ЭЕШ-ийн бүртгэл өнөөдөр дуусна

Нийгэм / Time Admin
2018 оны 04 сарын 16

News Image

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 16-ны орой 18:00 цагт дуусна.

ЭЕШ-ын бүртгэл онлайнаар явагдах ба шалгуулагч www.eec.mn цахим хаягаар бүртгүүлнэ. ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байна. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. ЭЕШ-д бүртгүүлэхэд Монгол хэлбичгийн шалгалт нь шууд сонгогдох ба шалгалтын хураамжгүй, батламж хуудастай байна.

Энэ онд төгсөх шалгуулагчийн суралцаж буй сургууль, анги, бүлэг, регистрийн дугаарын мэдээлэл зөрүүтэй бол сурч буй сургуулийн сургалтын алба /сургалтын менежер/-аар дамжуулан БСШУСЯ-ны боловсролын салбарын нэгдсэн систем /esis.edu.mn/-д засварлаж www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар орж “зөвшөөрөх” товчийг дарж баталгаажуулна.

Шалгуулагчид бүртгүүлэхдээ дараах зүйлсийг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Өнгөт цээж зураг файлаар / цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг /энэ нь зөвхөн 2018 оноос өмнөх онд төгссөн ба гадаадад суралцаж дүйцүүлсэн шалгуулагчид хамаарна/
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягтай байна/
  • Шалгалтын хураамжийг Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банк, Төрийн банк, Улаанбаатар банк, Хас банкны интернэт гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, candy /1 candy = 1 төгрөг/ цахим мөнгө ашиглан шилжүүлнэ.

Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно. 

Өмнөх онд төгссөн шалгуулагч шалгалт өгөх аймаг /хот/ -аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Гадаад улс оронд бүрэн дунд боловсрол буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэн шалгалтад бүртгүүлэхдээ бүрэн дунд боловсролын үнэмлэх ба түүнтэй дүйцэхүйц боловсрол эзэмшсэнийг баталгаажуулан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг БСШУСЯ-аар баталгаажуулж, Боловсролын үнэлгээний төвд ирж бүртгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай сургуулийн суралцагчид шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Энэ онд ЕБС төгсч буй бүртгүүлэгч www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас “Бүртгэлийн хуудас”-аа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчийн “Бүртгэлийн хуудас” нь QR кодоор баталгаажсан байх ба шууд хэвлэн авна.

Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан 2018 оны 05-р сарын 15-наас хойш www.eec.mn цахим хуудаснаас хэвлэн авна.

Шалгуулагч шалгалт өгөхөөр ирэхдээ бүртгэлийн хуудас, суудлыг хуваарь, цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг бүрдүүлэн ирнэ. ЭЕШ-ын дүн оноо, жагсаалтыг 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mnцахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудаснаас үзэж болно.

Бүртгэл болон шалгуулагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг бүртгэлийн хугацаанд БҮТ-ийн лавлах утас болох 70119498, 75779498, info@eec.mn и-мэйл, www.facebook.com/eec.mn/ цахим хуудсаар хүлээн авна.