Дурсгалт цогцолбороо жинхэнэ ёсоор хөгжүүлье

Нийтлэл / Time Admin
9 өдрийн өмнө

Image result for дамбадаржаа хийд

Бидэнд золоор өвлөгдөн үлдсэн 18-р зууны гайхамшиг, түүхийн болон уран барилгын хосгүй үнэт дурсгалд тооцогдох халхын анхны гурван хийдийн нэг Дамбадаржаалин хийдийг жинхэнэ ёсоор музейн зэрэгтэй хөгжүүлэх цаг болоод байна. 

Нийслэл Улаанбаатар хотод байрладаг хамгийн олон жилийн түүхтэй уг хийдийг мэдэх хүмүүс нь их сургуулийн эрдэмтэн профессор, шашин, түүх, урлагийн салбарын оюутан төгсөгчид төдийхнөөр хязгаарлагдаж буй нь нууц биш юм. Сүхбаатар дүүргийн 15-р хороонд байрлах Дамбадаржаалин хийдийн ойр орчимд амьдрах иргэд ч үнэн бодит мэдлэг гэхээс илүү ам дамжсан яриа төдий зүйлсээр мэддэг нь харамсалтай бас эмгэнэлтэй. Нэг талаас үүх түүхээ мэдэхгүйгээс нөгөө талаас газар олголтыг зах замбараагүй олгосноос түүх соёлын дурсгалт газрууд чимээгүйхэн энэ мэт мөхөж буйг харахад сэтгэл эмзэглэн.

Түүх сөхвөл

Шарын шашны тэргүүн Өндөр Гэгээн Занабазарын залгамжлагч болох хоёрдугаар дүрийн Богд Жавзандамба хутагт Лувсандамбийдонмэ-н дурсгалд зориулан Дамбадаржаалин хийдийг Манжийн Найрал Төв Хааны зарлигаар 1761-1765 онд байгуулжээ. Тус хийд нь анх хорин таван дуган болон хойд уулын энгэрт нэгэн том цагаан суваргатай байсан гэдэг. Мөн 4 болон 6-р богдын занданшуулсан гэрэлт хөшөө шарил байдаг байв. Тухайн үед сүм хийд гэхээсээ илүү хаанд зориулсан орд харшийн зориулалттай гэмээр байсан байна. Тус хийдэд Гавжин Дамжин гэдэг хурал хуралдуулж эрдмийн цол мяндаг хамгаалдаг байв. Мөн дөрвөн аймгийн гэр дуганыг байгуулж аймгуудын хурлыг хуралдуулдаг байжээ.

Дамбадаржайлин хийдээс одоо Цогчин дуган /анх байсан Цогчин дуган биш/, Жин хонх, Жин хэнгэрэгний сүм, Асар хаалга, хэрэмний үлдэгдэл, дөрвөн дуган үлджээ. 

1930 он хүртэл шашны хурал номын үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд хэсэг хугацаанд тасалдаж. Улмаар 1940-1941 оны үед Дамбадаржаалин хийдийн гэр хэлбэрийн цогчин дуганыг буулгаж түүний буурин дээр Монголын үйлдвэрчний эвлэлийн харъя улсын амралтын газар болгож энэхүү том дөрвөлжин цагаан байшинг бариулж тухайн үед Сэлбийн амралтын газар гэж нэрлэж улсын хэмжээний амрагчид амардаг байв.

1946-1947 оны үед Дамбадаржаалин хийдийн том цагаан байшинг Уушгины сүрьеэгийн тасаг болгож гуч гаруй жил ажиллуулж байгаад 1987 оны 8-р сард өндөр настны сувилал асрамжийн газар болгож байжээ. 1990 оноос эндэх Цэцэн хан аймгийн гэр дуганыг лам нар өөрсдийн хүчээр засаж шашны хурал дахин хурж байнгын үйл ажиллагааг нь сэргээжээ. Өдгөө нийт 30 гаруй лам хуврагтайгаар өдөр тутмын уншлага, цагийн их хурлуудыг ёс жаягийн дагуу хурж байна.

Одоогийн байдал

1900 оноос эхлэн төрийн тусгай хамгаалалтад орж эргээд сүм хийд хэлбэрээрээ үргэлжилж байна. Гэсэн ч гурван зууныг дамнан оршиж буй түүхийн дурсгалт зохцолбор Дамбадаржайлин хийдийг гагц хурал ном хурдаг хийд бус давхар түүх музей нь чиглэлээр хадгалан хамгаалж, судалж ирсэн үзмэр цуглуулгаа олон нийтэд дэлгэж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг лам нарын зүгээс хүсч байна.  Төр засгийн дэмжлэгийг хараад нэлээдгүй удсан уг хийдийн алс ирээдүйн  хөгжилд баг ч гэсэн нэмэр болохоор Монголын урлагийн зөвлөлийн "залуу манлайлал хөтөлбөр"-ийн залуус соён гэгээрүүлэх түүх, соёлын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах үүднээс богино хугацааны төсөл хэрэгжүүлж байна.  Тус төслийн хүрээнд залуус “3D” virtualtour буюу интернет зураглал хийж цахим орчинд байршуулж. Мөн 3-5 минутын богино хэмжээний танин мэдэхүйн нэвтрүүлэг хийж хэвлэл мэдээллийн олон төрөлт сувгуудаар нэвтрүүлсэн байна. Түүнчлэн QR  код бүхий самбартай болгож хийдийг зорих жуулчдад зориулсан зам заах тэмдэг тэмдэглэгээтэй болгосон ажээ.

Улаанбаатарт буусан гадны иргэд, хотыг зорин ирсэн жуулчид бидний түүх, соёл, урлаг, ахуйг өгүүлэх Дамбадаржайлин хийдийг удахгүй зорьдог хөл хөдөлгөөнтэй музей хэлбэрээр энэ дурсгалт цогцолбор цааш хөгжихөд далайд тусал адил нэмэр болох бизээ.   

Д.Нэмэхбаяр