Б.Баярцэнгэл: Гэр бүл төлөвлөлтгүйн улмаас хүүхдээрээ гэрлээд хүүхдээрээ салж байна

Ярилцлага / Time Admin
2018 оны 04 сарын 11

Монгол улсын хэмжээнд 2016 онд 16 мянга 778 хос гэр бүл болж, гал голомтоо бадраасан байна. Мөн энэ 100 хүн тутмын 3 нь буюу 4003 хүн гэр бүлээ цуцлуулж, салсан байдаг. Эдгээр салсан өрх гэр бүлүүд дунджаар 2-3 хүүхэдтэй байдаг тул салалтын улмаас 12 мянга гаруй хүүхэд золиос болж, элэг бүтэн өсөж чадахгүй байна. Дийлэнх хосуудын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тааруу. Хэн хэн нь бүрэн төлөвшөөгүйн улмаас хэт зэлуудаа гэрлэх хандлага ажиглагдаж байна. Салалт болон гэр бүлийн үнэ цэнэ, бие биеэ ойлгох тухай сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр гэр бүлээ төлөвлөх нь харилцаагаа хэвийн урт удаан үргэлжлүүлэхэд чухал нөлөөтэй хэмээн онцоллоо.

- Гэр бүл салалтын гол шалтгааныг Та юу гэж харж байна вэ?

- Салалтын ерөнхий шалтгаан нь хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй байдал, гэр бүлээс гадуурх харилцаа, эдийн засгийн мөлжлөг, гэрт гүйцэтгэх хосын үүрэг, эрх мэдлийн тэнцвэргүй байдал, хэт залуугаараа бие хүн болж төлөвшөөгүй насандаа амьдрал эхлүүлэх гэх мэт асуудлаас салалт нэмэгдэж байна.

Гэр бүл гэдэг нийгмийн хамгийн чухал нэгж хэсэг бөгөөд зөвхөн хос хоёрын харилцаа биш юм. Гэр бүлийн хүнийхээ гэр бүлтэй мөн адил гэрлэж буй хэлбэр юм. Надад хандаж буй ийм асуудалтай тулгарсан гэр бүлүүд салах эхний шатандаа эсвэл салахаас өөр замгүй харилцааг бүрдүүлчихсэн ирдэг. Тухайлбал, таван гэр бүл тутмын хоёр нь гэр бүлээс гадуурх харилцаатай бол үлдсэн нь хадам талын дарамт эсвэл хоорондын таарамж муу байгаагаас салж байна. Хосууд ихэвчлэн хоорондоо ярилцдаггүй, нарийн нандин зүйлсээ бие биетэйгээ хуваалцдаггүй, хоёр тийш хараад суучихсан гэр бүлүүд байна. Ийм хүнд асуудалтай гэр бүлүүд ихэвчлэн аль нэг хадам ээж аав нь сэтгэл зүйчид хандаад ярилцаад үз гэж зөвлөсний дагуу холбогдож ирж уулздаг.

Гэр бүл төлөвлөлтийн талаар?

Гэр бүлээ зөв хугацаанд, тохирох хүнтэйгээ төлөвлөх шаардлагатай. Залуу хосууд амьдрал болон нийгмийн баталгаагаа бүрэн тооцоогүйн улмаас салж нийлэх тохиолдол байна. Тухайлбал амьдрах байр, нөхцөл байдлаа гэрлэлтэндээ тооцохгүй байна. Залуу хосууд “Чи, бид хоёр байхад болно гэсэн” итгэл сэтгэлээр тэмүүлэн амьдарч байгаа нь бодит байдалд нийцэхгүй болоод байна. Материаллаг эд зүйлс залуу гэр бүлийн хэвийн харилцаанд нөлөөлдөг зүйлсийн нэг бөгөөд салах шалтгаан нь ч болж байна. Залуу гэр бүл өөрсдийн цаашдын хамтын зорилгоо тодорхойлвол удаан хугацаанд хамтдаа байх бүрэн боломжтой. Мөн хэн нэг нь хадам талтайгаа муу харилцаатай байвал хосуудын салах магадлал өндөрсдөг.

- Таны бодлоор гэрлэхэд тохиромжтой нас хэд вэ?

Монголд гэрлэлтийн тохиромжит нас гэж тогтоосон судалгаатай зүйл алга. Залуу гэр бүлүүдийн хувьд орлого, хэрэглээгээ дагаад орон байрны асуудал эсвэл хүүхэдтэй боллоо гэхэд харах халамжлах гэх мэт асуудлуудаас болж салж тусдаа амьдралыг эхлүүлж байна. Өөрөөр хэлбэл насандаа тохирох ачаагаа үүрэхгүй байгаа юм. Гэр бүлийн хариуцлагаас зугтаж, бүрэн нас бие гүйцсэн хүн болж чадаагүйн улмаас салалт нэмэгдэж байна. Дэлхийн зарим улс оронд 25 хүртэлх настай хүн өсвөр насны ангилалд багтаад байхад манай улсад 18-22 насандаа амьдрал эхлүүлж байна. Зарим нь сэтгэлийн хатгүйн улмаас салж, нийлэх тохиолдол их байна. Ямар ч төлөвлөлтгүйн улмаас хүүхдээрээ гэрлээд хүүхдээрээ салаад байна.

-  Гэр бүлийн харилцаагаа хэвийн хадгалж үлдэхийн тулд хосууд юу хийх ёстой вэ?

-Тогтвортой хөгжлийг бий болгох нь хамгийн чухал байна. Хүүхэд байнга өлгийтэй чигээрээ уйлж, хооллож, хуурайлахгүй шиг гэр бүл яг л хүүхэд шиг өсөж томорч торнино тэр хугацаанд тулгарч буй зүйлийг эерэгээр хүлээн авч шийдвэрлэх хэрэгтэй юм.

Гэр бүлийн хүмүүс амьдралынхаа зорилгыг тодорхойлох, өөрсдийнхөө үүрэг, хариуцлага юу вэ гэдгийг ухамсарлах, бид юу хийж чадах вэ гэдгээ төлөвлөж, бодох хэрэгтэй. Ядаж 2-5 жилийн гэр бүлийнхээ хэтийн төлөвлөгөөг боловсруулах хэрэгтэй. Гэр бүлийнхээ оролцоог идэвхитэй байдлаар хангаж амьдралаа “солонгоруулж” чадвал улам өнгөлөг хэвийн харилцаатай байна.

- Залуу гэр бүлийн харилцаанд завгүй байдал, нийгмийн дарамт нөлөөлдөг гэж боддог?

-Ажил тарсан цагаас хойш гэртээ харихдаа ихдээ нэгээс хоёр цагийг зарцуулж байна. Энэ нь очоод хоолоо идээд ариун цэвэр сахисаар байтал орондоо орох хүртэлх нэг цагийн хугацааг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх боломжтой гэсэн үг. Одоогийн байдлаар нийгэм, эдийн засгийн байдал нь залуу гэр бүлүүд салахад нөлөө үзүүлж буй гэдэгт эргэлзэхгүй байна. Залуу хосуудыг амьдрах орчноо сайжруулах байр зээлэх, шинэ ажилд орох гэх мэт асуудлууд угтдаг. Нийгэм тэднээс байрны өндөр урьдчилгаа харин шинэ ажил тэднээс олон жилийн туршлага нэхэж байна. Тэдэнд таатай нийгмийн орчин үгүйгээс хамтын амьдралдаа ханамж буурах цаашлаад нийгмээс дарамт ихээр ирж байна.

- Гэр бүл салалтын гол хохирогч нь хүүхэд байдаг болов уу. Хүүхдийн зан төлөв, сэтгэцэд гарч болох өөрчлөлтүүдийн талаар ямар зөвлөгөө өгөх вэ?

-Бага насны хүүхдүүдийн хувьд салалтын дараа эрүүл мэндийн үзүүлэлт муудаж нийгэмтэй харилцахад дорой болдог заримдаа тэжээлийн дутагдал, хоолонд дургүй болох сулбагар болдог бол өсвөр насны хүүхдүүдийн хувьд гадагш чиглэсэн харилцаанд нь сөрөг бухимдалтай байгаа нь ажиглагддаг. Хүүхэд эцэн эхээ салж байгааг бүрэн ухамсарласны дараа хэн нэгнийг нь сонгох шаардлагатай тулгарч түүнээс болж сэтгэлзүйн хямралд өртдөг. Зан төлөвийн хувьд зөв харилцаж хайр халамж дутуу өсвөл  насанд хүрсэн ч салалтаас үүдэлтэй гомдол цөхрөл нь салдаггүй мөн өөрөө амьдралаа эхлүүлэх, эсрэг хүйстэнтэй харилцахад айдас бэрхшээлийг дагуулдаг. Мөн эцэг эхчүүдийнхээ дараагийн амьдралаас гэр бүлийн хүчирхийлэлд өртөх байдал эмзэг бүлгүүдэд ажиглагдаж байна.

- Гэр бүл баталгаатай, бат бөх байх гол үндэс юу байдаг вэ?

Гэр бүл баталгаатай оршиход залуус гэрлэхэд бэлэн гэсэн насандаа гэрлэх их чухал байна. Мөн тогтсон үзэл бодол, орлого, нийгмийн баталгаатай болсон цагтаа гэр бүлийн амьдралыг төлөвлөвөл гэр бүлд нь харилцааны бэрхшээл тулгарч болох ч хэрэгцээ орчин хангагдсан бол тухайн субъектив асуудлыг зөв даван туулах боломж олдох юм. Мөн бие биенээ сайн таних үзэл бодол ертөнц хоорондоо холбогддог эсэх нь их чухал хэн нэгнээ үл ойшоох тохуу хийх түвшний харилцаа гэр бүлийг үүсгэдэггүй хэн хэндээ бахархал байж чадаж буй хосуудын амьдрал баталгаатай бөх оршдог. Гэрлэлтийн тохиромжит насны тухай судалгаанд 23-25 гэж хариулсан бол дээрх насандаа гэр бүл болоод явцдаа залуу гэр бүлүүд салж байна. Мөн гэр бүлийн шахалт шаардлага дор гэрлэх хэрэггүй юм. Гэрлэлт нь сайн дурын үндсэн дээр явагддаг салалт ч мөн адил. Аль аль нь бусдын шахалтаар сонголт хийж болохгүй юм.

Манай орны гэр бүлүүдийн дунд харагддаг түгээмэл үзэгдэл байдаг.  Тухайлбал дунд насны гэр бүлүүд унтахынхаа өмнө телевизийн өмнө цуглаад буцаад унтаад маргааш болдог. Харин харьцангуй залуу хүүхэдтэй гэр бүл аль нэг нь толгой өөд татах завгүй хүүхдээ харж,  нэг нь ажлаасаа ирээд унтана. Маргааш нь тал тал тийш тарж явцгаадаг. Өөрөөр хэлбэл гэртээ байх хугацаандаа бие биеэ дэмжиж, хоорондоо сайхан ярилцах, амралтын өдрүүдийг үр дүнтэй өнгөрөөх чухал байна.

- Өрх толгойлсон залуу ээж, охид нийгэмд их байх болж. Үүний шалтгааныг Та  юу гэж харж байна?

-Хамтын амьдралыг эхлүүлэх зориг, хариуцлагыг хүлээх чадамжгүйн улмаас ээжүүд “өрх толгойлсон” гэх статус руу хөл тавьж байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн ихэнх нь олон улсын гэрээ конвенцын дагуу гэр бүл батлуулаагүй буюу ихэвчлэн хамтран амьдрагч статусаас өрх толгойлж үлдэж байна гэсэн үг. Энэ нь гэр бүл салалт гэсэн ойлголтоос өөр. Гэр бүл нь гэрлэлтээр бүртгүүлэх тодорхой хууль тогтоомжтой танилцаж эрхзүйг ухамсарласан харилцаа юм. Монголын нийгэмд гэр бүлээ батлуулаагүй байж гэр бүл гэж өөрсдийгөө нэрийдэж буй амьдрал нийт хосуудын 50 хувьд байна гэж албан бусаар үздэг. Гэр бүлдээ хариуцлагатай байх эхний алхам бол эрхзүйт нийгэмд гэр бүлээ батлуулах гэж хэлж болно. Жилд 3500-4004 гэр бүл салж байна. Салж буй гэр бүлүүд ихэвчлэн хоёроос дээш хүүхэдтэй байна. Үүнээс харвал 12-16 мянган хүүхэд салалтын золиос болж байна. Манай орны хувьд гэрлэлт болон цуцлалтын тооны харилцах байдлыг харахад аюулын дохио хангинуулаад эхэлчихсэн.

- Мөн эцэг эх хүүхэдтэйгээ хаалттай сэдэв, гэр бүлийн талаар ярих нь зөв үү?

Хүүхдийн хөгжлийн үеүдэд тохируулан гэр бүлийн амьдрал, хариуцлага ачааг ойлгуулах нь манай ардын сургаал, ёс заншилд шингэсэн байдаг. Эцэг эхчүүд балчир насанд нь тоглоомын аргаар аливааг ухуулж болох бол өсвөр буюу 12-оос дээш насанд нь бодитоор ойлгуулж ичилгүй ярилцах хэрэгтэй. Үүнд секс, гэр бүл болох тухай, орлого ажил хөдөлмөртэй байх, амьдралаа авч явах тухай. Мэдээж нэг дор бөөндөхгүй. Бага багаар мэдээлэл солилцох буюу нээлттэй ярилцах хэрэгтэй юм. 7-оос дээш насны хүүхдүүд дотно харилцаа гэх мэт ойлголтыг бүрэн гадарлаж ойлгосон байдаг бол дээрх наснаас  бага буюу 5-6 насуудад гадарладаг гэж хэлж болно.  12-оос доош насны хүүхдүүдэд бодитоор хуваалцах бус илүү мэдрэмжтэй хандаж ойлгуулах хэрэгтэй. Хэн нэгний төлөө амьдрах, үнэнч байх тухай хайр хүндлэл гэх мэтээр амьдралын сэдвүүдийг хуваалцаж ярих нь зөв юм.

-Ярилцсанд Баярлалаа. 

Т.АРИУН