Эхний улиралд Ази-Европын хооронд 221 галт тэрэг ачаа тээвэрлэжээ

Эдийн засаг / Т. Сарангуа
2018 оны 04 сарын 02

Image result for УБТЗ Ачаа тээвэр

Өнгөрсөн долоо хоногт Хятадын хойд хэсгийн Тяншань хотоос Улаанбаатарын чиглэлд ачаа тээврийн галт тэрэгний шинэ сүлжээ нээгдсэн. Цаофэйдиан боомтоос Эрээнээр дамжин Улаанбаатар, цаашлаад Европын улсууд руу ган болон барилгын материал тээвэрлэнэ гэдгийг Шиньхуа агентлаг мэдээлсэн билээ. Энэхүү тээвэрлэлтийн сүлжээ нь манай улсын төмөр замын дамжин өнгөрөх тээврийн урсгалыг нэмэгдүүлэх шинэ чиглэл болж байгаа юм.

Өнгөрсөн жил манай улс нийт 22.8 сая тонн ачаа тээвэр хийснээс транзит тээврээр 3 сая гаруй тонн ачаа тээвэрлэсэн болохыг Улаанбаатар төмөр зам нийгэмлэгээс мэдээллээ. Харин энэ оны эхний улирлын байдлаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 3 хувиар нэмэгдсэн гэлээ.

ОХУ-аас БНХАУ руу     625 мянган тонн ачаа тээвэрлэсэн
БНХАУ-аас ОХУ руу    145.9 мянган тонн ачаа тээвэрлэжээ.

Тэгвэл энэ оны эхний гурван сарын байдлаар, “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Ази-Европын хооронд манай улсаар дамжин 221 галт тэрэг ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад Ази-Европын хооронд хийгдсэн ачаа тээвэр 3.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа юм.

Бас нэгэн сонирхолтой үзүүлэлтийг дурьдахад 2017 онд Монгол улсаар дамжин Эрээн боомтод хүргэсэн ачаа тээврийн хэмжээгээр Улаанбаатар Төмөр зам бүх Хятадын боомтуудаас хоёрдугаарт оржээ. Ийнхүү өсөн нэмэгдэж буй ачаа тээврийн урсгалыг дагаад Улаанбаатар төмөр зам энэ жил 4-5 гол замын ачааны зүтгүүр, сэлгээний 10 хүртэл тонны зүтгүүр нэмж авч байгаа гэлээ.