Монгол улсын зорилтонд дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын 45 хувь нь тусгагдаагүй

Нийгэм / Т. Сарангуа
2018 оны 04 сарын 06

Related image

2015 онд Мянганы Хөгжлийн зорилтууд дуусгавар болсноор НҮБ-аас дэлхий нийтээр хэрэгжих 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий Тогтвортой Хөгжлийн зорилтыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэхээр болсон. Байгаль орчинд ээлтэй хөгжлийн чиглэлийг тодорхойлох уг зорилтонд тулгуурлан Монгол Улс ч мөн адил Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ыг баталсан. 

Мянганы хөгжлийн зорилтыг амжилттэй хэрэгжүүлж дууссан гэсэн боловч энэ онд Дэлхийн Банкнаас гаргасан судалгаагаар хүн амынх нь гурван хүний тутмын нэг нь ядууралд өртсөн Монгол улсын хувьд Тогтвортой Хөгжлийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх нь анхаарал татаж байна. Тэр дундаа, ОУВС-гийн хэрэгжүүлж буй хөтөлбөртэй холбоотойгоор төсвөө танаж буй Монгол улсын засгийн газар “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрхэн хэрэгжүүлэх нь эргэлзээтэй байна гэдгийг НҮБ-аас анхааруулж байгаа юм.

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийн орлогч Даниела Гаспарикова “Тогтвортой хөгжлийн зорилт нь хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар хөгжил, цэцэглэлтийг явуулахыг хэлж байгаа. Тухайлбал Монгол улсын хувьд эдийн засгийг төрөлжүүлэхдээ ХАА-н салбарт хөрөнгө оруулалт татахыг зорьж байна. Гэтэл хөрөнгө оруулагчид эко систем, хүрээлэн буй орчны чанарын асуудалд ихээхэн ач холбогдол өгөх болсон. Нөгөө талаас Монгол улс Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахыг зорьж байгаа хэрнээ төсвийн зарцуулалт хязгаарлагдмал байгаа нь хүрээлэн буй орчны асуудалд хэр анхаарал хандуулах бол гэдэг эргэлзээг төрүүлж байна” гэлээ.

НҮБ: МОНГОЛ УЛС ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН БИЕЛЭЛТ ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАЙНА

НҮБ-аас Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд Дэлхийн Тогтвортой Хөгжлийн зорилтын 45 хувь нь тусгагдаагүй гэж дүгнэжээ. Харин Үндэсний Статистикийн Хорооноос Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлалд тусгасан 244 шалгуур үзүүлэлтээс 103-ыг нь дүгнэн тодорхойлох боломжтой гэсэн байна.

Үзэл баримтлалд 2030 он гэхэд хүрсэн байх үндсэн 20 зорилтыг тодорхой зааснаас заримыг нь дурьдахад,
-    Эдийн засгийн жилийн дундаж өсөлт          6.6 хувь
-    Нэг хүнд ногдох үндэсний ний орлого        17500 ам.доллар
-    Хүний хөгжлийн үзүүлэлт                70-р байранд
-    Дундаж наслалт                    69,5 жил
-    Ядуурлын түвшин                    0

Тэгвэл Хөтөлбөрийн хэрэгжилтийн хувьд одоогийн байдлаар үндэсний хэмжээний бодлогын зорилтыг тодорхойлох ажил үргэлжилж байна гэдгийг Үндэсний хөгжлийн газраас мэдэгдлээ. 

Хамгийн гол нь Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд, одоогийн хэрэгжүүлж буй бодлоготой хэр нийцтэй байгаа болон салбар хоорондын уялдаа холбоог хангах асуудал чухал байна. Үүнээс гадна Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь урт хугацааны бодлого учраас төр, засаг солигдсон ч гэсэн бодлогын тууштай байдлыг хангах хэрэгтэй юм. Тиймээс ч Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуулинд өөрчлөлт оруулах, урт хугацааны бодлогыг нэгдсэн байдлаар явуулах бодлогын баримт бичгийг боловсруулахаар ажиллаж байна гэж Үндэсний Хөгжлийн газрын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэн хэллээ.