Замын-Үүд сумын иргэдийн амьдралыг “улаан бөглөөт” архи улам доройтуулж байна

Орон нутаг / Н. Сугар
2018 оны 04 сарын 04

Замын-Үүдэд архидалт нэмэгдэж, иргэдийн амьдрал доройтоход улаан бөглөөт хэмээх хятад архи нөлөөлж эхэлжээ. Өмнөд хөршид 1000 төгрөгөөр зардаг Улаан бөглөөт гэж нэрлэсэн архийг Замын-Үүд суманд 2500 төгрөгөөр борлуулдаг. Хилээр оруулахыг хориглосон энэ архийг иргэд хууль бусаар оруулж ирдэг ч гаалийнхан үүнд хяналт тавьж чадахгүй байгаа юм.

Учир нь Замын үүдийн боомтоор өдөрт 1600-2000 тээврийн хэрэгсэл орж, гардаг ч гаалийн байгууллагад техник хэрэгслийн хангамж байхгүй. БНХАУ-аас ганц ширхэг рентгэн төхөөрөмж суурилуулж өгсөн нь өдөртөө 100 автомашиныг л шалгах боломжтой аж.

Тиймээс хилээр нэвтэрч буй автомашинуудыг гаалийн байцаагч нар”нүдээрээ” л шалгадаг гэсэн үг. Бодит байдал дээр гаалийн байцаагч нар хянаж шалгахаас илүүтэй татвар ногдуулах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Өдөрт 8 байцаагч үүрэг гүйцэтгэнэ. Нэг байцаагч 100 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж оруулдаг гэсэн үг. Энэ бүрт дүүрэн бараа ачсан машиныг бүрэн шалгаж чаддаггүй нь тодорхой.
Улаанбөглөөт архинаас хордлого авсан цөөнгүй хэрэг гарсан. Түүнчлэн хоногтоо эрүүлжүүлэхэд хонож байгаа иргэдийн дийлэнх нь улаанбөглөөт архийг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Энэ байдал удаан үргэлжилсээр байвал Замын-Үүд сумын иргэдийн амьдрал улам доройтсоор байх эрсдэлтэй.

Image result for улаан бөглөөт