Сэтгэл санааны эрүүл мэнд

Image result for the mind is everything

Миний нэг танил байдаг юм. Уг нь чадалтай бол чадалтай боловсролтой бол боловсролтой царайлаг бол царайлаг сайхан бүсгүй. Даан ч түүнд маш том нэг дутагдал байдаг. Тэр нь юу вэ гэхээр тэрээр хүний болоод аливаа юмны дандаа муу талыг нь эхлээд олж хардаг хүн. Хэн нэгэн танилтайгаа ч юм уу би түүнтэй хамт явж байгаад тааралдаад түр зуур хэдэн үг солиод өнгөрөхөд л нөгөө хүнийг цааш эргэмэгц тухайн хүний нүүр царай болоод хэлж ярьж буй зүйлээс нь заавал нэг өө олж хараад түүнийгээ ярих жишээтэй. Тийм болохоор заримдаа түүнээс зугтаамаар үе ч байдаг. Яагаад гэвэл түүний дотор хүрээлэн байгаа хүмүүсийнхээ талаар үргэлж сөрөг муу муухай зүйлүүд эргэлдэж байдаг болохоор хэсэг зуур хамт байхад ч гэсэн тээртэй эвгүй санагддаг.

Хүн бол сэтгэлийн амьтан. Хүн дотроо юу бодож, юу санаж байна тэр нь хүний нүүр царай дээр тэр нь илрэн гарах нь түгээмэл. Тэр танил маань дандаа хүмүүсийн өө сэвийг хайж, муу санаж явдаг болоод ч тэр үү хэдий түүний овор дүр царайг нь байгаль эх бас ч харамгүй сайхан болгож хайрласан ч түүний харц нэг л хүйтэн. Хараад өнгөрсөн хүн сайхан бүсгүй гэж яав ч хэлэхгүй. Дотроосоо гэрэлтэж сайхан байхад тэгэхээр хүний сэтгэл санааны эрүүл мэнд асар их чухал юм.

Танил маань яагаад тийм болсон бэ гэхээр аавгүй жаахан хүнд амьдралд нухлагдаж өссөн нь түүнд нөлөөлсөн байх гэж би боддог юм. Гэхдээ аавгүй өссөн хэцүү амьдрал туулсан хүн бүр тийм байх албагүй л дээ. Зарим хүнд харин хүүхэд насанд нь тохиолдсон бэрхшээл сөргөөр нөлөөлөх нь бий. Тийм болохоор би түүнийг тэгтлээ их буруутгаж чаддаггүй бөгөөд харин ч түүнд аль болох туслахыг, амьдралыг гэрэл гэгээтэй талаас нь харж явахад эерэгээр нөлөөлөхийг л хичээж явдаг.

Тэрээр амьдралдаа бас боломжийн амжилтад хүрсэн. Асар их тэвчээртэй, хүнээс дутахгүй гэсэн хор шартай зан нь түүний амьдралыг хөдөлгөгч гол хүч болдог. Уг нь тэрээр дотроо эерэг сайхан бодол тээж инээмсэглэн явж чаддаг бол бүр ч их сайхан бүсгүй байх сандаа гэж би заримдаа боддог юм.

http://www.erkhembayar.mn