TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 11

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 04 сарын 11

2018 оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр дотоодод болж өнгөрсөн онцлох 5 үйл явдлыг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

Ши Жиньпин: Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэж ирсэн

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөрөвдүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав. Уулзалтын үеэр талууд бүс нутгийн хамтын ажиллагаа, Монгол-Орос-Хятадын гурван талын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Мөн Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах чиглэлд гаргаж буй хүч чармайлт, санаачилгыг харилцан дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. [Gogo.mn]

Засгийн газар, Төв банкны нийт өр ДНБ-ий 99 хувьтай тэнцжээ

Өнөөдөр Блү Скай зочид АХБ-наас 2018, 2019 оны эдийн засгийн төлөвийг танилцууллаа.  Энэ үеэр тус банкны эдийн засагчид манай улсын нийт өр ДНБ-ий 99 хувьтай тэнцэж байгааг онцоллоо. Энэ дүн өнгөрсөн онд 111 хувь байсан бол ийнхүү 12 хувиар буурчээ. Улсын өрийг тооцохдоо Монгол банкны зээлийг ч оролцуулж тооцсон байна. Энэ аргачлалын улмаас Засгийн газар, Монголбанкны нийт өр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан, өрийн дээд хязгаарыг давсан харагдаж байгаа юм. Энэ хуульд зааснаар Засгийн газрын өр ДНБ-ий 80 хувиас хэтрэх ёсгүй. Харин манай улсын ДНБ 24 их наяд төгрөгтэй тэнцдэг юм. [Gogo.mn]

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

Нийслэлийн прокурорын газраас Оюутолгойн гэрээний хөрөнгө оруулалттай  холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Эл асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Прокурорын Газар  С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлжээ. [Time.mn

Ж.Ганбаатар: Үр хүүхдүүд минь биднээс илүү ухаантай болоод, тавьсан өр зээлийг төлнө гэж найдаж байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр Хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах талаар хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нийслэлд хэрэгжүүлэх гэж байгаа хоёр томоохон төслийн талаар байр сууриа илэрхийлэв. [Time.mn]

Гэр бүл төлөвлөлтгүйн улмаас хүүхдээрээ гэрлээд хүүхдээрээ салж байна

Монгол улсын хэмжээнд 2016 онд 16 мянга 778 хос гэр бүл болж, гал голомтоо бадраасан байна. Мөн энэ 100 хүн тутмын 3 нь буюу 4003 хүн гэр бүлээ цуцлуулж, салсан байдаг. Эдгээр салсан өрх гэр бүлүүд дунджаар 2-3 хүүхэдтэй байдаг тул салалтын улмаас 12 мянга гаруй хүүхэд золиос болж, элэг бүтэн өсөж чадахгүй байна. Дийлэнх хосуудын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал тааруу. Хэн хэн нь бүрэн төлөвшөөгүйн улмаас хэт зэлуудаа гэрлэх хандлага ажиглагдаж байна. Салалт болон гэр бүлийн үнэ цэнэ, бие биеэ ойлгох тухай сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа. Тэрээр гэр бүлээ төлөвлөх нь харилцаагаа хэвийн урт удаан үргэлжлүүлэхэд чухал нөлөөтэй хэмээн онцоллоо. [Time.mn]