Р.Содхүү: Улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр хүнд суртал байх ёстой

Нийгэм / М. Батхишиг
2018 оны 03 сарын 28

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар гадаад паспортын захиалганд дарагдаж, иргэд урт дараалал үүсгэж байгаа талаар мэндээлэл гарах болов. Энэ нь гадаад паспорт захиалах иргэдийн тоо эрс өссөнтэй холбоотой аж. Тодруулбал, 2017 оны байдлаар 2016 онтой харьцуулвал гадаад паспорт авах иргэдийн тоо 15.8 хувиар нэмэгджээ. 

Улсын бүртгэлийн газарт өдөрт 700-800 хүн ханддаг. Үүнээс 560-600 иргэнд нь гадаад паспорт олгодог байна. Уг нь хүчин чадлаараа энэ байгууллага ажиллавал өдөрт 500 хүнд л үйлчлэх ёстой. Үүгээр улсын бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлж, зохион байгуулалтыг сайжруулах ёстой болж таарна. Гэвч иргэдэд учирдаг чирэгдэл, урт дараалалыг хэвээр байлгах албан шаардлага байдаг гэж Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын дарга ярилаа. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү “Улсын бүртгэлийн байгууллага дээр очерлоод, 500 хүн дөрвөн цагийн дотор үйлчилгээ авдаг. Арилжааны банкууд дээр өдөржингөө очерлоод хэл ам хийдэггүй байхгүй юу. Ингэж удаан очерлох нь цаанаа учиртай. Нэлээд нарийн шалгагддаг. Тагнуул авулгүй байдлын байгууллагууд. Улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал дээр хүнд суртал байх ёстой. Бодоо үз дээ. АНУ-ын гадаад иргэний паспортыг 56 хоногт гаргаж өгдөг” хэмээв.

Үүгээр бол цаашид ч улсын бүртгэлийн гадаах энэ урт дараалал буурахгүй нь ээ. Иргэдийн хувьд гадаад паспорт олгох хугацаанд нь шүүмжлэлтэй ханддаггүй. Харин гадаад паспорт авах иргэдийн бичиг баримтыг хүлээн авах хугацаанд, зохион байгуулалтад гол алдаа, дутагдал бий гэж шүүмжилдэг юм. 

Монгол иргэдийн хувьд 60 орчим улсад визгүй зорчих боломжтой байдаг учраас цаашид ч нэмэгдсээр байх болно гэж бүртгэлийн газрын мэргэжилтнүүд мэдээлдэг юм.  Гэтэл Улсын бүртгэлийн  гадаад паспорт олгох үйл ажиллагаа үеийн үед урт дараалалд дарагдаж, иргэдийг байнга чирэгдүүлдэг. Зохион байгуулалтын алдаа болон хүнд сурталтай иргэд гадаад паспорт авахын тулд үргэлж тулгардаг болохыг хэлж шүүмжилдэг. Уг нь бол үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр төрийн үйлчилгээ төгөлдөршиж, зардал чирэгдэл нь багасах учиртай гэж иргэд үздэг.