Н.Дашдэндэв: Циркчид бол нэгнийхээ гарт итгэж амиа даатгадаг хүмүүс

Ярилцлага / Time Admin
2018 оны 03 сарын 30

Монголд циркийн урлаг хөгжөөд 77 жилийг ардаа орхижээ. Энэ урт хугацааны түүхийг өнөөдөр ч циркчид олон улсын тавцанд нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч яваа. Үүний нэг тод жишээ бол, дэлхийд алдартай, 150 гаруй жилийн түүхтэй АНУ-ын “Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн циркт сүүлийн гурван жилийн турш ажиллаж ирсэн “Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчид. Монголын циркт өөрийн хувь нэмрээ оруулж яваа  тус  циркийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Дашдэндэвтэй ярилцлаа. Тэрбээр хоёрдугаар ангийн сурагч байхдаа циркийн тоглолт анх үзсэн бөгөөд маш их таалагдсан учир ангийн багшдаа “Би циркчин болно” гэж хэлж орхисон гэдэг. Тун удалгүй есхөн настай бяцхан Дашка сургуулийн самбараас “Циркт бүртгэж байна” гэх зарыг олж хараад шууд бүртгүүлснээр циркийн урлагт эргэлт буцалтгүй оржээ. Түүнийг өнөөдөр “Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчин, жонглёрчин, акробатчин, аварга могой тоглуулагч гэдгээр нь олон нийт сайн мэднэ.  

-Циркчин бүрийн хүсэл мөрөөдөл болсон “The Ringling Bros.and Barnum & Bailey” нүүдлийн циркт ажиллаад ирлээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Соёлын тэргүүний ажилтан Б.Батбаяраар ахлуулсан манай “Circus Mongolia Khadgaa”-ийн циркийн жүжигчид 28 хүний бүрэлдэхүүнтэйгээр Америкад төдийгүй дэлхийн номер нэг цирк болох ”The Ringling Bros.and Barnum & Bailey” нүүдлийн циркт гурван жилийн турш 33 орны уран бүтээлчидтэй хамт ажиллаад ирлээ. Энэ хугацаанд Америкийн бүх хот, мужуудаар тойрон аялан тоглолт хийсэн. “Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн цирк нь хүн бүрийн мэддэг, циркчин болгоны зүрхэнд байдаг алдартай цирк юм. Америкийн алдартай циркийн эцэг компани гэгддэг “Feld Entertainment” 1964 онд 150 гаруй жилийн түүхтэй тус циркийг худалдаж авсан байдаг. Тэрнээс хойш энэхүү циркийн үйл ажиллагаагаа тасралтгүй явагдаж сая 2017 оны тавдугаар сард хаагдсан. “Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн цирк нь “Red”, “Blue”, “Gold” гэсэн гурван гол шоутой байсан. Биднийг очоод удаагүй байхад “Gold” шоу нь хаагдаж “Red”, “Blue” хоёр шоу нь үлдсэн.

Шоу тус бүрдээ бүтэн хоёр жилийн хөтөлбөрийн дагуу циркийн бүх жүжигчид, заан, морь, тэмээ, арслан бар зэрэг амьтад болон бусад тоглолтын хэрэгсэлээ багтаасан 5-6 км урт галт тэргээр хотоос хотуудын хооронд нүүдэллэн тоглодог. “Red” шоу нь нийт 120 вагонтой. Вагоныхан урт нь 5-6 км. Циркийн жүжигчид, ажилчид гээд нийт 500-600 хүн амьдардаг. “Blue” шоу бас яг адилхан. Хамгийн сонирхолтой нь, “Red” болон “Blue” вагоны циркийн уран бүтээлчид жилд нэг л удаа уулздаг. Учир нь хоёр вагон жилд нэг газар нэгэн зэрэг зогсох үе ганц тохионо. Тэр үеэр 1000 мянга гаруй уран бүтээлчид нэг дор уулзаж ёстой л хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаж байгаа юм чинь. Орон орны циркчид нэг баг болж хамт ажилладаг тийм агуу түүхтэй циркэд тоглож байгаад ирлээ. Гол нь үзэгчидээ зорьж очиж тоглодогоороо их онцлогтой цирк.  

-Ийм агуу түүхтэй цирк чухам яагаад хаагдах болов?

-Дотоодын улс төрийн асуудал мэдээж байдаг л байх. Ер нь тэгээд амьтны эрхийн асуудал хэд хэдэн удаа хөндөгдсөнөөс болж хаагдсан. “Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн циркийн гол хүчин зүйл нь ерөөсөө амьтад. Заан, бар, арслан, тэмээ, морь, тэмээн хяруул, гахай, нохой, могой, шувуунууд, имж, лхам гөрөөс, ямаа, хонь гээд байхгүй амьтан алга. Америкчууд амьтны эрхийн хууль ярьж, циркийн амьтдыг хассаар байгаад барагшахуу үзэгчгүй болоод сүүлдээ хаагдсан. Олон орны уран бүтээлчид хамтарч толилуусан аялан тоглолт үнэхээр гайхалтай байсан. 

-“The Ringling Bros.and Barnum & Bailey” нүүдлийн циркээс 2011 онд урилга хүлээн авч байл уу?

-Анх энэхүү санаачилгыг Монголын циркчдийн холбооны дэд тэргүүн, “Circus Khadgaa Mongolia” компаний ерөнхий захирал Ч.Хатанбаатар ах 2011 оны дундуур бид бүгд ярилцаж сууж байхдаа гаргаж байсан. 2012 онд бид Дэлхийн циркийн урлагийн Олимптой зүйрлэх "Монте Карла"-гийн наадмаас акробатын төрлөөр "Хүрэл алиалагч" шагнал хүртсэн. Тус наадмаас 28 жилийн дараа акробатын төрлөөр эх орондоо тэр том гайхалтай шагналыг авчирлаа хэмээн тухайн үед Монгол улсын Засгийн газраас манай циркчдэд мөнгөн шагнал гардуулж байсан. Тэмцээн дууссаны дараа “The Ringling Bros.and Barnum & Bailey” нүүдлийн циркээс манай циркэд урилга ирүүлсэн. 2014 онд манай цирк “The Ringling Bros.and Barnum & Bailey”-тэй хамтран ажиллах гэрээ хийж байв. 

-Жилийн турш вагон дотор амьдарна гэхээр их сонирхолтой сонсогдож байна. Олон орны жүжигчид, олон янзын хэл, соёл гээд явдал өрнөнө биз?

-Америкчууд өөрсдөө хүртэл та нар яаж энэ вагонд амьдараад байдаг юм бэ гэж гайхаж асуудаг байсан. Вагоныг хүн амьдарахаар тохижуулсан байдаг. Жүжигчин болгон өрөөтэй. Эрэгтэй эмэгтэй тус тусдаа 00-той, душтай. Нэг вагоныг бүүр гал тогоо болгосон. За тэгээд жүжигчин бүрийн өрөөг хувцасны шүүгээ, ор, сандал, ширээ гээд хүнд хэрэгцээтэй бүх зүйлээр хангаж, нөхцлийг бүрдүүлж тохижуулж өгсөн. Америкийн нэг хотоос нөгөө хот руу циркийн вагоноор жүжигчидтэй хамт явж аялах хүсэл мөрөөдөлтэй маш олон хүмүүс байдаг учраас VIP суудал хүртэл  байдаг юм байна лээ. Дандаа өвөрмөц газруудаар, томоохон хотуудаар явна. Галт тэрэг хотуудаар хөндлөн гулд явж байгаад шууд уул хад, гоё тал хээр лүү гарчихна. VIP суудалд суусан жирийн иргэд байгалийн сайхныг үзэж, жүжигчидтэй хамт хоол ундаа иднэ. Бүхэл бүтэн 120 вагон шүү дээ. Вагоны коридороор явахад орон орны дуу хөгжим, орон орны гитар, хүмүүсийн аялга, яриа хөрөө гээд тэнд жинхэнэ амьдрал өрнөнө дөө. Бид хэд чинь тамбер дээрээ гарч зогсох дуртай. Тамбер нь зүгээр цэлийсэн том цонх. Тамбер дээрээс яг бодит амьдралыг харна. “Дамбо” хүүхэлдэйн киног “The Ringling Bros.and Barnum & Bailey” циркт зориулж гаргаж байсан гэж сонссон. Хүүхэлдэйн кинон дээр зааны тугалнууд вагоноор яваад байдаг ш дээ. Жилийн турш аялан тоглолтоор явахдаа вагоны ард чингэлэгээ, дунд нь циркийн амьтдаа ачаад урд нь жүжигчид нь өөрсдөө суугаад тэгэж нүүж явдаг байлаа бид. Вагоны цонхоор өнгөрч байгаа тэр уул хад, тал газар, мод, барилга байшин гээд тэр бүгд одоо хүртэл нүдэнд харагддаг. Вагоны дуу эхлээд дасахад хэцүү байсан. Зургаан сарын дараа ямар ч дуу чимээг тоохгүй болж нам унтдаг болсон. Циркчин бүрийн мөрөөдөл болсон энэхүү циркэд ажиллаж түүхийн хуудсанд нэрээ мөнхөлж байгаа бид азтай шүү. 

-Ринглингд байхдаа бүл нэмсэн гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Ажлын хажуугаар хүүхэдтэй болчихдог юм бэ гэж үү тэр жаахан гэнэтийн юм болсон шүү. Ажилтай явж байгаад бурхны бэлэг пок гээд ороод ирснийг мэдээгүй байсан. Эхнэрээ хоёр сартай жирэмсэн байсныгч мэдээгүй циркийн үзүүлэбэрийг нь хийлгээд л байсан. Манай эхнэрийг Б.Биндэрьяа гэдэг. Тэмээтэй акробатын жүжигчин. Эхнэр нэг өдөр бие нь сонин байна гэхээр нь хоёулаа явж эмнэлэгт үзүүлсэн чинь эмч нь баяр хүргэе, та хоёр хүүхэдтэй болсон байна гэж хэлсэн. Бурхнаас авсан бэлгийг буцаалтай нь биш авья гээд авсан. Авах авахдаа бүүр хоёроор нь авсан шүү. “Feld” компаниас танай эхнэрийг төрөх хүртэл амралт олгоноо оронд нь хүнээ авчираарай гэсэн. Оронд нь өөр жүжигчин ирж тоглоод шоу тоглолт маань зогсохгүй үргэлжилсэн. Тэгээд Ринглингийн түүхэнд эрэгтэй эмэгтэй ихэр азиудаас анх удаа төрлөө гэж манай хоёр ихрийн зураг Америкийн сонин, сэтгүүлд гарч нэг хэсэгтээ шуугианы эзэд болсон.

 “Feld Entertainment”-ийн ерөнхийлөгч сүүлчийн хурал дээр биднийг нэг ч удаа тоглолт зогсоогоогүй гэж онцолж, талархлын бичиг гардуулж,  Монголын циркийн жүжигчид ямар ч үед туулах чадвартай мундаг байсан, гайхалтай байсан монголчууддаа баярлаа. Та бүхэн ямар ч хүнд цаг үед, хүн дутуу бэртэлтэй байсан үедээ ч шоугаа нэг ч удаа зогсоож байгаагүйд баярлалаа гэж хэлсэн. 

-Цирк өөрөө эрсдэлтэй урлаг. Энэ хугацаанд бэртэл гэмтэл авсан жүжигчид байгаа юу?

-Байлгүй л яахав. Би гэхэд өвдөгөө мушгиад, зөөлөн эд нь гэмтсэн гээд 14 хоног вагондоо эмчилгээ хийлгүүлсэн. Бусад жүжигчдийн хувьд 2-3 сарын бэртэл байна. Ялангуяа тэмээтэй харьцаж байгаа охидуудад тэмээ нь цочих булгих үед унах гэдэг ч юм уу зөндөө асуудлууд гарна. Эрсдэл маш их. Маш олон бэртлүүд байсан. Тэр бүгдийг давахгүй бол циркчин байгаад яах уу. Тэгээд л давж гарсан. Охидууд ч шазруун юм. Унаж бэртчихээд хэд хоноод л ажлаа хийнэ гэж ороод ирнэ. Гадаадын жүжигчдээс хэд хэдэн жүжигчин хүнд гэмтэл авч, ахиу циркийн урлагаар явах боломжгүй гэх шалтгаанаар нутаг руугаа буцсан.  

-Эх орондоо буцаж ирээд юу хийж байна. Том зорилго өвөртөлж ирсэн байх? 

-Монголын циркчдийн холбооны дэргэдэх “Hand to hand” мэргэжлийн уран нугаралтын жижиг студиэ нээсэн. Манай циркийнхэн нэгнийхээ гараас барьж, нэгнийхээ гарт итгэж амиа даатгадаг шүү дээ. Би нэг гарт очиход л тэр хүнд итгэсэн тулдаа гар дээр нь зогсоно. Яг үүний адил циркийн урлаг бат бөх, хоорондоо уялдаа холбоотой байх ёстой гэдэг үүднээс энэ нэрийг өгсөн. Жижиг студи байна гэж голох хэрэггүй. Жижигээсээ чанартай уран бүтээл гаргаж байж л олон улсын тэмцээн уралдаанд Монголынхоо нэрийг гаргана гэж л үзээд байна ш дээ. Ринглингийн циркийн олон шоунуудыг үзэж сонирхсон учраас хэд хэдэн санаа авсан байгаа. Маш том зорилго өвөртөлж, томоохон шоунуудыг тээж ирсэн. Одохоондоо нэр усыг нь хэлэхгүй. Битүүмжилж байгаад сюрпризээ нэг өдөр задална. Одоогоор зураг төсөл, дүр гээд эхлэл ажилдаа ороод байна. 

-Таны хувьд Америкийн бүх мужаар аялан тоглолт хийж байсан. Харин одоо Монгол эх орныхоо өнцөг булан бүрт хүрч аялан тоглолт хийх төлөвлөгөө бий юу? 

-Гоё хэллээ. Манай тоглолтын маршрут тавдугаар сараас эхлэнэ. Эхлэлийн маршрут Говь-Алтай аймаг. Манай хамт олон зөвхөн аймгийн төвд биш нэг ч сум үлдээхгүйгээр зорьж очиж тоглолтоо хийнэ. Миний хувьд ажлын төлөвлөгөөгөө улирал бүрээр гаргачихдаг. Тэр төлөвлөгөөнийхээ эхэнд хүүхэд болгон аз жаргалтай, инээж байх ёстой, баяр хөөртэй байх ёстой гэж бичдэг. Тийм учраас энэ удаагийн тоглолтыг томоохон зорилгоо болгосон. Бид холоос зурагтаар биш, видео бичлэгээр биш тухайн орон нутгийн хүүхдүүд дээр хүрч очиж тоглох ёстой гэдэг зорилго тавиад циркийн захирал болон жүжигчидтэйгээ ярилцаж ирэх тавдугаар сараас эхлэн ажил хэрэг болгохоор зэхэж байна. 

-Монголд ирэхээс өмнө орон нутгийн хүүхэд бүрт хүрч тоглолтоо хүргэе гэж бодож байв уу. Аль эсвэл хүүхэдтэй болсноос хойш ийм бодол төрсөн үү?

-Би өөрөө хүүхдэд хайртай. Хэний ч хүүхэд байлаа гэсэн инээх л ёстой гэж дотроо боддог. Магадгүй хүүхэдтэй болсноос хойш ч юмуу тэрний хүүхэд энэний хүүхэд гэхгүйгээр инээд хөөр, аз жаргал хүүхэд болгонд байх ёстой гэж илүүтэй боддог болсон. Бас нэгэн ажил төлөвлөсөн байгаа. Удахгүй болох Инээдмийн өдрөөр манай циркийн хамт олон “Өнөр бүл” асрамжийн төвд “Инээд бэлэглэе” тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Үнэ төлбөргүй. Цааш цаашдаа ч би энэ чиглэлээрээ явна. Хаана хүүхэд байна би тэнд байж хүүхэд бүрт инээд бэлэглэх ёстой.

-Ингэхэд таны бага нас хаана өнгөрөв. Циркчин Дашка багадаа ямар хүүхэд байв?

-Би ухаан орохын Сонгинохайрхан дүүрэгт өссөн хотын унаган хүүхэд. Манайх яг дүүргийн хажууханд байдаг байлаа. Тэр хавьд миний хүүхэд ахуй нас өнгөрсөн. Тэндээсээ би чинь цирктэй уялдсан хүн шүү дээ. Намайг чинь хар багын л хөлд гутал тэсгээдэггүй, ерөөсөө байнгын л гүйж явдаг сандал дээр минут ч суудаггүй хүүхэд байсан гэлцдэг. Би чинь хамаг гутлаа ураад дуусчихдаг хүүхэд байлаа ш дээ. 

-Гутал тэсгээдэггүй сахилгагүй жаал чухам циркийн урлагтай яаж холбогдов. Энэ урлаг руу эргэлт буцалтгүй ороход нөлөөлсөн нэг юм байгаа даа?

-Сахилгагүй Дашка нь Сонгинохайрхан дүүргийн 9-р сургуулийг төгссөн. 1995 он санагдаж байна. Хоёрдугаар ангид байхдаа ангиараа явж цирк үздэг байлаа. Тэгэж яваад л анх цирктэй танилцсан. Монгол улсын гавьяат жүжигчин Я.Амаржаргал ах тоглодог байлаа шүү дээ. Сайхан залуухан ч  байсан. 1990-ээд он Амраа ахын ид бужигнуулж байсан үе. Тэр өдрийн тоглолт надад их таалагдсан. Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн ангийн багшдаа “Би циркчин болно” гэж хэлж орхисон. Юугаа ч бодож байсан юм. Тэгээд л циркчин болсон доо. 

-Яг ямар үзүүлбэр таалагдсан бэ?

-Шидэлтийн акробатын үзүүлбэр байсан. Бас нилээд их амьтан байсан. Циркийн амьтан сургагч, Монгол улсын гавьяат жүжигчин Д.Амгалан ахын чоно, баавгайтай үзүүлбэр, таалийгаач Ю.Цэндтогоо ахын баавгай үзүүлбэр тухайн үед маш гоё санагдаж байсан. Анх удаагаа цирк үзэж байсныг хэлэх үү. Тэрнээс хойш нилээд хэдэн удаа ангиараа цирк үзэж байсан. Нэг өдөр манай сургуулийн зарын самбар дээр циркэд бүртгэж байна гэсэн зар байгаа юм чинь. Бөөн аз байдаг юм байгаа биз дээ ерөөсөө л годроотоод гүйж очоод бүртгүүлсэн. 1996 онд бүртгүүлсэн. Тэрнээс хойш тасралтгүй явж байна.

-Циркт бүртгүүлчихээд гэртээ ирэхэд аав ээж нь яаж хүлээж авсан бэ?

-Мэдэхгүй ээ, үнэндээ сайн санахгүй байна. Бараг юм хэлээгүй байх. Тэрнээс өмнө би чинь зодооноор яваад тэгээд аав зодолдуулахгүй зодоонч болгохгүй гээд каратэд явдаг байсан. Каратэд гайгүй явж байгаад бас л больсон. Нэг хэсэг дугуйлангуудаар дамжаад яваад л байдаг байсан. Тэгээд циркийн зар олж харсан өдрөөс хойш цирк рүү эргэлт буцалтгүй орсон. Ёстой нээрээ дээрээ олон ах эгчтэй байсан тулдаа ч гэдэг юм уу, аав ээж хоёр зүтгүүлсээр байгаад циркчин болсон доо.

-Багаасаа нилээд хөдөлгөөнтэй, бас каратэгээр хэсэг хичээллэж байсан гэхээр хөдөлгөөний эвсэлтэй л байсан байх. Циркийн аль төрлөөр мэргэшиж төгссөн бэ?

-Анх Гончигийн Батбаатар багш дээр акробат үсрэлтийн ангид бүртгүүлж байсан. Багшаараа акробат үсрэлт, тулах тэнцвэр заалгаж байсан. Акробат үсрэлт, тулах тэнцвэр хоёр миний  үндсэн жанр гэсэн үг. 2001 онд анх багштайгаа, группынхантайгаа Герман улсад  болсон циркийн томоохон гала тоглолтонд оролцож анхныхаа гараагаа эхлүүлж байлаа. Тэрнээс хойш үүргэвчээ үүрээд, чемоданаа чирээд сая гэхэд 2017 оны тавдугаар сар хүртэл аялан тоглолтоор  яваад ирлээ  шүү дээ. Цирк гэдэг агуу айлд үндсэн хоёр жанраасаа гадна жонглёр, илбэ хоёрыг ганцаарчилж сурсан. Партнёр, акробатчин Б.Эрдэнэтогтох ахтайгаа агаарын гимнастикийн үзүүлбэр үзүүлж байсан. Могойтой үзүүлбэр бас хийж байсан.

 

-АНУ руу явахаас өмнө та жонглёрын хажуугаар могойтой үзүүлбэр үзүүлдэг байсан. Одоогоос яг найман жилийн өмнө цирк дээр таны могойтой үзүүлбэрийг үзэж байсан юм. Би андуураагүй бол таны могойг Хайрхан гэдэг байх аа. Могойтой үзүүлбэр үзүүлэхэд хэр их эрсдэлтэй вэ?

-Тийм. Миний могойг Хайрхан гэдэг. Могойтой үзүүлбэр үзүүлэх маш их эрсдэлтэй. Хүн харахад зүгээр л нэг том могойтой бүжиглээд тоглоод л байна гэдэг. Яг яс юман дээрээ могой гэдэг амьтан өөрөө эрсдэл ихтэй. Дээрээс нь миний тоглуулдаг “Пайтен” үүлдрийн энэ могой чинь дэлхийд хүний амь хороосноороо бас дээгүүрт бичигддэг юм байна лээ. Энэ төрлийн могойнууд хүнийг боодог, чангалдаг гэдгээрээ эрсдэл ихтэй. Могойтой үзүүлбэрийг харсан зарим хүмүүс их айдаг.  Эрсдэл бол байнга байна. Могой чинь  өөрөө огт хувирдаггүй амьтан. Нохойг бол бид хараад л уурлаж байгаа эсэхийг мэдэх боломжтой. Ууртай нохой байна, ойртохгүй байя гэдэг ч юм уу. Могой бол яг л  нэг хэвээрээ байдаг. Тэр баярласан ч инээсэн ч хоолоо идсэн ч яг нэг төрхөөрөө байдаг учраас хэзээ хазах, хэзээ ороохыг хэлж мэдэхгүй учраас эрсдэл ихтэй. Монголчууд могойг хүйтэн цустай амьтан гэж ярьцгаадаг. 

-Таны могой Монголд ирсэн хамгийн анхны могой бил үү?

-Монголд ирсэн хамгийн анхны могой. Намайг могой авчирахаас өмнө циркд арслан, бар, сармагчин, нохой, ирвэс, баавгай байсан. Хэвлээр явагч амьтан бараг байгаагүй байх. Хэвлээр явагч амьтантай хамт тоглодог маань онцлог юм болов уу гэж боддог. Одоо тэгээд нэмнэ дээ. Энэ жилээс могойноос гадна хоёр, гурван ч амьтан шинээр нэмэгдэж байна. Хүмүүст түрүүлээд хэлчихвэл арай болохгүй байх. 

-Сюрприз юм биз дээ. Бас л хэвлээр явагч амьтан уу, үгүй юу?

-Бас л хэвлээр явагч амьтан байгаа. Гэхдээ том. Могойноос илүү эрсдэл ихтэй. Циркчин болсных шинэлэг үзүүлбэр хийж үзэх л хэрэгтэй гэж боддог. Тэдгээр амьтадтай энэ жилээс эхлээд бэлтгэл сургуулиалтаа хийж эхлэнэ. Ямартай ч шинэ содон өөр үзүүүлбэр үзүүлэхийг зорьж байгаа. 

-Гэр бүлтэй болоогүй байхдаа “Хайрхан”-тайгаа хамт амьдардаг байсан. Одоо ч гэсэн могойтойгоо хамт амьдардаг уу? 

-Хүүхэд могой хоёр нэг дор хамт байж болохгүй. Могой нялх хүүхдийн үнэрт дуртай. Тиймээс өндөр эрсдэлтэй гэсэн үг. Хайрханыхаа хажууд бас нэг могой авчирч ханьтай болгосон.  

-Та сүүлийн гурван жилд Монголд байгаагүй. АНУ-д аялан тоглолтоор явж байсан. Тэр үед долоон жил хамт байсан Хайрханаа санав уу?

-Энд байхгүй байх үедээ бараг өдөр болгон могойгоо зүүдэлдэг байлаа. 

-Сонирхолтой л юм. Яаж зүүдлэх үү? 

-Хайрхандаа хазуулж байна, хөөгдөж байна, хамт тоглолтонд явж байна гэж зүүдэлсэн. Зүүдлэх болгондоо могойгоо харчихдаг байсан л даа. Заримдаа бүүр яг жинхнээсээ могойндоо хазуулж байгаа юм шиг зүүдлэнэ. Шөнө дунд юу вэ гээд л дав гэж сэрж байгаа юм чинь. Өглөө нь Монгол руу циркийн захирал Ч.Хатанбаатар ах руугаа утасдаж юу болж байна, Хайрхан яаж байна, дажгүй юу шөнө зүүдэллээ гэж асууна. Утасдах болгондоо Хадгаа ах дажгүй байгаа цаадах чинь харин хоолоо жаахан идэхгүй байна гэж хэлнэ. Намайг явснаас хойш Хайрхан маань жилийн хугацаанд маш цөөхөн удаа хоол идсэн юм байна лээ. Бас жаахан бэтгэрсэн байсан.

-Олон жил хамт тоглосон эзнээ санасан байх, тийм үү?

-Бас байна шүү. Би ч гэсэн могойгоо байн байн санаад томорч байна уу, эсвэл жижгэрч байна уу, усаа ууж байна уу, хоолоо идсэн үү гэж байнга асууна. Нилээд олон жил хамт тоглосон дээрээс нь бие биедээ дассан байгаа ш дээ. Одоо бол Хайрхан маань хоолоо сайн идээд таргалаад л, хамтдаа тоглолтонд яваад л сайхан байна.  

-Дэлхийн хамгийн том циркт ажиллаж байх үеэр өөрөөрөө бахархсан цаг, мөч цөөнгүй байсан байх. Энэ талаар ярихгүй юу?

-“Ringling Bros & Barnum Bailey” нүүдлийн циркийн хамгийн олон монгол жүжигчин оролцсон “CIRCUS XTREME” хөтөлбөрийн тоглолтын үеэр хөгжмийн найруулгандаа монголын ардын язгуур урлагийн төлөөлөл хөөмий, хархирааг ямар ч орчуулгагүйгээр оруулж өгсөн нь их онцлогтой байсан. Монгол хөөмий, хархираагаа сонссон тэндхийн монгол ахан дүүс маань маш сайхан хүлээж авсан. Огшиж, бүүр уйлж байсан шүү. Очсон муж болгонд америк хүмүүс манай шоу тоглолтыг олзуурхаж хүлээж авсан. Хөөмий, хархирааг их сонирхож, энэ үг хэллэгэнд яг ямар утга агуулга байна гэж байнга асууна. Циркчнээ хийхийн хажуугаа хархираа, хөөмий хийнэ гэдэг бас л том бахархал. Хархираагаар тууль хайлна. Нэг удаа тоглолтын үеэр үзэгчид нам гүм  болсон. Тэр үед өөрөөрөө их бахархсан. Монгол хэв маяг, үндэсний хувцас бас морин хуур гээд үнэхээр гайхамшигтай. Үндэсний хэв маягаа агуулсан тэр гоё шоугоороо бахархахгүй байхын аргагүй. 

-Алс холын Америк оронд таны бас нэгэн нууц авьяас илэрсэн байна шүү дээ?  

-Энэ авьяасыг анх Түрк улсад “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг ах маань надад нээж өгч байсан. Хархираа, хөөмийн тал дээр их тусалсан. 

-Харь оронд аялан тоглох үеэр ардын язгуур урлагаа цирктэйгээ хамт авч явсан байх нь? 

-Америкчууд маш сайн хүлээж авсан. Зарим нь бүүр гайхана. Чи хоолойндоо аппараттай юу, ямар нэгэн юм суулгасан уу гэж байнга асууна. Хоолойндоо юм суулгасан гэж ярьцгаадаг байсан. Очсон газар болгоны үзэгчдийн анхаарлыг татаж чадсан. Манай үндэсний язгуур урлаг үнэхээр гайхалтай. Агуу түүхтэй Монголоороо их бахархсан. Ийм сайхан өв соёлтой, ийм гоё өвөрмөц хоолой, хөгжмийн зэмсгээрээ маш их бахархаж байлаа. 

Ярилцсанд баярлалаа.

Т.Жанерке