвлөөд “Улирагсдын цолыг журамлах тухай” тушаал гаргуулсан юм. Улирсан байлдагч гэхэд л ахлагч мөрдэс зүүчихсэн явдаг. Энэ бүхнийг цэгцлэх гэж багагүй зүтгэж ажилласан. “Ахлагчийн алба хаах дүрэм”-ийг батлуулж, цол, хувцас гээд олон асуудал шийдсэн. Ёндон сайдад хэлж, гуйх хослуулсны дүнд 1986 оны баярын ёслолын жагсаалд анх удаа ахлагч нарын хоёр хайрцаг жагсаж байж билээ. Дэд ахлагч, ахлагч, ахлах ахлагч гэсэн цолтой болгосон. Сургалтын систем гэж байхгүй. Тэгээд механикч-жолооч, радиотехникч-жолооч зэргээр давхар мэргэжил эзэмшүүлж, Ахлагчийн дамжаа хичээллүүлж эхэлсэн юм. Ахлагч нарын төлөө чамгүй зүйл хийсэн гэж боддог. Ахлагч гэх үү, зайсан гэх үү гээд олон санал гарч байсан. Дэслэгч генерал Ц.Дашзэвэг Ар талын газрын штабын дарга байсан. Маш их хувь нэмэр оруулсан хүн дээ. Ахлагчийн албаны тухай яривал маш их зүйл бий.

Сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахад таныг голлох үүрэг гүйцэтгэсэн гэдэг юм билээ...

Миний ажил үүрэгтэй холбоотой юм л даа. 1978 онд сайд дуудаад “Сансрын нисэгчийг бэлтгэх комисс Төв Хороонд байгуулагдсан. БХЯ-наас ЗХЖШ-ын Оперативын газрын дарга, хурандаа Ш.Жадамбаа комисст ажиллаж байгаа. Хүн олж, шалгаруулах ажлыг чи хариуц” гэж үүрэг өгсөн. Тэгээд л 137, 109 дүгээр анги, иргэний агаарын тээврийн байгууллагаар явж хүн хайсан даа. Явах сонирхолтой хүмүүсийг бүртгэж эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Эхлээд госпитальд дараа нь I эмнэлэгт үзлэгт оруулаад тэнцсэнийг нь II эмнэлэгт хэвтүүлж шинжилгээнд хамруулсан юм даг. Эхний ээлжинд 10-аад хүн багтсанаас С.Шаравсамбуу, П.Эрхэмбаяр, Д.Сүрэнхорлоо, Б.Лхагвасүрэн гэсэн дөрвөн нисгэгчийг шалгаруулж, материалыг нь Төв Хорооны комисст хүргүүлсэн. Тэндээс ЗХУ руу явуултал заавал нисгэгч байх шаардлагагүй, хамгийн гол нь дээд боловсролтой байх ёстой гэсэн шаардлага тавьсан юм. Энэ дөрвөөс Д.Сүрэнхорлоо л Киевт Нисэхийн дээд сургууль төгссөн учраас тэнцсэн. Ингээд дахиад л хайж эхэлсэн. Газар газраас л хүмүүс цуглууллаа. 137 дугаар ангиас Ж.Гүррагчаа, Самбуу хоёрыг авсан. Нэг өдөр Ш.Жадамба хурандаа “П.Очирбат сайд (УУЭХЯ) хоёр хүн олсон гэнэ. Хоёулаа очъё” гэлээ. Тэр хоёрын нэг нь М.Ганзориг. За тэр хоёрыг бүртгэж аваад л бүгдийг нь үзлэгт оруулав аа. Бас л 10 гаруй хүн. Ш.Паламдорж доктор хүртэл байсан. Оросоос комисс ирж шалгаад М.Ганзориг, Ж.Гүррагчаа, С.Сайнцог гурав тэнцэж, Д.Сүрэнхорлоо нэмэгдсэн. Тэгээд энэ дөрөв маань хойшоо явсан түүхтэй. За, тэнд очоод Сайнцогийг чи шарласан байна гэхэд нь манай хүн ч “Үгүй” гэж. Тэгсэн чинь тэгвэл чи удахгүй шарлах юм байна гэж л дээ. Нээрээ л ирээд шарлачихсан. Сүрэнхорлоо жингүйдлийн эхний шалгалтад унасан учраас хасагдсан юм. М.Ганзоригийн жинхэнэ нэр нь Ганхуяг, тэгээд хуягийг нь өөрчлөх нь зүйтэй гэж дарга нар үзсэн учраас бичиг баримтыг нь бүрдүүлэн хөөцөлдөж Ганзориг болгуулсан бяцхан түүх бий.

Ж.Гүррагчаа, М.Ганзориг хоёрыг Орос руу явтал нь гэр бүлийн хамт Баянгол зочид буудалд тусгай хамгаалалттай байрлуулсан. Тэндээсээ Их тэнгэрийн аманд шилжүүлэн гэрт байрлуулсан юм даг. Тэгээд л хойшоо явсан даа. Би 1981 оны нэгдүгээр сард Одесст томилогдож очсон боловч гурван сар гаруй Москвад Элчин сайдын яаманд байрлаж, тэнд ажилласан юм. Ж.Гүррагчааг сансарт нисэх өдөр нь би Элчин сайдын яаманд хариуцлагатай жижүүрт гарч таарсан. Телевиз хараад, радио сонсоод л сууж байлаа. Хувь тавилан гэж бэлгэшээж явдаг даа.

Image may contain: 1 person

Гавьяаныхаа амралтад гарсныхаа дараа ч та гар хумхин зүгээр суугаагүйг сүүлийн хэдэн жил мэдэх юм. Гэр бүлийн хүн тань бас цэргийнх байх аа?

Тийм ээ. Миний хань Д.Энхтуяа хошууч цолтой гавьяаныхаа амралтад гарсан. Орос хэлний багш мэргэжилтэй. Бид 10 жилийн нэг ангийнх. Дарханд намайг дагаж очоод багшилж байсан. Намайг шилжиж ирэхэд дагаж ирээд ll газар орчуулагчаар ажилд орсон юм. Мөрдэс зүүсэн он жилүүддээ цэргийн гэр бүлийн жаргал зовлонг бусдын л адил амсаж ажиллаж амьдарсан Бид хоёр таван хүүхэдтэй. Хувь хувьдаа ажил хөдөлмөр эрхэлдэг. Харин ач хүү минь “Тэмүүжин-Өрлөг” сургуулийг төгсөөд Туркт цэргийн сургуульд сурч байгаа. Өвөөгийнхөө ажил мэргэжлийг залгамжлах байх гэж итгэж залбирч сууна. Хааяа ирэхдээ надад ёсолж өвгөн намайг баярлуулна аа. Тэтгэвэртээ гараад БХЯ-ны “Андууд”, хамтлагийг байгуулж, хөдөө орон нутгаар тоглолт хийн, Цайз захын анхны дарга, Хөдөө аж ахуйн биржид брокероор ажилласан гээд чиний хэлдгээр зүгээр суугаагүй ээ. Ер нь бидний үеийнхэн хөдөлмөрөөр хүмүүжиж, хөдөлмөрийн үнэ цэнийг илүүтэй ухаарсан болохоор цаанаасаа зүгээр сууж чаддаггүй юм шиг байгаа юм. Үүнээс гадна Завхан аймгийн Идэр сумын нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, БХЯ-ны Боловсон хүчний газрын ахмадын зөвлөлийн дарга зэрэг сонгуульт ажлыг олон жил хийсэн.

Бидний яриа ингэсгээд өндөрлөлөө. Дашжаргал гуай сониныхоо шинэ дугаарыг авахаар ирэхдээ шинэ санаа зөвлөгөө өгнө, хууч дэлгэнэ. Сонины маань идэвхтэнүүдийн нэг. Үгийн сүлжээ зохиож нийтлүүлнэ. Нуман хуур, хулсан хуураар тоглоно. Бас хөгжмийн зэмсгээ өөрөө урлана. Ясаар сийлбэр хийнэ. Тоочоод байвал мундахгүй авьяас бий.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, хошууч Х.Ганзул