Ким Хун Так: Монгол тамирчид Токиогийн Олимпт амжилт үзүүлэх боломжтой

Спорт / Ч. Энхбат
2018 оны 03 сарын 23

Сургалтанд Улаанбаатар хот болон Архангай, Дархан-Уул, Орхон, Төв, Хэнтий аймгуудын багш дасгалжуулагч нар хамрагдсан бөгөөд БНСУ-ын дасгалжуулагч Ким Хун Так удирдан явуулсан юм. Дасгалжуулагч Ким Хун Так нь Дэлхийн байт харвааны холбооны Дасгалжуулагчдын зөвлөлийн гишүүн, “Ким Хун Так Байт харвааны төв”-ийн ерөнхийлөгч, БНСУ-ын Армийн Академийн зааварлагч, БНСУ-ын Байт харвааны холбооны захирал, Жунг Вон их сургуулийн профессор юм. Мөн түүнчлэн 1984 оны Олимпийн БНСУ-ын Үндэсний шигшээ багийн эмэгтэй багийн дасгалжуулагчаар, 1985 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний БНСУ-ын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар, 1990-1994 онуудад Тайвань улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар, 2002 оны Өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний БНСУ-ын Үндэсний шигшээ багийн ахлагчаар, 2015 оны Оюутны Универсиадын БНСУ-ын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар тус тус ажиллаж байсан дэлхийн шилдэг дасгалжуулагчдын нэг юм.

ДАСГАЛЖУУЛАГЧ БАГШ КИМ ХУН ТАК

  • Энэ удаагийн сургалт маань эхний ээлжинд үндсэн ур чадварын хичээлээр эхлэж байгаа юм. Харин үүний дараа бид ахисан түвшний ур чадварын сургалтыг орно. Харин эцэст нь тоног төхөөрөмж болон түүний тохиргооны сургалтыг явуулах болно. Миний бодлоор Монгол хүмүүсийн биеийн онцлог байт харваанд их тохиромжтой. Түүхэн талаасаа ч тэр Монголчууд харваанд сайн. Харин одоо шинжлэх ухаан талаас нь багш дасгалжуулагч, тамирчдаа сайн бэлдэж чадвал 2020 оны Токио-гийн олимпт өндөр амжилт үзүүлэх боломжтой.

Ким Хун Так дасгалжуулагчийн хувьд дэлхийн олон оронд дасгалжуулагчдын сургалтыг зохион байгуулдаг бөгөөд монголын дасгалжуулагчдын хүсэлтээр 3 дахь удаагаа ирж байгаа нь энэ юм.