Наурызын баяр – Шинэ бүхний эхлэл

Ярилцлага / Time Admin
2018 оны 03 сарын 22

~ ҚОШ КЕЛДІҢ, ӘЗ - НАУРЫЗ! ~

Домборын аялгуу, шинэхэн боорцогны үнэр. Гэр дүүрэн казах хээгээр урлаж шагаласан дэр, ширдэг. С.Ырысханы гэр бүл бол үндэсний ёс заншил, уламжлалаа дээдэлдэг жирийн нэгэн казах айл. Тэрбээр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын уугуул бөгөөд Монгол Улсын барилгын салбарт 30, тээврийн салбарт таван жил ажиллаж, гавьяаныхаа амралтанд гарсан механик инженер мэргэжилтэй хөдөлмөрч казах түмний төлөөлөл юм. 

Наурыз жилийн эхэн. Эртний перс хэлнээс орчуулахад шинэ өдөр гэсэн утгыг илэрхийлдэг. 2009 онд ЮНЕСКО-гоос энэхүү баярыг дэлхийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэсэн байдаг.  Өдөр шөнө тэнцдэг уг баярын гарал үүслийн талаар маш олон домог бий. Зарим хүмүүс эртний персийн хааны аялалтай холбон тайлбарладаг байна. Персийн хаан Жамшид нутаг орноороо аялаж явах үеэр замдаа Азербайжан хэмээх нутагтай таарч өөрийнхөө цэргүүддээ нар мандах зүг том уул босгохыг зарлиг болгоно. Нарны туяа хааны суудалд ойгоод эргэн тойрноо гэрэлтүүлж туяа цацруулсан гэдэг. Энэ цагаас хойш персийн ард түмэн уг өдрийг шинэ жилийн баяр болгож тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Гэсэн хэдий ч Нарны баярыг хэдийд хаана үүссэн тухай түүхчид хүртэл яг онож хэлж чаддаггүй байна.     

Казах түмэн Монгол нутагт суурьшсан цагаасаа эхлээд Наурызын баярыг тэмдэглэж ирсэн. Гэхдээ цаг хугацааны эрхээр түүхийн нугалаа завхрал бас байсан. 1960-аад онд улс төрийн авторитар тоталитар дэглэмийн үед үндэсний баяр Цагаан сарыг хорьсонтой адил Наурызын баярыг бага зэрэг хорьсон учраас казахын ард түмэн өнөө цагтай адилхан өргөн дэлгэр, нүсэр тэмдэглэж чадахгүй байсан он жилүүд бий. Тэгвэл 1990 оны Ардчиллын уур амьсгалаар үндэсний үзэл, ёс заншил дахин сэргэснээр казах түмэн Наурызын баяраа өргөн дэлгэр тэмдэглэх болж, төр засгийн зүгээс анхаарал хандуулан өндөр ач холбогдол өгөх болжээ. Мартагдсан дуу хуур, хөгжмийн зэмсэг тэр бүгд эргэн сэргэн эхэлсэн байна. 

С.Ырысхан: Азай буурлууд маань заавал 40 айлаар орж идээ будаа амсаарай гэж хэлж захьдагсан

-Өдөр шөнө тэнцсэн, хаврын урь орсон ийм сайхан өдрийг манай казахын ард түмэн билэгшээж, идээ будаагаа засаж, ах дүү хамаатан садантайгаа хавартай урин золгосны баяр болгож тэмдэглэдэг заншилтай. Наурызын баяраар аксакал буурлууддаа зочилж, айл хотлоороо, сум багаараа Наурыз көжеге идэж, залуучууд нь дуу хуураа өргөж, настан буурлуудаа хүндэлдэг сайхан баяр. Энэ баяраар хамгийн настай аксакал хүн ерөөл айлтгаж, хамгийн хүндэтгэлийн идээнээс хүүхдүүд, залуучууд, ирсэн зочиддоо хувь хүртээдэг өдөр. Наурызын баяраар ах дүү нар тэр жилийн сайхныг билэгшээгээд хоорондоо хэрүүл уруулаас аль болох хол байж, нэг нэгэндээ гомдсон бол тэр гомдлоо тайлж эв найрамдал тогтоодог ёс жудагтай байдаг юм. Идээ будааны хувьд нэг хүн барагцаагаар 40 гаруй айлаас идээ будаа амсах ёс заншилтай. Эмэгтэйчүүд нь хоол ундаа яг ёсоор нь бэлтгэж идээ будаагаа аль зэрэг сайн хийснээс тэр жилийн өнгө тодордог юм. 

-Айлын эзний хувьд баярын өдөр юуг эрхэмлэдэг  вэ?

-Эртний домгоор “Кыдыр ата” буюу бурхны элс Наурызын баярын өглөө айл болгон зочилж буян хишиг хайрлаж,  элбэг дэлбэг, сайн сайхан  амьдрахыг билэгддэг. Тэрийг билэгшээгээд Наурызын баярын өглөө эртлэн босч идээ будаагаа засуулж, ширээгээ бэлдүүлнэ. Ойр зуурын ажилд эхнэртээ туслана. Хөдөө байсан бол энэ өдөр булагны ундаргыг гаргаж, мод тарих ёсон бий. Миний хувьд мөн адил мод тарихыг аль болохоор эрхэмлэдэг. Хүүхдүүддээ баярын ёс заншлын талаар хэлж захидаг.    

 
-Хүүхэд насны Наурыз баяртай холбоотой дурсамж зөндөө байдаг байх. Дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Аав ээжтэйгээ хамт азай буурлууд дээрээ түрүүлж очиж золгоно. Азай буурлууд маань хүүхдүүдэд заавал 40 айлаар орж идээ будаа амсаарай гэж хэлж захьдагсан. Тэгээд 40 айлаар орж идээ будаа амсаж, Наурыз көже ууна. 

-Одоо үед Наурызын баяр таны бага байх үеийнхээс мэдээж ялгаатай болсон байх. Дээрээс нь хотын хүмүүс байнгын завгүй байдаг. Хотод ер нь хэдэн айлаар орж амжиж байна?

Хотод хамаатан садан, найз нөхөд, нутгийн ах дүү нар гээд зөндөө айл байна. Хоёр гурван хоногтоо багтааж 10 гаруй айлаар ордог.    

-Наурызын баяр монголчуудын Цагаан сарын баяртай юугаараа төстэй, юугаараа ялгаатай вэ?

Манайд ч гэсэн золгож баярладаг. Ингэхдээ эрчүүд хоорондоо настай улсуудтай хоёр гараа алдлаад цээж цээжээ гурван удаа зөрүүлж золгож ёсолдог заншил бий. эмэгтэйчүүд хоорондоо мэндэлж золгодог. Адилхан нүүдэлчин ард түмэн учраас “онд тарган тавтай оров уу”, “сайхан хаваржиж байна уу” хэмээн бие биенийхээ амар мэндийг асуудаг. Гарын бэлэг бараг л өгөөд байдаггүй. Настай хүмүүсийнхээ гарыг цайлгадаг.   

С.Ырысхан гуайнх  дөрвөн хүүхэдтэй. Эхнэр Х.Халила нь Савхины үйлдвэрт 25 жил ажилласан байна. Мал нь төллөж, идээ будаагаа элбэг дэлбэг засдаг казах түмний Наурызын баярыг Наурызын көжегүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Энэ өдөр айл бүрийн тогоо чанага “завгүй”н оттан түспейди. Мах чанаж, шөлөө бэлтгэнэ. Казахууд эрт дээр үеэс долоогийн тоог эрхэмлэдэг. Тэр ч утгаараа баярын шөл буюу Наурыз көжед долоон төрлийн амтлагчаар хийдэг байна. 

Х.Халила: Айлууд өөр өөрсдийн хэмжээнд баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг
 
-Наурызын идээ будаа их онцлогтой. Махаа амталж чанаад шөлөнд нь цагаан будаа эсвэл хөц будаа. Энэ нь өргөн утгатай. Тэр жилийн өнгө, тэр жилдээ өнөр өтгөн, сайн сайхан байхыг ерөөж казах айл баярын энэ өдөр Наурызын көже бэлддэг. Миний хувьд Наурыз көже бэлтгэх арга барилаа охидууддаа, бэрдээ зааж өгдөг.

Наурызын көжед долоон төрлийн амтлагч хийдэг. Хольцоо бүгдийг нь нэг доор хийж болохгүй. Тодорхой цагийн хуваарьтай байх ёстой. Махаа зөөлөн гал дээр хоёр орчим цаг чанаж бэлтгэнэ. Мах буцалж эхлэхэд нитгэлийг нь шүүж авна. Эхлээд хар өнгийн  нитгэл дараа нь цагаан өнгийн нитгэл гарна. Бүгдийг нь шүүж авна. Учир нь махны шөл нь цэвэр тунгалаг  байх ёстой. Тэгээд дээрээс нь давсаа хийнэ. Хамгийн сүүлд болсон шөлөнд цагаан будаа юмуу хөц будаа, аарцаа хийнэ. Ингээд л Наурызын шөл бэлэн боллоо. 

-Таны хувьд насаараа Савхины үйлдвэрт ажилласан гэсэн. Казахын гар урлал ямар онцлогтой вэ?

-Казах түмний гар урлал тэр дотор үндэсний хээ хуар маш их онцлогтой. Настай хүмүүс хүүхдүүддээ ялангуяа эмэгтэй хүүхдүүддээ зааж сургадаг. Хээ хуарыг удам дамжсан гар урлал гэж хэлж болно. Одоо бол нэг үеэ болвол дахин сэргэж, гадаадынхан хүртэл их сонирхдог болсон. Үндэсний хээ хуарыг хамгийн гол нь хүүхдүүддээ уламжилж зааж өгөөд зогсохгүй үндэсний хувцасанд түлхүү оруулдаг. Жишээлбэл, хурим хийх үеэр гэрээсээ охин хүүхдээ үдэж гаргаж өгөхдөө ээж нь хувцасыг нь заавал өөрийнхөө гараар урлаж өгнө. Мөн аравч, ор дэрний уут, ширдэг гэх мэтийг үе уламжилж хөгжүүлж ирсэн түүхтэй. Хадамд гарсны дараа охиндоо, бэр буулгах үедээ хүүдээ инж болгож өгдөг байгаа. Ноднин бэр буулгахдаа хүү, бэр хоёртоо өөрийнхөө гараар урласан аравч, дэрний уутыг бэлэглэсэн.  

-Орчин үед казах үндэсний хувцасанд ямар өөрчлөлтүүд орж байна? 

Сүүлийн үед казах үндэсний хувцасыг европ хувцастай хослуулан дизайнерууд янз бүрийн загвараар гаргаж байгаа. Гэхдээ казах үндэсний хувцас утгаа алдаагүй гэж үздэг. Загвар, хийцийн хувьд улам сайн хөгжиж байгаа гэж бодож байна. 

-Бага байхдаа Наурызын баярыг яаж тэмдэглэдэг байв?

-Би багадаа эмээгийн гарт өссөн хүүхэд. Эмээ маань өглөө эртлэн босож галаа түлж, махаа чанаж, боорцогоо хийж аль болох амт шимт идээ будаагаар айлчин гийчнийг хүлээн авч хэдэн хоногоор найралдаг сайхан дурсамжтай Наурызын баяр байсан. Эмээ, ээжээсээ сурсан заншил ёсоор би 60 нас хүрсэн ч гэсэн яг дууриаж чаддаггүй юм аа гэхэд ээж маань ингэж байсан шүү гэж байнга санаж хүүхдүүддээ хэлж захиж байдаг. 

-Таны хувьд казах түмэн Наурызын баяраа тэмдэглэх явцад ямар зан заншилаа мартаж, “гээж” байна?

-Улаанбаатар хотод үндэсний ёс заншил, уламжлалаа хүүхдүүдээ зааж өгөх гэдэг үүднээс сүүлийн үед маш өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Айлууд өөр өөрсдийн хэмжээнд баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг. Заримдаа алдаа оноо бол явж л байгаа. Жишээлбэл, салат хийлээ гэхэд хиам, гахайн мах хийх ёсгүй. Үндэснийхээ ёсоор. Залуучууд ч юм уу зарим нь салатандаа хиам, гахайн мах хольчихдог. Энүүгээрээ баярын идээ будаа засах ёс бага зэрэг алдагдаад байгаа. Хичнээн идээ будаа нь гоё амттай болно гэж хийж байгаа боловч цаад утга нь тийм байх ёсгүй гэж бодож байна.  

Р.Зауреш: Ээжийнхээ гар урлалыг өвлөж авахыг хүсдэг

Манай казахын ард түмэн эртнээс нааш шар шувууны өдийг ихэд эхрэмлэн дээдэлж ирсэн. Үүний шалтгаан нь шао шувууны өдийг ойртон ажиглавал “Коран” судрын үсэгнүүд түүнээс харагддаг. Тийм учраас эрхэмлэн дээдэлж цэвэрхэн газар байлгаж, мөн ихэвчлэн казах охид эмэгтэйчүүдийн үндэсний малгайны орой дээр хатгадаг. Шар шувуу шөнө хардаг соргог амьтан. Тиймээс биедээ буюу тэргүүндээ залж явбал муу юм тохиолдохгүй гэж билэгшээдэг. Муу бүхэн өмссөн эзнээс холуур явдаг гэж малгайны оройд залдаг. Ээж маань аав ээжээсээ өвлөж авсан казахын үндэсний гар хатгамалыг маш сайн оёж  хатгадаг. Ээжээсээ одоогоор бол багахан зэргийг өвлөж авсан. Тэр урлах эрдмээс нь Керей казахуудын эсгий гэрийн хээ угалзыг хэрхэн угалзарлуулан хийх арга барил мөн түүнийг ахуй хэрэглэлдээ хэрхэн ашиглах талаар мэдэж авсан. Үүнд ахуй гэрийнх эсгий гэрийнх ялгаатай байдаг. Эсгий гэрийн туурганы хээ, хувцасны хээ, ширдэгний хээ өөр гэх мэт. Тэр бүгдийг ээж маань надад засан. Өнгөний зохицолуудыг мөн ээжээсээ сурч авсан. Дунд жүзийн хээ хуарыг их сонирхож судалдаг. (Дэлхийн казахуудыг бага жүз, дунд жүз, их жүз буюу гурван зуутад хуваадаг. Монголын казахууд дунд жүзд багтдаг.)

-Казахын хээ хуар юугаараа онцлогтой юм бол?

-Бусад улс үндэстэний буюу киргизүүдийн,  Казахстаны их жүз, бага жүзийн казахуудын хээтэй харьцуулахад угалз маш сайтай. Угалз сайтайгаас гадна ахуй хэрэглэлтэй холбоотойгоор кошкар мүйиз хээ гэж байгаа. Монголчилбол хонины эвэрэн хээ. Ахуйгаас үүдэлтэй хээнүүдийг их хэрэглэдэг. Энэ нь бусад нүүдэлчдийн гэх ч юм уу монгол хээтэй харьцуулахад эвэрэн хээний угалзан  үүлэн хээтэй төстэй мэт харагдах боловч тэр угалзын хэлбэр өөр байдаг.   

-Одоогийн залуучууд казахын ёс, зан заншлаа сайн ойлгож чадаж байна уу. Залуу хүний хувьд юу гэж хэлмээр байна?

-Одоогийн залуучууд Наурызын баярын цаад мөн чанарыг ойлгох тал дээр учир дутагдалтай гэж бодож байна. Учир нь Наурыз нарны баяр, шинэ хавар айлчлан ирсэн, шинэ хавартай золгож байгаа, өвлийг өнтэй давсны баяр. Түүнчлэн ахан дүүс учран золгож, өтгөс буурлуудаа хүндлэх баяр. Залуучууд нь ахмадаа хүндлээд Наурыз көженд заавал ирэх ёстой. Түүнд хэн нэгнийг дуудсангүй  гэх шалтгаанаар ирэхгүй байх ёсгүй. Учир нь энэ баярт нүүдэлчид бол эрт дээр үеэс хэзээдээ хаалгаа түгжээтэй байлгадаггүй, Наурызын көжегээ бэлдээд явчихдаг байсан, гэрийн эзэн байхгүй үедээ ч дастарханд сууж, көженээс амсаж, нэг нэгэндээ тухайн жилд болсон сайн сайхан зүйлсийг ярьж хуучилч, ахмадаас сургаалын үг сонсох ёстой. 

Дээрээс нь Ховд, Баян-Өлгийгээс бусад төв, хот  сууринд суурьшиж залуучууд маань хэлний бэрхшээлээс болоод  Наурызын баярын онцлогийг өөрөө илэрхийлж мэдэхгүй байх дутагдал бий. Тиймээс залуус, дүү нартаа хандаж та нар үндэснийхээ хэлээ сайн сурч, ёс заншлаа сайн мэдэж байх  үүрэгтэй шүү гэж хэлмээр байна.    

 

Казах түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе!

ҰЛЫС ОҢ БОЛСЫН, 
АҚ МОЛ БОЛСЫН! 

Т.Жанерке