“Бүс ба зам” санаачлагад 5 жилийн хугацаанд 80 гаруй улс нэгджээ

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 11

Азийн Давос гэгддэг Боаогийн форум Хятадын Хайнань мужийн Боао хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Азийн улс төрийн лидерүүд болон эдийн засгийн судлаач, экспертүүд оролцож байгаа уг чуулганд БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний тавьсан илтгэл олны анхаарлыг татаж байгаа юм.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Боаогийн чуулганы уулзалтад тавьсан илтгэлдээ “Бүс ба зам” санаачлагын талаар онцлон хэллээ. “Бүс ба зам” санаачлагын ололт бол дэлхий нийтийн ололт” гэв. Чуулганы нээлтийн үеэр 60 улсын 2000 төлөөлөгчид хандаж хэлсэн үгэндээ тэрээр Хятад улс нь олон талт хамтын ажиллагаанд идэвх санаачлагатай оролцохоо илэрхийлсэн юм. 

Тэрээр “Таван жилийн өмнө би Бүс ба зам санаачлагыг дэвшүүлсэн. Түүнээс хойш 80 гаруй улс, олон улсын байгууллага Хятад улстай хамтын ажиллагаа өрнүүлэх гэрээ байгуулсан. “Бүс ба зам” нь Хятад улсын санаачлага байж болох ч, үүнээс гарах ололт, амжилт нь дэлхий нийтийнх юм. Бид уг санаачлагаа хэрэгжүүлэхдээ геополитикийн аливаа асуудлаас ангид, хэн нэгнийг оруулцуулах, эс оруулцуулахыг тулган шаардахгүй” гэдгээ Ерөнхийлөгч Ши Жиньпинд онцлон мэдэгдлээ.

Мөн чуулганд оролцогч талуудыг яриа хэлэлцээ хийх замаар тус тусын ашиг сонирхолд нийцсэн, нэгдсэн ойлголт шийдэлд хүрэхийг санал болгов. “Уг санаачлагад оролцогч талууд энэ мэт яриа, хэлэлцээ хийж хамтран ажиллах нь тулгамдаж байгаа асуудлаа шийдвэрлэх гол зам юм. Ингэж чадвал “Бүс ба зам” санаачлага нь олон улсын хамтын ажиллагааны хамгийн том талбар болох боломжтой” гэдгийг онцолж байлаа.

Эдийн засгийн уг чуулганыг 2002 оноос хойш Боао хотод жил бүр зохион байгуулж байна. Арван долоон жилийн хугацаанд энэ форум нь засгийн газрын тэргүүн, гишүүд, эрдэмтэд, шинжээчид, бизнесийн төлөөллүүдийн эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчин, технологи, санхүүгийн шинэчлэл, хөрөнгө оруулалт, худалдаа зэрэг Ази тивд тулгамдаж буй нэн чухал асуудлаар хэлэлцдэг өндөр түвшний чуулга уулзалт болоод байгаа юм. “Дэлхийн хөгжил цэцэглэлтийн төлөөх нээлттэй, шинийг санаачлагч Ази” уриан дор зохион байгуулагдаж буй энэ жилийн уулзалт өнөөдөр өндөрлөнө.