Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Боао 2018” чуулга уулзалтад оролцоно

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 10

Image result for boao 2018

Боао чуулга уулзалтын тухай

Азийн Давос гэгддэг Боао Чуулга уулзалт энэ сарын 8-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотод эхэллээ. Бүс нутгийн эдийн засгийг сайжруулах зорилготой энэ форум нь 2002 оноос хойш зохион байгуулагдаж байгаа ба эдийн засаг, хамтын ажиллагаа, нийгэм, хүрээлэн буй орчин гэсэн сэдвүүдэд голчлон анхаарал хандуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг юм.

Тус форум энэ жил “Дэлхийн хөгжил цэцэглэлтийн төлөөх нээлттэй, шинийг санаачлагч Ази” уриан дор зохион байгуулагдаж дөрвөн өдөр үргэлжлэх юм. Энэ жилийн форумд 2000 гаруй зочид, тэдний дунд олон орны Төрийн тэргүүн, Засгийн Газрын гишүүн болон эрдэмтэн, судлаачид оролцож, 60 гаруй салбар хурал, зөвлөгөөнд оролцох аж.

Ши Жин Пиний илтгэл

Тус уулзалтын гурав дахь өдөр буюу өнөөдөр БНХАУ-ын Ерөнхийлөгч илтгэл тавина. Олон нийтийн таамгаар тэрээр илтгэлдээ одоо үүсээд байгаа худалдааны асуудлын талаар, мөн өөрийн улсын эдийн засгийн шинэчлэлийн талаар ярих гэнэ. Түүнчлэн, эдийн засгийн шинэчлэлийг хэрхэн хийх, ямар салбарт түлхүү хандах зэрэг зүйлсийг ярина гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна. Ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийж буй худалдааны хэлэлцээний асуудлыг хөндөн ярих өндөр магадлалтай гэжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-н хэлж буйгаар Ерөнхийлөгч Хятадад эдийн засгийн шинэ хувьсгал хийсний 40 жилийн ойг тохиолдуулан илтгэлээ тавина. Харин өмнөх жилүүдэд тэрээр өөрийн авч хэрэгжүүлэх томоохон зорилт, үйл ажиллагааг танилцуулдаг байсан бөгөөд 2015 онд л гэхэд “Бүс ба Зам” санаачилгыг танилцуулсан удаатай.

 

Монгол Улсын оролцоо

 

Монгол Улсын хувьд албан ёсны айлчлал хийж буй Ерөнхий сайд У.Хүрэлсэх форумд оролцож, хэд хэдэн уулзалт хийнэ. Үүнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутьеррес, ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард, БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпинд бараалхах юм. Форумын үеэр БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хэрэгжих төслүүдийн талаар, улс орнуудын оролцооны талаар хэд хэдэн илтгэл, хэлэлцүүлэг болно. Иймд Монгол улсын оролцоо чухал онцлогтой байх нь.

 

Чуулганы талаар хэн юу гэж онцлов

 “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд бусад улс орнуудын хүртэж болох ашиг, давуу талын тухай энэ уулзалтаас нэлээн тодорхой мэдээлэл авах боломжтой. “Бүс ба Зам” санаачилгын бүтээн байгуулалтын ажил нь бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулахаас гадна харилцаа холбоо, өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой санаачилга юм.

Хятадын ОУ-ын эдийн засгийн харилцааны төвийн судлаач Лиу Шиандон:

Гол асуулт бол ерөөсөө л хэрхэн илүү их өсөлтөнд хүрэх тухай явдал юм. Үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж байгаа өнөө үед, инноваци нь асуудлыг шийдэх гарц гэж бодож байна. Тиймээс ч бид инновацийг илүү онцолж байгаа юм.

Азийн Боаогийн форумын ЕНБД Жоу Вэньжон:

Зарим судлаач Боаогийн форум нь дэлхийн чөлөөт худалдаанд Хятад улс ирээдүйд ямар үүрэг гүйцэтгэх, ямар нөөц бололцоо байгаагаа харуулах томоохон боломж гэж онцолж байлаа.

Х.Ичинхорлоо