Т.Сэргэлэн: Би уучлахад амархан Дорлигийг бүтээхийг хүссэн

Ярилцлага / Өглөөний сонин
2018 оны 03 сарын 30

Дэлхийн театрын өдөр” энэ долоо хоногт олон улсад тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ өдрийг тохиолдуулан УДЭТ-ын залуу жүжигчин Т.Сэргэлэнтэй ярилцлаа. Тэрбээр “Тавилан-2” уран сайхны кино, “Замбуулин дуусах болоогүй” олон ангит киноны гол дүрд тоглосон. Мөн Э.Оюун агсны “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжгийн Дорлигийг амилуулсан юм.

-Бага нас тань хаана өнгөрсөн бэ. Цэцэрлэгт байх үеэсээ урлагийн авьяасаа нээсэн гэсэн?

-Манай аав Говь-Алтай, ээж Завхан аймгийнх. Би Улаанбаатар хотод төрж өссөн. Айлын том, нэг дүүтэй. Цэцэрлэгт байх үеэсээ орос ардын “Манжин” үлгэрээс сэдэвлэсэн зохиомжид манжин нь болж тоглодог байсан. Мөн урлагийн янз бүрийн тоглолтод “Хөөрхөн Халиун” дууг дуулдаг хүүхэд байлаа.
Дунд сургуульд ороод намар болгон хичээлийн шинэ жилийн нээлтэд дуулна, урлагийн үзлэгт тогтмол ордог сурагч байлаа. Тухайн үеэс жүжигчний мэргэжилд дурлаж, Хүүхэлдэйн театрт байнга очдог болсон. Ахлах сургуулиа төгсөөд СУИС-д элсэж, гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багшийн ангийг 2014 онд төгссөн. Оюутан болсон эхний хоёр жилээ хичээлийн дундуур байнга л УДЭТ-д ирдэг байсан. Театрын туслах найруулагчаас жүжгийн олны хэсэгт оролцох боломжтой юу. Намайг оруулаад өгөөч гэж гуйдаг оюутан байсан. 

-Оюутан байхдаа “To be or not tobe-2013” театрчилсан реалити шоунд гуравдугаар байрт шалгарсан юм билээ?

-Тухайн үед Дэмидбаатар багш Театрын шоуны бүртгэл явагдаж байгаа гэнэ. Чи өөрийгөө сориод үз гэж хэлсэн. Энэ тэмцээнд оролцоод маш олон зүйл сурч авсан. Жишээ нь шоу дууссаны ард хойд хөршид болсон 17 орны уран бүтээлчид оролцсон фестивальд оролцож, Гамлетын дүрээр Гран-при шагнал хүртэж байсан. Мөн “Х түц” продакшны жүжигчид болон “To be or not tobe-2013” театрчилсан реалити шоуны шилдэг оролцогчидтой хамт төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуайн найруулга Айн Рендийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжигт тоглох боломж олдсон. Энэ жүжгийн нэг онцлог нь телевизээр шууд цацагдсан. 

-Драмын театрт харьяалагдаад жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Таны хувьд залуу жүжигчин ч гэлээ “Би эндээс явахгүй” жүжгийн гол дүрд сонгогдлоо?

-Анх Дорлигийн дүрд О.Гэрэлсүх, Г.Эрдэнэбилэг ах хоёр сонгогдсон. Г.Эрдэнэбилэг ах тодорхой шалтгааны улмаас тоглохооргүй болсон. Тэгээд намайг сонгосон ч би тайзан дээр гарах болоогүй гэдгээ мэдэж байсан. Гэхдээ энэ сарын эхээр тайзан дээр гарахаар болсон. Тухайн үед театрынхаа хамт олны итгэлийг даах хэрэгтэй гэж бодсон. Мөн надад сурах зүйл маш их бий. Гэхдээ би бага багаар ахиж байгаа. 87 жилийн түүхтэй энэ байгууллагын нэг жижиг эд эс болсондоо маш их баяртай байна. Мөн ахмад, ах эгч уран бүтээлчдийн нөр их хөдөлмөрөөр бүтээн босгож, алдар нь цуурайтуулсан энэ өргөөнд тэднээс суралцана гэдэг маш том боломж. 

-“Би эндээс явахгүй” жүжгийн зохиолд дээр Дорлигийг 40 эргэм насны эр хэмээн тодорхойлсон байдаг. Арав гаруй насаар ах хүний дүрийг бүтээхэд багагүй хүндрэл байсан байх?

-Энэ бүтээлд хамтран тоглож буй жүжигчид надаас ахимаг настай. Би 30 хүрч яваа учир тэдэнтэй яаж дүйж харагдах вэ гэдгээ удаан бодсон. Жишээ нь би Б.Баттөмөр ахтай үеийн юм шиг харьцвал үзэгчид шоолох вий гэж эмээж байсан. Тэгээд би эхэлж өөртөө хүлээн зөвшөөрөгдөх ёстой гэж ойлгосон. Мөн 40 настай хүний амьдралд хандах хандлагыг сайн ойлгох хэрэгтэй. Н.Наранбаатар найруулагч надад “Чамайг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ гадагшаа ажиллах бус дотроо сайн бод” гэж хэлсэн. Тэр үеэс л эргэлзээ тайлагдсан. 

-Жүжигчин О.Гэрэлсүх нээлтийн тоглолтуудад Дорлигийн дүрийг бүтээсэн. Туршлагатай уран бүтээлчийн хувьд танд ямар зөвлөгөө өгсөн бэ?

-О.Гэрэлсүх ах намайг тайзанд гарахын өмнө чин сэтгэлээсээ надад санаа тавьж, урам өгсөн. Мөн “Х-н зөвлөгөө” гэж нэрлэсэн зөвлөгөө өгсөн. Үүнд “Хот, хөдөөгөө ялгаарай хоёр хүүхнээ ялгаарай гэсэн. Учир нь “Би эндээс явахгүй” жүжгийн үйл явдал хотод болон хөдөө өрнөдөг.

-Таны бүтээсэн Дорлиг жүжигчин О.Гэрэлсүхийнхээс юугаараа өөр вэ?

-Жүжигчид солигдлоо гээд дүрийн шугам огт өөрчлөгддөггүй. Харилцаа, үйлдэл бүх л зүйл адилхан. Гэхдээ өөр хүнээр дамжиж байгаа учир хэлбэр, дүрснээс авахуулаад бага зэргийн өөрчлөлт бий. Минийх О.Гэрэлсүх ахын бүтээсэн Дорлигоос илүү өөрийнхөөрөө, дэврүүн зантай учир уучлахад ойр болоосой гэж хүссэн. 

-Жүжигчин О.Гэрэлсүх та хоёр Дорлигийг судалж, тэр дүрд хувирч байгаа учир ямар хүн гэдгийг нь хамгийн сайн мэднэ. Та Дорлигийг хэрхэн тодорхойлох вэ?

-Эр хүн амьдралд заавал ямар нэг алдаа гаргадаг. Дорлиг хамгийн нандин зүйлээ алдсан хүн. Мөн алдааг нь уучлах хүн нь ор сураггүй алга болсон учир сэтгэлийн шаналлаа өөртөө тээдэг. Тэр үед нь Дорлигийг харвал өрөвдөнө. Нэг удаагийн уучлал мянган жаргалын үүдийг нээнэ гэж үг байдаг. Хэрвээ Дорлигийг уучлахгүй тэр чигт нь орхивол хүн л юм чинь шанална. Мөн Дорлиг үр хүүхэдтэй гэдгээ мэдэхгүй, элэг бүтэн амьдралаа нандин бус зүйлтэй хольж хутгасан. Санаандгүй байдлаар алдаа гаргасан. Явцын дунд үнэн худал хоёр шалгараад гараад ирэхэд түүнийг сонсох хэн ч байдаггүй. Яг энэ үед нь Дулмаа түүнийг уучилдаг. Гагцхүү энэ уучлал монгол эмэгтэй хүнээс гарах ухаан, нандин чанар болов уу.
Би Дорлигийг самуун явдлаас болж амьдралаа гээгээгүй. Гагцхүү хүнийг дутуу таньснаас болж алдсан гэж боддог. Хүн эзэмшсэн мэргэжил, ур чадвар, материаллаг шинж чанараас илүүтэй хайраас шим тэжээл авч, хүчирхэгждэг. Харин энэ “эх үүсвэр”-ээ алдагдахын цагт өөр зүйлээр орлуулахын тулд архи гэх мэт буруу зуршилтай болдог. Өөрт тохиолдсон бэрхшээлийг хайрын тусламжгүй давж гарахыг хичээдэг ч хүч нь хүрдэггүй үе байдаг. Энэ бүхэн үйл явдал Дорлигт тохиолддог.

-Амьдрал дээр маш олон Дорлиг бий. Тэдэнд хандаж юу гэж хэлмээр байна?

-“Бодол буруу шийдвэр гаргах тохиолдол бий. Зүрх л зөв шийдвэр гаргадаг” шүү гэж үг байдаг. Амьдрал дээрх олон Дорлиг үйл явдлын өрнөлд хууртагдахаас илүүтэй зүрх сэтгэлээ сайн чагнаж, уучлал гуйж мөн уучилж чадвал амьдралаа бүтнээр нь авч үлдэх боломж ямагт байдаг. Яагаад гэвэл уучлал хүн бүрийн зүрх сэтгэлд байдаг. Чин сэтгэлээ уучлал гуйж байгаа, уучилж байгаа хоёр хүн заавал уулздаг. Тиймээс Дорлигууд уучлал гуйж, мөн уучилж байх хэрэгтэй.

-Магадгүй 10 жилийн дараа өөрт тань Дорлигт тохиолдсон шиг үйл явдал болох вий гэж бодож байсан уу?

-Бодсоон. Ухаанаар шийдэх боломжтой, зүрх сэтгэлээр даван туулах боломжтой мөн өөрчилж болохгүй зүйлс амьдралд байдаг. Гэхдээ би өөртөө андгайлсан зүйл бий. Гэр бүл салалт ямар үр дагавар авчирдаг гэдгийг би мэднэ. Тиймээс өөрийн амьдралдаа Дорлигийн алдааг гаргахгүй.

-Таныг цахим орчинд цаг заваа зарцуулдаггүй. Сошиал хаяг ашигладаггүй гэж сонссон?

-Интернэт бол мэдээллийн маш том орон зай. Гэхдээ би цахим орчноос мэдээлэл хайхаас илүүтэй Судар бичгийн хүрээлэн болон номын санд суугаад ном товхимлоос мэдэх гэсэн зүйлээ олж авахыг хүсдэг. Би өнгөрсөн жил УДЭТ-ынхаа хамгийн олон ном уншсан уншигчаар шалгарсан. Би театрынхаа номын сангийн бүх номыг унших зорилго өөртөө тавьсан. Улиралдаа багтаад 10 ном уншихыг хүсдэг. 

-Та “Тавилан-2” кинонд гол дүр бүтээсэн. Арав гаруй жилийн өмнө эхний ангид тоглосон жүжигчин Б.Амарсайхан, А.Төгсбаяр нар өнөөгийн Монгол киноны өнгө төрхийг тодорхойлж байна?

-Энэ бүтээлд хоёрдугаар курсын оюутан байхдаа тоглосон. Эхний анги нь 1999 оны Урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах "Гоо марал" наадмаас дебют номинацид шагнал хүртэж байсан. Намайг сонгож кинондоо тоглуулсан Баяраа ахдаа (найруулагч Л.Энхбаяр) маш их талархдаг. Би “Тавилан-2” кинонд Зоригоо гэдэг итгэмтгий тэр хэрээрээ бусдын итгэлийг даадаг залуугийн дүрийг бүтээсэн. 

-Киноны төгсгөл хэсэгт Зоригоо нас бардаг. Үзэгчид арай өөр төгсгөл хүссэн байх?

-“Тавилан-2” киног үзсэн маш олон хүн “Чамайг яагаад амьд үлдээсэнгүй вэ. Зоригоо их гоё дүр. Тийм амархан үхчих байсан юм уу” гэх хэлдэг. Миний бодлоор “Тавилан” киноны дараагийн анги хийгдэх байх. Зоригоогийн дүрийн хувьд ч хувь тавилан нь ингээд дуусахгүй. Учир нь найруулагч надад Зоригоо хутгалуулаад газар унана л гэж хэлсэн. Би найруулагчаас “Тэмцэлдэхгүй юм уу” гэж асуухад Л.Энхбаяр ах “Чи зүгээр л уна” гэж хэлсэн.

-Тайзан дээр гарахын өмнө хэрхэн дүрдээ хувирдаг вэ?

-Миний дотор өөртэйгөө ярилцдаг орон зай бий. Тайз руу гарахын өмнө тэр орон зайдаа өөртэйгөө ярьдаг. Дүрдээ хувирах эхлэл цэгээ хатгахын тулд өөртөө болох гэж буй үйл явдлыг хүүрнэдэг. Тэр үед дүрээ мэдрэх мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмжийг алдалгүй барьж авах хэрэгтэй. Тухайн мэдрэмж сарних гээд ярвигтай асуудал бол байдаг. 

Дашрамд сонирхуулахад, Монголын мэргэжлийн театрын үндэс суурийг тавьсан ардын жүжигчин, төрийн шагналт Э.Оюуны 100 жилийн ойд зориулан шинэтгэн тавьсан “Би эндээс явахгүй” жүжиг ирэх сарын 8-нд 18:00 цагаас ахин тоглогдоно.


Эх сурвалж: