Зинедин Зидан: К.Роналдогийн гоол олон жил яригдана

Спорт / Ч. Энхбат
2018 оны 04 сарын 04

Image result for zidane ronaldo

Буурал тивийн топ тулаан УЕФА-гийн Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд өнгөрсөн шөнө эхэллээ. Энэ хүрээнд өнгөрсөн жилийн финалын тоглолт фанатуудын өмнө эргэн ирж Италийн Ювентус өөрийн талбайд 12 удаагийн дэлдэн чихт цомын эзэн Реал Мадридыг хүлээн авсан юм. 

Ердөө 10 сарын өмнө 4:1-ийн харьцаатай ялалт байгуулж 12 дахь цомоо өргөж байсан Эзэн хааны баг энэ тоглолтыг ч төгс эхлүүлж Испани хагас хамгаалагч Иско-гийн дамжуулалтаар Кристиано Рональдо тоог нээсэн байна. Эхний гоолыг хаалгандаа алдсан хөгшин хатагтай нар энэ цаг мөчөөс довтолгоогоо эрчимжүүлсэн ч тоог тэнцүүлж чадалгүй эхний хагасыг дуусгасан. Харин эхний хагас дуусахтай зэрэгцэн Паула Дибала-г шүүгч жүжиглэсэн гэж үзэн шар хуудас өргөсөн нь хожмоо энэ тоглолтыг нэг мөр шийдсэн юм. 2-р хагасын 64 дэх минутанд Аваргуудын лигийн 63 жилийн түүхэндэх гоёмсог гоолуудын нэг бүртгэгдэхэд Кристиано Рональдо 1.45 метр өндөр үсэрч унаж татсанаар Жианлуччи Буффоныг хоёр дахь удаагаа өвдөг сөхрүүллээ. Талбай дээрээ хоёр гоол алдсан Ювентус энэ гоолоос 2 минутын дараа бүр ч хүнд байдалд орсон бөгөөд Пауло Дибала шүүгчээс хоёр дахь шар хуудсаа хүртэж талбайг чөлөөлөн, дараагийн тоглолтонд оролцох боломжгүй болсон юм. Цаашид дахин хэд хэдэн аюултай довтолгоог Ювентус гүйцэтгэсэн ч Кейлор Навас найдвартай байсан юм. Үлдсэн цагт энэ тоглолтын эцсийн цэгийг Марселона хатгаж Реал Мадрид 3:0-ийн харьцаатай Италийн гигантыг талбайд нь буулган авлаа. Энэ тоглолтын шилдгээр нэрлэгдсэн Кристиано Рональдо Аваргуудын лигийн 10 тоглолт дараалан гоолдсон анхны тоглогч болсон. Мөн Ювентусын эсрэг сүүлийн 6 тоглолтонд 9 гоол оруулж, Аваргуудын лигийн шөвгийн наймд 22 дахь гоолоо бүртгүүлжээ. 
Image result for zidane ronaldo

Реал мадрид багийн дасгалжуулагч Зинедин Зидан "Кристианод байгаа зүйл бол энэ. Хэний ч таамаглаагүй зүйл түүний тоглолтоос гардаг. Хөлбөмбөгийн түүхэндэх гоёмсог гоолуудын нэгийг өнөөдөр бид түүнээс харлаа. Миний Гласков-д оруулж байсан гоолыг маань гүйцэхгүй л дээ. Гэхдээ сүүлд бүртгэгдсэн учраас илүү үнэ цэнэтэй байж болох юм" гэв.

Ювентус ювентус багийн дасгалжуулагч Массимилиано аллегри “Түүхэндэх хамгийн шилдэг гоол гэж хэлж мэдэхгүй юм. Гэхдээ дахин давтагдашгүй, онцгой гоол байсан. Сүүлийн хэдэн жилд Кристиано Рональдо дэлхийн шилдэг төвийн довтлогчоор нэрлэгдэж байгаа. Тэр бол бие даасан тоглогч. Энэ залуу өөрийгөө батлан харуулж, үргэлж шилдэг нь гэдгээ зарласаар ирсэн. Ийм л учраас түүнийг дэлхийн шилдэг гэдэг юм байна. Хариу тоглолтын тухайд гэвэл өнөөдрийн үр дүнгээр хамаараад бид байгаа бүхнээ дайчлах болно. Өнөөдөр тэд үнэхээр илүү байлаа. Дибала бас талбайгаас хөөгдлөө. Энэ мэт үйл явдлууд үр дүнд ихээр нөлөөлсөн гэж бодож байна” гэлээ.

Хариу тоглолтыг хийхээр хөгшин хатагтай нар Сантиаго Бернабэу-д зочлохдоо 3 эсвэл түүнээс дээш гоолын зөрүүтэй өрсөлдөгчөө буулгаж авах хүнд даалгавартай үлдлээ. Өнгөрсөн шөнө эсрэг багийн талбайд ялалт байгуулсан өөр нэг баг бол Байерн Мюнхен. Тэд Севилья-гийн талбай Роман Санчез Писхуан цэнгэлдэхэд зочилж тоглолтын эхний гоолыг хаалгандаа алдсан ч хоёр гоолоор хариу барьж чадсанаар Аллианц Арена-д давуу байдалтай өрсөлдөгчөө хүлээн авах боллоо.