Шинэ "Гурван улсын үлгэр"

Image may contain: 4 people, people smiling, people standing

Умардын удирдагч Хятадад гурван хоногийн хугацаатай нууцаар уулзсан нь ил боллоо. Зүүн хойд Азид үүсээд байгаа нөхцөл байдал болон Умардын удирдагчийн Бээжинд оролцсон арга хэмжээ зэргээс харахад айлчлалын цаад зорилго агуулгыг ойлгоход тийм ч төвөгтэй биш юм. Ялангуяа "Гурван улсын үлгэр" сонгомол романыг уншчихсан хүний хувьд бараг тодорхой л доо. 

01. Умард Солонгос ийм богино хугацаанд атомын болон устөрөгчийн бөмбөг бүтээж туршаад, тив алгасан нисэх баллистик пуужинтай болоод байгаагийн цаана Хятад, Оросын хөрөнгө санхүү, технологийн маш хүчтэй дэмжлэг байгаа тухай Хятадын зарим мэдээллийн сайтуудад бичигдээд байдаг зүйлийг Америкийн тагнуулын төв газар ултай сайн мэдэхгүй байна гэж үгүй. Тэр хэлхээ холбоо одоо улам ил тод болж байгаагийн нэгэн илрэл бол энэ удаагийн гэнэтийн айлчлал байх магадлалтай. 

02. Ерөнхийлөгч Трамп дөнгөж саяхан "Хятад улсын 600 нэр төрлийн бүтээгдхүүнд 60 тэрбум долларын өндөр татвар ногдуулах" шийдвэр гаргасан нь Өмнөд хөршийн хувьд маш таагүй байдал үүсгэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл Хятад болон Умард Солонгосын хоорондын нарийн нууц харилцааны учгийн цаад үзүүрийг атгаж байж мэдэх Бээжингийн талд өгсөн том сануулга л даа. 

03. Тэгэхээр дээрх таамаглалуудаас үзэхэд Трамп, Ким Жон Ун нарын хооронд болох дээд хэмжээний уулзалт дээр "Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох" асуудал голчлон яригдаад түүний хариуд Умардын удирдагчид өрнөдийн зүгээс эдийн засгийн томоохон дэмжлэг авах тухай асуудал яригдах болов уу? Бас Хятад улсын зүгээс энэ асуудлыг нааштай шийдвэрлэхэд нөлөө үзүүлсэний хариуд Трампын худалдааны татварын тухай гэнэтийн шийдвэр цуцлагдаж мэдэх талтай. Цаашдын үйл явдал бараг энэ чиглэлээр өрнөх байх аа. 

04. Угаасаа удаан жилийн зузаан найрамдлын уламжлалтай Хятад, Умард Солонгос хоёрын харилцаа улам сайжирч, нэрийн төдий тавигдаж байсан эдийн засгийн хориг арга хэмжээ цуцлагдаж таарна. Бас өндөр технологийн чиглэлээр хөгжих Умардын удирдагчдын төлөвлөгөөг гүйцэлдүүлэхэд Хятад ах нь хүчтэй туслаж эхлэхээр тохиролцоонд хүрсэн нь Ким Жон Ун Бээжин дэхь "Жун Гуань Цүньгийн өндөр технологийн паркад" тусгайлан очиж үзсэнээр батлагдаж байна. 

05. "Шинэ гурван улсын үлгэр" хэмээн нэрийдэж болохуйц энэхүү сонирхолтой үйл явдлыг хамтдаа ажиглаад байж дээ.