Би БРЕЖНЕВИЙН бэлэглэсэн цэнхэр байранд амьдардаг

Нийтлэл / Нийслэл guide
9 өдрийн өмнө

Өдгөө 83 нас сүүдэр зооглож яваа хошууч генерал Тавхайн Баатартай Баянгол дүүргийн VIII хороон дээр уулзахаар болзоод, товлосон цагаасаа 30 минутын өмнө очтол буурал генерал аль хэдийнэ ирчихсэн, хорооныхоо Засаг даргын өрөөнд тухлаж амжсан байв. Саарал хослол, пальто өмсөж, социализмын үеийн чемоданан цүнх барьсан тэрбээр маш дипломат харагдана. Цэргийн амьдралын секунд долиор хэмжигдэх хатуу дэг, үүрэг хариуцлага түүний энгийн амьдралыг ч насан туршид нь дагалдсан гэмээр. Ухаан саруул, хөл сайтай генерал эмнэлэгт үзүүлэх, хороо хорин орох зэрэг ажлаа өөрөө өлхөн амжуулахаас гадна хотынхоо төлөө санаа тавьж, болж бүтэхгүй байгаа зүйлсийг сонсох ёстой хүнд нь дуулгах гэж зорино. Түүнтэй тааралдсан хүмүүс бүгд л амар мэндийг нь асууна. Хийдгээ хийж, бүтээдгээ бүтээсэн хүнийг “би” гэж зарлаагүй ч түмэн мэддэг нь энэ буюу. Хүндэт харуулын тусгай ангийн анхны цэрэг тэрбээр одоогийн III, IV хороололд 1983 онд “Брежневийн бэлгийн цэнхэр” гэж нэрлэгддэг байрууд ашиглалтад ороход хуваарилагдан орсноос хойш 30 гаруй жил оршин сууж байна.

БИ АЛТАЙ НУТГИЙН ХҮҮ

Би 1935 онд Говь-Алтай аймгийн Хасагтжаргалан, одоогийн Шарга сумын Улаан хад гэдэг газар төрсөн, эхээс тавуул. Төрсөн эцэг хохь тайж Пунцаг 1937 онд баривчлагдаж яваад ирээгүй. Ингээд намайг хамаатныдаа өргүүлсэн байдаг. Тиймээс би Тавхай гэдэг хүнээр овоглодог юм. Багадаа мал хариулж, малынхаа үс ноосыг авч, ямаа самнаж, бусад малчин айлын хүүхдүүдийн л адил өссөн. Манайх 360-аад толгой малтай, мал малын захтай айл байсан юм. Мал маллах хүнгүйдээд би зургадугаар ангиасаа сургуулиас гарсан. 1944 оны бичин жилийн зуд, 1953 оны зуднаар малаа их хорогдуулсан даа. Тэгээд амьдрал ер нь хэцүүдэж цэрэгт явсан юм.

ХҮНДЭТ ХАРУУЛЫН ТУСГАЙ АНГИЙН АНХНЫ ЦЭРЭГ БОЛОВ

1955 онд нутгаасаа гарч Улаанбаатар хотод цэргийн албанд ирлээ. Хөдөө мал дээр өссөн хүүхэд ЗИС-5 машинд анх удаа сууж, дөрөв хоног явж байж хотын бараа харж байгаа нь тэр. Ирээд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын ротод орсон. Гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд ёслол хүндэтгэл үзүүлэх үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор 1955 онд Хүндэт харуулын тусгай ротыг байгуулж байлаа. 13 дугаар хороололд жижигхэн цагаан байшинд байрлах энэ ротод аймаг бүрээс нуруулаг, чийрэг залуусыг шилж оруулав. Эхэндээ намхан гэж гологдож байсан ч бичиг үсэг гайгүй сурсан учраас намайг ханын сонины эрхлэгчээр авсан даа. Яваандаа ротынхоо тав дахь дарга болж 1958 онд хугацаагаа дуусгаад офицер болсон. Рот байгуулагдсан тэр оныхоо намар хамгийн түрүүнд БНАГУ-ын Төрийн зөвлөлийн дарга Отта Гортвальдыг Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд ёслол хүндэтгэлтэйгээр угтан авснаар Хүндэт харуулын тусгай ротын түүхийн хуудас нээгдсэн. Энэ ёслолыг хугацаат цэргийн албанд ирээд хоёрхон сар болсон дайчдаар гүйцэтгүүлсэн юм. Дараа нь СССР-ийн дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошилов, I орлогч А.И.Микоян, БНХАУ-ын БХЯ-ны сайд, маршал Пен Дэхуай, төрийн зөвлөлийн дарга Жоу Энлай нарыг угтан авч байлаа. Бид ротоороо зундаа одоогийн Маршал таун хотхон байгаа газар Морин тойруулгын тэнд зусланд гардаг байсан юм. Их сайхан байсан даа. Би энэ хугацаанд дунд сургуульд оройгоор сурч төгсөөд 1962 онд ЗХУ-ын буудлага, тактикийн дээд курст явж ирээд ангидаа ажиллаж байгаад 1965-1968 онд Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академид мөн суралцсан.

МОНГОЛЫН АРМИЙН ХАМГИЙН ТОМ “ХЭРЛЭН-73” СУРГУУЛИЛТАД ОРОЛЦОВ

Миний амьдралд тохиолдсон томоохон үйл явдлууд цэргийн амьдралтай минь л холбоотой байдаг. Би цэргийн албанд хүчин зүтгэж эхэлснээсээ хойш 1990 он хүртэл их, бага хэмжээний хамгийн олон хээрийн сургуульд оролцсон хүн. 1973 оны “Хэрлэн-73” сургууль бол түүхэндээ хамгийн том сургууль байж, монголын армийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Монголын армийн бүх ангийг дайчилсан тус сургуульд нисэх хүчинг анх хэрэглэж, бөмбөгдөлтийн авиацийн техникийг туршсан түүхтэй. Энэ сургуульд би мото буудлагын бригадын даргаар оролцсон нь хүндтэй үүрэг байсан.

МОТО БУУДЛАГЫН БРИГАДЫГ ДИВИЗ БОЛГОЖ ӨРГӨЖҮҮЛЭВ

Би 1976-1978 онд К.Е.Ворошиловын нэрэмжит ЗХУ-ын Зэвсэгт хүчний академид сурч төгсөөд, шууд Зүүнбаянгийн мото буудлагын II бригадыг нэгтгэл /дивиз/ болгох хүндтэй үүргийг хүлээн авч, захирагчийн албанд томилогдсон юм. Асар майханд байсан цэргүүдийг монгол, орос барилгачдын тусламжаар их л хурдан цэргийн байртай болгож өргөжүүлсэн шүү. Тэнд би хурандаа цолтой очиж байлаа. Энэ үйл явдал намайг генерал болоход ихээхэн нөлөөлсөн юм. 

ХАРИУЦЛАГА ДАГАЖ ИРСЭН ЦОЛ

1979 онд манай орны нутаг дэвсгэрт Монгол Зөвлөлтийн хамтарсан хамгийн том хээрийн сургууль болж байлаа. ЗХУ, Хятадын харилцаа ихээхэн муудаж, хэзээ ч дайтахад бэлэн байсан үе л дээ. Энэ нүсэр ажиллагаанд 20 гаруй бригад, нэгтгэл, Хятад руу дайран орох бүрэн бэлтгэлтэй 250 мянган орос, монгол цэрэг дайчид оролцсон юм. Би Дорноговийн чиглэлд мото буудлагын нэгтгэлийг нь ахлаж явсан. Олон хүний амь насыг хамгаалан, аюулгүй байдлыг хангаж явах өндөр хариуцлага үүрсэн учраас их түгшүүртэй байлаа. Учир нь бүгд галт зэвсэгтэй, байлдааны бүрэн хэмжээний бэлэн байдалд яваа шүү дээ. Хээрийн сургууль амжилттай дуусч нэг ч хүний амь эрсдээгүй. Энэхүү сургуулийг Өвөр байгалийн цэргийн тойргийн командлагч, армийн генерал Г.И.Салманов удирдан явуулсан юм. Тэр хүн надад үнэлгээ өгч, 10 хүн шагнагдсаны нэг нь би болж байлаа. Ингээд 1979 оны 12 дугаар сард би хошууч генерал цол авсан юм.

МИНИЙ ГЭР БҮЛ

Би 1958 онд гэр бүл зохиож, дөрвөн охин, нэг хүүтэй болсон. Манай гэр бүлийн хүнийг Б.Тогоо гэдэг байсан. Манай хөгшин Зүүнбаянд цэргийн ахлагч явсан юм. Дараа нь Баянгол дүүргийн VIII хорооны зохион байгуулагчаас эхлээд Засаг дарга хүртэл 10 жил ажиллахад хороо нь нийслэлийн хэмжээнд мандсан түүх бий. Миний хүүхдүүдээс цэргийн хүн байхгүй. Харин миний ач хүү гадаадад цэргийн сургуульд сурч байгаад саяхан дэслэгч цол авлаа.

БРЕЖНЕВ ДАРГЫН БЭЛГИЙН ЦЭНХЭР БАЙР

1990 оны хувьсгалын давалгаанд цохигдсон 56 настай генерал би орон тооны цомхотгол нэрээр тэтгэвэрт гараад Баянгол дүүргийн VIII хорооны 13 дугаар байранд их л хүлээгдэж байж орсон юм. Гэр хороолол байсан энэ орчимд оросууд эдгээр орон сууцыг барьж, сургууль, цэцэрлэг, дэлгүүртэй иж бүрэн төвийн дүүргийг бүтээн босгоод манай талд хүлээлгэн өгч байлаа. Энд би олон хүүхдээ сургууль соёлд явуулж амьдраад 30 гаруй жил болж байна. Энэ байруудыг “Брежнев даргын бэлгийн цэнхэр” гэж нэрлэдэг байсан юм. Ардчиллын үед амьдрал их хүнд байсан шүү. Талхаа хүртэл дугаарлаж авдаг байлаа. Тэр үед уур уцаартай болсон ард түмэн тун ч эвгүй байсан. Хаалга, цонх салгаж аваад явах шахдаг байсан даа. Бид хөршийн холбоо гэгчийг байгуулж, айл саахалттайгаа маш найрсаг, холбоотой амьдарсаар ирсэн. Саяхан энд амьдарсан 30 жилийн ойгоо орц, байраараа тэмдэглэлээ.

Нэгэндээ бүр дасцгаажээ. Энд Батлан хамгаалах яамныхан болон тээврийн байгууллагынхан орсон байдаг. Их цэвэрхэн эдлэж байгаа байр шүү. Хорооны Засаг дарга байхдаа миний ханийн хийж бүтээсэн хүүхдийн тоглоомын талбай, тарьсан модод одоо ч сайхан хэвээрээ байдаг юм.

ЦЭРГИЙН АЛБАНЫ АЧ ГАВЬЯАГ ЭДЭЛЖ ЯВНА ДАА...

Дээр үед цэргүүдээ сайн ашигладаг байлаа. Намрын ургац хураалт, тариа будааны ажилд цэргүүдийг дайчилж Сэлэнгийн Шаамар, Хүдэр, Төв аймгийн олон сангийн аж ахуйд хуваарилан ажиллуулдаг байсан. Тэр нь ч зөв. Цэргүүдийг зүгээр тэжээхийн оронд хийлгэх зүйлээ хийлгэж, энхийн хөдөлмөрт дайчлах хэрэгтэй. Гутал, арьс ширний гээд томоохон үйлдвэрүүдийг бүгдийг нь цэргүүд л барьсан байдаг шүү дээ. Нэг үе залуус цэрэгт явах дургүй байсан бол одоо өөр болж байна. Ер нь ч эрчүүд энэ албыг хаах хэрэгтэй гэж боддог. Нийтийн хоолонд дасахаас эхлээд хүйтэн сэрүүнийг үл ажран олон зүйлийг даван туулна. Гүйж харайж, амьдралынхаа туршид идэвхтэй хөдөлгөөн хийж байсны хүчинд би 83 настай амьд сэрүүн, ухаан санаа саруул сайхан л байна. Өдрийн цагаар бол нүдний шил зүүхгүйгээр ном сонин уншина. Энэ бүхэн цэргийн амьдралтай минь л холбоотой шүү дээ.

Нийтлэлийг: Б.Болортуяа


Эх сурвалж: Niislel Guide №70/ 2018 4 дүгээр сар

Image may contain: text