Замын-Үүдийн цагдаагийн төсөв болон орон тоо 1992 оноос хойш огт нэмэгдээгүй

Орон нутаг / Н. Сугар
2018 оны 04 сарын 04

25 мянган хүн амтай Замын-Үүд сумд 2000 хүнтэй сумтай ижил төсөв зарцуулдаг

Монголын хамгийн том боомт болох Замын-Үүд өнөөдрийг хүртэл хөгжихгүй байгаа нь шүүмжлэл дагуулсаар ирсэн. Гэтэл хилийн цаадах Эрээн хот 10 жилийн өмнөхтэй нь харьцуулахын аргагүй хөгжиж байна. 
Эрээн хотын цагдаагийн газрын мэдэлд 2000 гаруй хяналтын камер ажилладаг. Үүний дээр хилийн цэрэг, мэргэжлийн хяналтын байгууллага нь бүгд тус тусдаа камерийн хяналтын системтэй. Гэтэл Замын-Үүд суманд 41-хэн камер ажиллаж байна. Дахиад 900 гаруй сая төгрөгөөр камержуулалт хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, бүтэн жилийнхээ төсвийг бүгдийг зарцуулж байж иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ. Хэрэв улсад төвлөрүүлдэг мөнгөө сумынхаа хөгжилд зарцуулдаг бол нөхцөл байдал өөр байхыг орон нутгийн удирдлагууд хэлж байгаа юм.

Замын-Үүд сум улсын болон аймгийн төсөвтөө хамгийн их мөнгө төвлөрүүлдэг сум. 2017 онд улс аймгийн төсөвт нийт 6 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлжээ. Харин эргээд жилд 960 сая төгрөгийн төсөв авдаг.
Замын-Үүдийн боомтоор жилдээ 2 сая гаруй хүн орж гардаг. Суманд бүртгэлтэй, бүртгэлгүй 25 мянга орчим хүн оршин суудаг. Гэтэл жилийн төсөв нь 2000 хүн амтай жижиг сумын төсөвтэй ижил хэмжээнд байгаа юм. Өөрөөр хэлбэл төсөвт оруулдаг мөнгө, хүн амын ачааллыг харгалзан бусдаас илүү төсөв өгөх шаардлага байна гэсэн үг.

Түүнчлэн, тус суманд гарч байгаа онц ноцтой гэмт хэргүүдийн шалтгааныг төсөв мөнгөтэй холбон тайлбарлаж болно. Учир нь цагдаагийн байгууллагын төсөв болон орон тоо 1992 оноос хойш огт нэмэгдээгүй. Өнөөдрийн байдлаар 25 мянган хүн амд 50 гаруй цагдаа үйлчилж байна.