Бөөгийн зан үйл үйлдэж байхдаа гал алдаж автомашинаа шатаажээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 04 сарын 06

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутагт оршдог “Ээж мод”-ны орчим суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлыг газарт 2018.04.05-ны өдрийн 17:00 цагт ирсэн. Дуудлагын дагуу Сүхбаатар сум дахь Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтайгаар гарч голомтод очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 11х25 тоотод оршин суугч иргэн С-ийн “Тоyоta- Allion” маркийн УНЛ 60-19 улсын дугаартай суудлын автомашин шатаж байсныг бүрэн унтраалаа.

Иргэн С нь бөөгийн зан үйл үйлдэж байхдаа автомашиныхаа ард арц, хүж уугиулж, ил гал түлсний улмаас гал алдаж автомашинаа шатаасан бөгөөд гал түймрийн зөрчлийг Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагч үргэлжлүүлэн шалгаж байна.

Тус газарт 04 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд  “Ээж мод”-ны тахилга болж, хөл хөдөлгөөн ихтэй байгаа тул Онцгой байдлын газраас иргэдэд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, сэрэмжлүүлэг материалыг тараан галын аюулгүй байдалд хяналт тавин ажиллаж байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.