Apple-ийн ухаалаг бугуйн цаг гэмт хэрэгтнийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлжээ

Технологи / Time Admin
2018 оны 04 сарын 04

apple iwatch зурган илэрцүүд

Австрали улсын цагдаагийн газраас “Apple” компанийн ухаалаг бугуйн цаг гэмт хэрэгтнийг илрүүлэхэд дэмжлэг болсон талаар Wired.com вебсайт мэдээллээ. Тус улсын цагдаагийн газарт ирсэн хүн амины хэргийн  нотолгоо, мэдүүлэг нь хохирогчийн зүүж явсан цагийн мэдээлэлтэй таарахгүй байсан тул дахин нягталж, шалгажээ.  

Хэрэг явдлын тухайд гэвэл Марна Нилсон гэх 56 настай эмэгтэй 2016 онд харамсалтайгаар хүнд алуулж амь насаа алдаж байжээ. Хүн амины хэрэгт хохирогчийн бэр Каролин Нилсон гэх эмэгтэйг яллагдагчаар татаж байв. Уг хэргийн талаар бэр нь худал мэдүүлэг өгч, санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн аж.  Мөрдлөгийн явцад хохирогчийн амиа алдсан цаг, яллагдагчийн хэлсэн цагтай таараагүй байна. Тодруулбал 56 настай  эмэгтэй рүү оройн 6:45-д бүлэг этгээд дайрсан гэсэн мэдүүлгийг хэрэгтэн хэлсэн ч "Apple Watch" нас барсан цагийг  6:48 хэмээн тогтоожээ. 

 “Apple”-ийн ухаалаг бугуйн цаг хүний хөдөлгөөн болон зүрхний цохилтыг мэдрэх чадвартай. 

Яллагдагч Нилсон цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө түүний хадам ээжийг машинтай хэд хэдэн залуус дагаж, 20 минут орчим гадаа муудалцаж байсан ба энэ үед өөрийгөө хоолны өрөөнд хаалгаа хаачихсан зогсож байсан гэсэн худал мэдүүлэг өгчээ. Амиа алдсан хөгшин хатагтайн бугуйд зүүсэн ухаалаг цаг нь түүнийг гэрийн гадаа биш гэртээ орж ирээд амиа алдсан байж болзошгүй гэсэн мэдээллийг тухайн хэргийг хариуцаж байсан прокурор Кармен Маттев хэлж байв. 

Эх сурвалж: ВВС