Сирид химийн зэвсэг дахин хэрэглэсэн үү

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 09

Ням гарагийн өглөө Сирийн нийслэл Дамаск хотын зүүн хэсэг дэх босогчдийн булаан эзэлсэн Доума хотод химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй байна. Энэхүү халдлагад Башар Асадын Засгийн газрыг буруутгаад байгаа бөгөөд одоогоор 500 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, 70 гаруй хүн нас барж, хэдэн арван хүн шархадсан гэх мэдээлэл байна. 

Химийн зэвсгийн дайралтад өртсөн хүмүүсийн ихэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан аж. Засгийн газрыг буруушаасан талынхан уг химийн бодист хордсон байдалтай байгаа хүмүүсийн зураг, видеог онлайнд байрлуулаад байна. 

Химийн бодис хэрэглэсэн уг дайралтыг АНУ, Европын холбоо буруушаасан мэдэгдэл хийв. Харин Москва болон Тегеран дахь Ассадын холбоотнууд химийн зэвсэг хэрэглэсэн нь ташаа мэдээлэл хэмээн үгүйсгэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн болон Батлан хамгаалах сайд нар худал мэдээлэл хэмээн мэдэгдсэн байна.

Их Британийн Гадаад харилцааны албын хувьд өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “Энэ асуудлын үнэн зөвийг цааш нь судлах хэрэгтэй. Хэрэв үнэхээр химийн зэвсэг хэрэглэсэн нь нотлогдвол энэ Асадын харгислалын тод жишээ болно” гэжээ. 
АНУ-ын хувьд мөн химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг тогтооно гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэхүү явдалд Ассадыг дэмждэг ОХУ, Иран улсыг буруутгасан байна.

Сирийн хэвлэл мэдээллүүд мөн химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг үгүйсгэж байгаа ба харин Доумаг эзэлсэн Исламын бүлгэмийг худал видео тараан дэлхий нийтэд цацаж байна хэмээн буруутгажээ.

Доума хот нь Сирийн засгийн газрын бүсчлэлд байдаг, сэтгүүлч болон гадны хүмүүсийг нэвтрүүлдэггүй учир мэдэгдэл үнэн эсэх нь мөн эргэлзээтэй ажээ.
 
Сири дэх мөргөлдөөнийг Британиас хянан ажигладаг Хүний эрхийн төлөө Сирийн Ажиглалтын Байгуллагын мэдэгдэж буйгаар тус газрыг өнгөрсөн хугацаанд ОХУ болон Ираны дэмжлэгтэй армиуд бөмбөгдөж 1600 гаруй хүний аминд хүрээд зогсохгүй иргэдийг хүчээр шилжин нүүлгүүлж байна гэжээ.

Доума нь тус газар нутаг дахь босогчдын гарт орсон сүүлийн хот бөгөөд Сирийн Засгийн газар буцаан авна гэдгээ мэдэгдсэн юм. 
Энэхүү халдлагын дараа Ням гарагийн орой Сирид агаарын цохилт өгсөн. Харин энэ агаарын цохилтыг АНУ-ын зүгээс үйлдээгүй гэдгээ мэдэгдсэн. Эдгээр асуудалтай холбоотойгоор Даваа гарагт мөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралдахаар болжээ.

Х.Ичинхорлоо