TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 09

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 04 сарын 09

2018 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр дотоодод өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1.    Хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айчлалын эхний өдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай уулзаж, баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо. Тодруулбал, хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл зэрэг 11 баримт бичиг багтаж байгаа юм. [Time.mn]

2.    Замын голд автобусны 60 буудал байгуулна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх болон нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Нийтийн тээврийг хөгжүүлэх BRT төслийн бүтээн байгуулалтыг 2019 оноос эхлүүлэх бөгөөд төслийг хэрэгжүүлснээр замын голоор 145 автобус зорчих юм. Замын түгжрэлийг 20-30 хувь бууруулах тооцоотой уг төсөлд 60 автобусны буудлыг замын голд байгуулах шаардлагатай аж. [News.mn]

3.    Монголын Засгийн газар Кемеровогийн иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Оросын Кемерово хотын худалдааны төвд гарсан галын улмаас 64 хүн амь насаа алдсан золгүй явдал гарсан билээ. Монгол Улсын Засгийн газраас Оросын Холбооны Улсын Кемерово хотын худалдааны төвд гарсан галын улмаас түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээнд зориулж “Панкепсинтэй тосон түрхлэг 100гр”  350 ширхэг эмийг хүмүүнлэгийн тусламжаар энэ сарын 6-ны өдөр өгчээ. [Ikon.mn]

4.    Д.Гантулгын асуудлыг шийдвэрлэхэд хуулийн гаргалгаа байхгүй гэв

УИХ дахь намын бүлгүүд УИХ-ын гишүүн Д.Гантулгын түдгэлзэх саналын талаар байр сууриа илэрхийллээ. УИХ дахь МАН-ын бүлэг Д.Гантулгыг хамгаалаагүй гэдгээ мэдэгдээд, хуулийн дагуу шийдвэрлэхэд гарц гаргалгаа байхгүй байгаа хэмээн тайлбарлав. Харин УИХ дахь АН-ын бүлэг “УИХ-д хуулийн гарцолдохгүй байна гэж байхгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм. [Time.mn]

5.    Доналд Трамп, Ким Жон Ун нар МОНГОЛД хэлэлцээр хийнэ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын уулзалт хаана болох талаар дэлхий дахинаа анхаарал хандуулж байгаа билээ. Тэгвэл АНУ-ын талаас дээд хэмжээний уулзалтыг гуравдагч, төвийг сахисан оронд хийх шаардлагатай хэмээн үзсэнээ зарлав. Харин "South China Morning Post" вебсайтад мэдээлж буйгаар Монгол улсын нийслэл Улаанбаатар хот АНУ болон Хойд Солонгосын  дээд хэмжээний уулзалтыг хийхэд хамгийн тохиромжтой орон" гэжээ. [Time.mn]