Гарц биш гамшиг: Гүүрэн Гарц

Нийтлэл / Time Admin
2018 оны 03 сарын 29

2027 оны мэдээ: УБ хотын замын цагдаагийн ойролцоох автомашины гүүрэн гарц буюу олон нийтийн хэлж заншсан “Мушгиа Хар”-ыг нураах шийдвэр гарлаа. 2017-2019 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн ч даамжирсаар 2023 онд ашиглалтад орсон “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц” буюу Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буусан гүүрэн гарцыг хотын түгжрээг шийдэж чадахгүйгээр барахгүй олон сөрөг талуудыг авчирсан тул ирэх оноос нураахаар болсон байна. Тухайн үед $42.3 сая ам долларын БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдсан гүүр нь Баянзүрх дүүргийн 26-р хороонд оршин суух 10 гаруй мянган иргэдийг хотын төвтэй холбогдох боломжийг хааж, тэдний орон сууцны үнэлгээг унагааж асар их хохиролд унагаасан билээ. Харамсалтай нь эхний шатны тооцооллоор уг Мушгиа Хар гэж танигдсан гүүрэн гарцыг нураахад барих зардлын хагастай тэнцэхүйц өндөр зардал гарах нь тодорхой болоод байна. Бид бас л зээлээр уг зардлыг төлөх байх.”

Бид хэдэн жилийн дараа ийм мэдээ уншина гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ баригдахаар төлөвлөсөн гүүрэн гарцыг нураах уу үгүй юу биш харин хэзээ нураах вэ л гэсэн асуулт байгаа юм.

Хотын төвтэй маш ойрхон машинд зориулсан гүүрэн зам барих нь эдийн засаг, эрүүл мэнд, байгаль орчны хувьд маш муу гэдгийг бүгд ойлгоод, одоо дэлхийн хотууд энэ алдааг давтдаггүй. Дэлхийн томоохон хотууд болох Нью Йорк, Мельбурн, Копенгаген, Сөүл зэрэг олон хотууд хотын төвөөр баригдсан гүүрэн гарц, хурдны замуудыг нураан, оронд нь олон нийтийн талбай, явган, дугуйтай зорчих боломжуудыг нээж иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангаж чадсан. Тэд яагаад хот дотрох гүүрэн замаас татгалзаж байна вэ?

Үүнийг тайлбарлах хэд хэдэн шалтгаан бий.

  1. Гүүрэн гарцыг автомашины түгжрээг багасгах зорилгоор барихаар шийдвэр гаргасан. Гэтэл замаа өргөсгөлөө гээд хотын түгжрээ буурдаггүй гэдгийг олон хотууд туршаад мэдчихсэн. Яагаад гэвэл зам нээгдмэгц тэр замаар явах эрэлт бүүр нэмэгдэж тэр хэмжээгээрээ олон машин явдаг болж түгжрээ үргэлжилнэ. Ялангуяа манай хот шиг хаа сайгүй түгжирдэг газарт энэ зэргийн өөрчлөлт олигтой үр дүн авчрахгүй. Нэмж хэлэхэд барихаар төлөвлөсөн гүүрэн гарц ердөө л 4 эгнээ.
  2. Иймэрхүү гүүрэн гарцыг арчлах, засах зардал маш өндөр байдаг. Шинээр баригдах үед мэдэгдэхгүй ч 10 жилийн дараанаас л жил бүр маш өндөр зардлаар засах арчлах хэрэг гарна. Урт хугацаандаа засах болон нураахад эхний $42.3 сая ам доллараас илүү зардал гарахыг үгүйсгэхгүй. Манай хот шиг хангалттай асуудалтай газарт өндөр зардлаар нэмж асуудал барих шаардлага бий юу?
  3. Тус гүүрэн гарц явган болон дугуйтай зорчигч зорчих боломжийг бүрэн хаана гэхэд болно. Хотын төвөөсөө 1.5 км-ийн зайнд (30 минут алхах зайнд) гүүрэн гарц барьж цаана нь амьдардаг 10 гаруй мянган иргэний чөлөөт явган хөдөлгөөнийг хааж байгаа юм. Явган явах боломжгүй болсон иргэд бүүр л их машин унах болсноор түгжрээ нэмэгдэх болно. Уншигч та Нарны Гүүрийг давж алхаж үзсэн үү? Их хүнд нөхцөлтэй. Энэ төлөвлөсөн гүүрний салбарласан рамп Нарны Гүүрнээс хамаагүй том, их өргөн хүрээтэй тул нөлөөлөх талбай нь их байх юм.
  4. Гүүр баригдсанаар тус зам нь Дүнжингарав, Ханс Вилл, Энканто, Жаргалан, Баянмонгол зэрэг хотхонуудад амьдарч буй иргэдийг хотоос тусгаарласнаар тухайн орон сууцнуудын үнэлгээ унах аюултай. Мөн нарны замын хойд хэсэг болох Олимпын гудамжинд байрлах байрнууд байнгын машины утаа, дуу чимээнд байдаг болох тул эдгээр байрнуудын амьдрах нөхцөл ихээр дордож үнэ цэнэ унана. Товчхондоо олон иргэдийг санхүүгийн хохиролд унагана.
  5. Гүүрэн замын хажуугаар явахад маш тухгүй болох тул тэр хэмжээгээрээ хүн явдаггүй хоосон гудамж бий болно. Ингэснээр тэр хавиар байдаг үйлчилгээний газрууд хөл хөдөлгөөнгүй болж орлого багасна. Мөн хүнгүй хоосон, харанхуй гудамжинд гэмт хэрэг ихсэж аюултай болдог.
  6. Машины утаа угаар, дуу чимээ, тоос тэр хавьд маш ихэснэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн үлдсэн жаахан хэсгийн ногоон байгууламж, тоглоомууд энэхүү гүүрэн гарцны утаа, дуу чимээнээс холдож чадахгүй. Гүүрэн гарц барих зорилгоор Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн 3619 м2 газрыг булаан авахаар оролдож байгаа юм байна.

Үндсэндээ асуудал шийдэх гэсэн энэ санаа нь цаашдаа маш олон хор хөнөөлтэй үр дагаврууд авчрах нь ойлгомжтой. Энэ их зардлаар бид өөр олон түгжрээтэй тэмцэх шийдлүүдийг нэвтрүүлж болно. Арга ядахад тэр төсөвлөсөн зардлынхаа тодорхой хэмжээгээр HomePlaza гэж нэрлэгддэг зам дээр барьсан байшинг зах зээлийн үнэлгээгээр худалдаж авч нурааж зам өргөсгөж болно. Бид зөвхөн машинд зориулж тээврээ төлөвлөдөг, замаа барьдаг байхаа болиод явган хүн, дугуйтай хүн зорчих боломжийг нэмэн нийтийн тээврийн сүлжээг тэлж өгвөл олон хүнд хүртээлтэй байх юм. Ингэж чадвал жинхэнээрээ түгжрээг багасгаж чадна.

Ирээдүйд гарцаагүй нураах гүүрэн гамшиг барих шаардлага бидэнд бий юу? Мэдсээр байж алдаа давтах ямар хэрэгтэй вэ?

Хот дундуур баригдсан их замууд, гүүрэн гарцуудыг нураасан жишээнүүдээс толилуулж байна.

Портланд, АНУ-ын Орегон муж

АНУ-ын Орегон мужын Портланд хот хамгийн анх хот дундуур явах их замыг нураах шийдвэр гаргаснаараа алдартай.

1974 онд тус замыг хааж, ногоон байгууламж болгох шийдвэрийг гаргаснаар өдийг хүртэл тус хот ногоон байгууламжын хүртээмжээрээ өндөрт жагсдаг хотуудын нэг болсон.

 Мадрид, Испани

Испанийн нийслэл Мадрид хотын захиргаа хотын дундуур урсах түүхэн ач холбогдолтой Манзанарас голыг нөхөн сэргээх, эргүүлэн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилгоор голын хажуугаар баригдсан их замыг нураан олон нийтийн ногоон байгууламж болгож хувиргасан.

Сөүл, Солонгос улс

Сөүл хотын дундуур явах Чёнгёчён их замыг нурааж, доор нь урсахаа болиод байсан горхийг нөхөн сэргээх, олон нийтийн амрах талбай болгох шийдвэрийг тухайн үеийн хотын захирагч Ли Мюунг Пак гаргасан.

Хот дундуур баригдсан замыг нураах хөдөлгөөнийн тухай мэдээллүүдийг доорх линкээр орж унших (Англи хэл дээр)

https://www.citylab.com/transportation/2014/04/tearing-down-urban-highway-can-give-rise-whole-new-city/8924/

https://www.theatlantic.com/business/archive/2015/11/highways-destroyed-americas-cities/417789/

https://gizmodo.com/building-highways-through-cities-was-a-huge-mistake-but-1768050078

https://www.vox.com/2015/5/14/8605917/highways-interstate-cities-history

https://grist.org/biking/2011-03-14-tearing-down-urban-freeways-to-make-room-for-a-new-bicycle-econ/

Ном зүй:

http://medee.mn/mobile.php?eid=102523

https://gizmodo.com/6-freeway-removals-that-changed-their-cities-forever-1548314937

 

Нийтлэлийг бичсэн:

Б. Энхжин: АНУ-ын Whitman College-д эдийн засгийн бакалавр, Английн University College London (UCL) -д олон улсын хот төлөвлөлтийн чиглэлээр магистрын зэргээ тус тус хамгаалсан. Улаанбаатар хотод сүүлийн зургаан жил иргэний нийгэм, хөгжлийн салбарт ажилласан туршлагатай.

Т. Алдарсайхан: Massachusetts Institute of Technology (MIT)-ийн архитектурын бакалавр болон Harvard-ийн Их Сургуулийн хот төлөвлөлтийн магистрын зэрэгтэй суралцаж төгсөөд Нью Йорк хотын эдийн засгийн хөгжлийн газар ажилласан туршлагатай.