TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 5

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 04 сарын 05

2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр дотоодод өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1.    УИХ-ын 2018 оны хаврын чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өнөөдрөөс эхэллээ. Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох, цаазын ялыг сэргээх, АТГ-ын даргыг яаралтай солих, тэтгэврийн доод хэмжээг 500 мянгад хүргэх зэрэг асуудлаар саналаа илэрхийлэв.

Харин УИХ-ын дарга М.Энхболд хариуцлага ёс зүйг өндөржүүлэх, шийдлээ хүлээж буй асуудлуудыг яаралтай шийдэх хэрэгтэй байгааг онцлоллоо. [Time.mn]

2.    Д.Гантулга УИХ-ын гишүүний халдашгүй эрхээсээ түдгэлзэх хүсэлт өгчээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт нэр холбогдоод удаж буй. Тэгвэл тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө УИХ-ын даргад өнөөдөр өглөө. Түүний хүсэлтийг УИХ-аар хэлэлцэж дэмжвэл Д.Гантулга УИХ-ын гишүүний хувиар бус энгийн иргэний нэгэн адил хууль хяналтын байгууллагад шалгагдах юм. Дашрамд дурьдахад, халдашгүй бүрэн эрхээсээ түдгэлзэнэ гэдэг нь УИХ-ын гишүүнээс татглзах гэсэн үг биш бөгөөд зөвхөн халдашгүй эрхээсээ татгалзах юм. [Time.mn]

3.    Нийслэлийн төрийн албаныхан 08.00 цагаас ажилдаа цуглана

Авто замын  ачааллыг зохицуулах,  хаврын бүтээн байгуулалтыг дэмжих, түгжрэлийг бууруулах зорилгоор  нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг  дөрөвдүгээр сарын 15 -наас  08.00 цаг, дуусах цагийг  17.00 цаг байхаар тогтоолоо. Ингэснээр ажил эхлэх цагийг хуучин мөрдөж байсан хугацаанаас 30 минут урагшлуулж байгаа юм. [Ulaanbaatar.mn]

4.    Монголын бизнесийн зөвлөлөөс Б.Бямбасайханы талаар МЭДЭГДЭЛ гаргалаа

Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ /2009/ болон Дубайн гэрээ /2015/ -тэй холбоотой АТГ-ын мөрдлөгийн тухай Монголын Бизнесийн зөвлөлөөс мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд Б.Бямбасайхан Оюутолгойн гэрээ байгуулагдсаны дараа Монголдоо ирсэн гэдгийг дурьдаад түүнийг Монголын нийгэмд чухал хувь нэмэр оруулж байгаа манлайлагч төдийгүй хоёр намын удирдсан Засгийн газруудад нэр төртэйгөөр зөвлөхөөр ажиллаж байсан гэжээ. [Ikon.mn]

5.    Ипотекийн зээлийг хөнгөвчлөх асуудалд Засгийн газар онцгой анхаарна 

Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Ипотекийн зээлийг хөнгөвчлөх, иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах, түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зэрэг ажилд Засгийн газар онцгой анхаарна” хэмээн мэдэгджээ. [News.mn]