TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 06

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 04 сарын 06

2018 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дотоодод өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1.    Худалдааны эргэлтийн хэмжээг 300 сая ам.долларт хүргэх санал харилцан тавив

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар албан ёсны хэлэлцээ хийлээ. 2017 оны байдлаар 31 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг харилцан тавив. Түүнчлэн, харилцан ойлголцлын долоон санамж бичигт гарын үсэг зурсан юм. [Zasag.mn]

2.    Д.Гантулга УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээсээ түдгэлзэх өргөдлөө УИХ-д хүргүүлсэн билээ. Энэ талаараа "Бүрэн эрхээсээ татгалзах саналтай байгаагаа олон удаа илэрхийлсэн шүү дээ. Би өөрийгөө шалгуулах, үнэн мөнийг олж тогтоохын төлөө идэвхитэй ажиллаж байгаа. Өнөөдөр би яллагдах тогтоолоо авсан. Яллагдагчаар татагдсан байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй юм билээ" хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Түүний асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж байгаа юм.  [Time]

3. 2018 онд шинээр 556.2 км авто замын барилгын ажлыг шинээр эхлүүлнэ

2018  онд улсын төсөв, гадаадын  зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр орон нутгийн есөн чиглэлд 556.2 км авто замын  барилгын  ажлыг шинээр эхлүүлж,11 чиглэлийн 863.9 км авто замын барилгын ажлыг  он дамжин хэрэгжүүлж, нийт 15 байршилд төмөр бетонон  болон модон гүүрийн  барилга, их засварын ажил, хоёр байршилд  нүхэн гарцын барилгын ажлыг  эхлүүлэхээр төлөвлөжээ. [News.mn]

4. Сувилагч нар орон даяар ажил хаялт зарлана

Сувилагч нар ажил хаялт орон даяар зарлаж байгаа талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэв. Тодруулбал, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулсан “Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга, идэвхтэн сонгуультнуудын улсын зөвлөгөөн”-д оролцогчид УИХ, Засгийн газарт найман заалт бүхий шаардлага хүргүүлэхээр боллоо. [Time.mn]

5. Төрийн 17 байгуулагын албан тушаалтнуудын ХОМ-ыг зарлалаа

Авлигатай тэмцэх газар төрийн 17 байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг өнөөдөр зарлав.
МУ-ын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Цагдаагийн ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн байгууллагын албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг Авлигатай тэмцэх газрын http://www.xacxom.iaac.mn сайтад байршуулжээ. [News.mn]