TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 03

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 04 сарын 03

2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр дотоодод өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1. С.Баярцогт, Б.Ариунсан нарыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэлээ

Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Ариунсан нарыг үргэлжлүүлэн хорих эсхүл батлан даалтад гаргах асуудлаар өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээр хэлэлцэж, 30 хоног үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэв.

Шүүх хурлын дараа С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон "Ямар ч оргон зугтах юм уу хамтарч ажиллахгүй гэх үндэслэл байхгүй байхад хорих шийдвэр гаргасантай санал нийлэхгүй, гомдолтой байна” хэмээн хэвлэлийнхэнд хандав. [Time.mn]

2. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг жагссан эмэгтэйчүүд ЦААЗЫН ЯЛыг дэмжихгүй гэв

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Дахин тэвчихгүй” нэртэй тайван жагсаалыг зохион байгуулсан долоон эмэгтэйн төлөөллийг УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр (2018.04.03) Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Тэдний зохион байгуулсан тайван жагсаалд Улаанбаатар хотын 20000 орчим иргэн оролцож, Эрүүгийн хууль тогтоомжид оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжиж 15590 хүн гарын үсгээ зурсан юм.

Эхчүүд, эмэгтэйчүүдийн төлөөлөл “Бид цаазын ялыг сэргээхийг дэмжихгүй байгаа. Харин бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд бүх насаар нь хорих болон өршөөл, уучлалд хамруулдаггүй байхыг хүсэж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. [Time.mn]

3. Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлнэ

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Гадаад паспортын хэлтэс ачааллаа дийлэхгүй, урт дараалал үүсгэж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлэх болсон. Тэгвэл энэ сарын 9-ний өдрөөс эхлэн гадаад паспортын үйлчилгээг нийслэлийн зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст шилжүүлэхээр шийдвэрлэжээ. [Time.mn]

4. Бөхийн өргөө, Мишээл экспо зэрэг зориулалтын бус обьектод урлагийн тоглолт зохион байгуулахыг хориглолоо

Өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр Мишээл экспо төвд Хурд хамтлагийн тоглолт зохион байгуулагдах үеэр тааз нурж хүн бэртсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шшалгалт арга хэмжээ авч, "Crocus", "One event hall", Нийслэлийн Соёл урлагийн газар, Бөхийн өргөө гэх мэт газруудад тоглолт болон урлаг соёлын үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхаарууллаа. Эдгээр газрууд нь үзвэр үйлчилгээ үзүүлэх танхим нь зураглалын дагуу бус, галын аюулгүй байдлыг хангаагүй, техникийн шаардлага хангаагүй, барилга байгууламжийн хийцийн хувьд эзлэхүүн нь иргэдэд аюулгүй бус, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын стандартыг хангаагүй, дотоод хяналтын шаардлага хангаагүй гэх зэрэг зөрчилтэй гэв. [Zindaa.mn]

5. Нийслэлийн ногоон бүсэд зорчихыг түр хугацаанд хориглов

Хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээг авч эхэлжээ. Энэ хүрээнд нийслэлийн ногоон бүсэд зорчихыг түр хугацаанд хориглож байгаа бөгөөд дүүргийн ногоон бүсийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон хороодод ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах юм байна. [Time.mn]