Ж.Ганбаатар: Үр хүүхдүүд минь биднээс илүү ухаантай болоод, тавьсан өр зээлийг төлнө гэж найдахаас

Улс төр / Time Admin
2018 оны 04 сарын 11

Ж.Ганбаатар: Аж ахуй эрхэлнэ гэдэг нь гэмт хэрэг биш

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нийслэлд хэрэгжүүлэх гэж байгаа хоёр томоохон төслийн талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Хотын дундуур явж байгаа төмөр замыг 150 тэрбум төгрөгөөр холдуулчих нь л даа. Төмөр замаа холдуулбал гүүр барихаас хамаагүй өртөг багатай болох байх шүү. Засгийн газар яагаад энэ асуудлаа эргэж харж болдоггүй юм. 

Улаанбаатар хотынхоо төвд өндөр өртөгтэй гүүр барина гэж яриад байна. Үүнийгээ миний үед хийсэн, чиний үед хийсэн гээд хэл ам гаргаад байдаг. Зайсангийн зам нь өөрөө түгжрэлтэй зам. Цаанаа түгжрэлгүй бол яах вэ. Гол нь цаанаа түгжрэлтэй учраас гүүрэн дээрээ л түгжирнэ шүү дээ. Хайран 100 гаруй тэрбумын зардал болно доо.

Бас өр зээлийн асуудал байна. Юм болгонд л зээл авч байгаа. Гүүр зээл, үйлдвэр зээл, зам зээл. Бүх юм зээл. Хэн төлөх вэ. Бидний хүүхдүүд төлчих нь байх л даа тиймээ. Үр хүүхдүүд минь биднээс илүү ухаантай хүмүүс гарч ирээд бидний тавьсан өр зээлийг төлнө гэж би найдаж байна. Тийм найдлага л тавихаас биш” хэмээн байр сууриа илэрхийлэв.

БНХАУ-ын Засгийн газараас олгож байгаа 500 сая ам.долларын экспортын хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх жагсаалтад Замын цагдаагийн уулзварт баригдах гүүрний төсөл багтаж байгаа бөгөөд 42 орчим сая ам.доллар буюу 100 орчим тэрбум төгрөгөөр барих юм.

Харин хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас авах 16.7 сая ам.доллар 40 орчим тэрбум төгрөгийн зээлээр байгуулахаар яригдаж байгаа юм.