Үгийн жин бан

«Си Зиньпин Монгол улсын ерөнхий сайд Хүрэлсүхтэй уулзав». Энэ бол Хятадын хэвлэл дээр гарсан мэдээний гарчиг бөлгөө. Си Зиньпин дарга энэ тэр байхгүй шүү. Хуучин нийгмийн үед ийм гарчиг тавьсан сэтгүүлч ажилгүй болох нь байтугай арван жилийн хорих ялаар шийтгүүлж мэднэ.

«Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх ХКН-ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав.» Энэ бол МОНЦАМЭ-гийн мэдээний гарчиг л даа. Хорин жил чөлөөт сэтгүүлзүй хөгжсөн улс гэхэд бас л хорин жилийн өмнөх хэвшмэл танил бичлэг байгааг харж байна уу? Намайг бүр оюутан байх үед албан тушаал доогуур хүн өөрөөсөө эрэмбэ дээгүүр хүнтэй уулзах үед бараалхах гэж бичих ёстой гэж заадаг байсан тэр л ойлголт манай сэтгүүл зүйд амь бөхтэй оршсоор байгаагийн нэг илрэл л дээ. 

За энэ ч бага хэрэг гэж бодоод орхиё. Харин Хүрэлсүх Ерөнхий сайдын хэлсэн үгийн эхэнд: «10-нд таны тавьсан илтгэл хүмүүст гүн сэтгэгдэл төрүүллээ. Таны санаачилсан нээлттэй, багтаамжтай хөгжил нь Монгол улс зэрэг орнуудад илүү өргөн боломж нээлээ.» хэмээх хоёр өгүүлбэрийг уншаад хачирхан гайхахгүй байж чадсангүй. Юуны өмнө улс орноо төлөөлж дэлхийн хоёрдогч том гүрний тэргүүнтэй уулзаж байгаа төрийн түшээ хүн хөндлөнгийн хүмүүст ямар сэтгэгдэл төрснийг дамжуулан хэлэх биш өөрийн байр суурин дээрээс ярьж хэлэх учиртай баймаар. Хоёрдугаар өгүүлбэрт дурьдагдсан «Багтаамжтай хөгжил» гэж чухам юу байдгийг жирийн уншигч та ойлгож байна уу? Би хятад хэл гайгүй гадарладаг болохоороо юу гэсэн үг болохыг бага сага төсөөлж байна л даа. 

Угтаа бол уулзалтын эхэнд Си Зиньпин даргын хэлсэн үгэнд «亲诚惠容理念» гэж маш чухал санаа дурьдагдаж байсан. Түүнийг монгол хэлнээ холбоо үгсээр буулгавал хэн хүнд ойлгомжтой, наалдацтай буух боломжтой санагдана. Өөрөөр хэлбэл «Элэгсэг дотно, чин үнэнч, харилцан ашигтай, ууч тэнүүн байх ойлголт» гэвэл илүү ойлгомжтой байгаа биз дээ? Ер нь холбоо хоршоо үг, сул үгийн хэрэглээ монгол хэлний маань найруулгад маш чухал үүрэгтэй байдгийг залуу орчуулагч нар бодож явууштай гэж би цөөнгүй хэлж бичдэгийг энд дахин сануулъя. Хятадын гадаад бодлогод хөрш зэргэлдээ орнуудтайгаа харилцахдаа баримтлаж байгаа дээрхи ойлголтын дагуу Монгол улстай цаашид ч харилцаагаа үргэлжлүүлэх болно гэдгээ хэлсэн юм. «багтаамжтай» гэдэг бол өвөрлөгч орчуулагч нарын гаргаж ирсэн хэллэг л дээ. Манай төв Халхын аялгуунд үүнийг «ууч тэнүүн», «уужим саруул» гээд оновчтой илэрхийлэл мөн ч арвин баймаарсан. Хятад хэлнээ байдаг «优生优育» гэдэг уриаг Өвөрмонголд явж байхад «Сайн төрүүлж сайн хүмүүжүүлье!» хэмээн махчилан буулгасан нь хаа нэгтээ харагдаж л байдаг. Төлөвлөгөөт төрөлтийн бодлогын үед цөөн хүүхэд төрүүлж сайн хүн болгож өсгөе гэсэн санаа л даа. Бүр тодруулбал манай монгол хэлээр «Эрүүл хүүхэд төрүүлж саруул ухаантай өсгөе!» гэхэд л цаад санаа нь хэн хүнд дурайтал сайхан ойлгогдоод ирэх юм.

Орчуулгын явцад энэ мэт онож алдах зүйл бишгүй нэг байхыг алийг тэр гэхэв. Тийм болохоор уншигч та бүхэн энэ бяцхан шүүмжлэлийг үг хэлхсэн тоглоом төдийнхөөр ойлгоод өнгөрөөж болно. Харин хоёрдахь өгүүлбэрт « Монгол улс зэрэг орнуудад илүү өргөн боломж нээлээ.» гэдэг үг л ихээхэн эргэлзээ төрүүлсэн тул энэ бичлэгийг тэрлэхээр үзгээ шүүрэн авсан хэрэг. «Монгол улс зэрэг орнуудад» гэдэг нь бас л хичнээн модон агаад молхи толхи найруулга вэ? Энэ дашрамд дурьдахад манай төрийн албаны яам тамгын газрууд «эх зохиогч» хэмээх тусгай албан тушаалтантай болоод тэр хүнээ сонгууль болгоноор өөрчлөөд байлгүй хэвээр ажиллуулдаг байхгүй бол аялгуу сайхан монгол хэлний маань найруулга энэ мэтээр эвдэгдэж дуусах нь байна шүү. 

Бо Аогийн энэ удаагийн форумыг Си Зиньпин дарга өөрөө «Таван жилийн өмнө бидний санаачилж эхлүүлсэн нэг зам нэг бүс нэрт бүтээн байгуулалтын хамгийн том үр шимийг уг бүсэд багтдаг улс орнууд ахиу хүртэж эхлээд байна.» хэмээн маш товч бөгөөд тодорхой дүгнээд хэлчихсэн бөлгөө. Энэ хугацаанд Шанхай хотоос ачигдсан бараа алс холын арлын орон Англи байтугай алаан тулаан ихтэй Афган орон руу төмөр замаар төвөггүй хүрдэг болчихлоо. Дундад Азийн улс орнууд Африкийн олон улс орон далимд нь төмөр замаар олон улсын эдийн засгийн интеграцид оролцох боломжтой болов. 

2019 оноос эхлэн Бангкок, Варшав хоёрын хооронд шууд галт тэрэг аялах болсон нь уг бүтээн байгуулалтын бас нэг томоохон үр дүн юм. Миний санахад уг бодлогыг өөртөө хамгийн ашигтайгаар эргүүлж байгаа хоёр орон байгаагийн эхэнд Казакстаныг нэрлэж болно. Өчигдөр би хятадын төв телевизээр Шымкент хотод өргөтгөл хийгдэж байгаа нефть боловсруулах үйлдвэрийн талаарх нэвтрүүлгийг сонирхон үзэв. Жилдээ зургаан сая тонн шатахуун үйлдвэрлэж Казакстаны өмнөд бүс нутгийн хэрэгцээг бүрэн хангана. Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийг хятадын тал зуун хувь даагаад хувьцаагаа 49,72 хувиар тэнцүү эзэмшинэ. Олсон ашгаа хувьцааны хувь хэмжээгээр буюу адил тэнцүү хуваах зарчим дээр суурилсан хамтын ажиллагаа гэнэ. Казахууд энэ мэт дээрх бодлогын үр шимийг хэрхин хүртэж байгаа талаар жишээ баримт олныг дурьдаж болох юм. Удаах том бялуу хүртэгч гэвэл мэдээжийн хэрэг Беларусь улсыг нэрлэх болов уу? Европдоо томд орох худалдаа аж үйлдвэрийн паркийг уг төслийн хүрээнд байгуулж дуусаад байгаа бөгөөд Казах, Беларусь хоёр улс Хятадын төмөр замын Европ руу чиглэсэн хамгийн том дамжин өнгөрүүлэгч гэдгээрээ илүү том бялуу олж хүртээд байж ч магадгүй. Өнөө жилээс эхлэн Беларусь улс Хятад руу үхрийн мах, тахианы мах, сүү сүүн бүтээгдхүүн их хэмжээгээр экспортлох эрхээ өвөртлөчихлөө. Айл хөрш болон алс хол улс гүрний удирдагчид ийм овсгоотой шуурхай түргэн ажиллаад байхад манайхан яахаараа одоо л овоо боломж байгааг олж харсан юм бол доо гэж ерөнхий сайдын хэлсэн үгнээс ойлгогдохоор байгаа биз дээ? Тогтворгүй төрд тохиолдлын улсууд шургалан орж ирэх өргөн боломжтой тогтолцооны гажигт маань асуудлын учиг байж ч мэдэх юм. 

Алтанхуяг Ерөнхий сайд Хятад улсад айлчлахдаа нэр бүхий хятад судлаачдыг албан өрөөндөө цуглуулаад айлчлалын онцлогийг танилцуулж юун дээр анхаарах хэрэгтэй талаар зөвлөлдөхөд миний бие багтаж байсан удаатай. Тэгээд цөөн тооны нөхдийг маань айлчлалын бүрэлдхүүнд багтаан авч явсан нь мэргэжлийн талаас мэдэхгүй чадахгүй зүйлээ асууж тодруулахад маш нэмэртэй байсан талаар тэд нар маань эргэж ирээд ярьж байсан. Сая ч гэсэн “Тэр дагуу ажиллах болов уу? Ямар ч байсан сануулах үүднээс хятад судлаачдынхаа өмнөөс нэг албан бичиг ерөнхий сайдын ажлын алба руу явуулчихъя. Хэрвээ дуудвал чи бэлэн байна шүү !» гээд үе тэнгийн хятад судлаач анд маань над руу утасдаад хэлж байсан. Манайхан л болсон хойно иймэрхүү бүтээлч асуудал дээр эргэх холбоо байдаггүй таг чиг болдог зангаа гаргаа байлгүй хаачихав. Уг нь ганц нэг гайгүй хятад судлаач эрдэмтэдээ аваад явчихсан бол энэ бичлэгээс илүү ихийг ярьж зөвлөөд өгөх байсан ч байж мэдэх юм. Хөрөнгө төсөв нь хүрэлцээгүй юм байлгүй дээ гээд бодох гэтэл дуучин Ариунаа, сураг нь алдраад байсан нөхөр Буяндоржтойгоо хамт айлчлалын бүрэлдхүүнд орчихсон цохиж яваа талаар цахим орчинд мэдээлэл тархсан харагдана лээ.

"Төр төмбөгөр ёс ёмбогор" хэмээх хуучны сайхан сургаал үг энэ цаг үед үйлчлэхээ байсан юм болов уу?

No automatic alt text available.

Дээр оруулсан газрын зураг дээрээс та бүхэн манай хил дээр хятадын таван ч төмөр замын шугам тулж ирчихээд байгааг ажиглаж байна уу? Жаахан стратегийн холч ухаантай удирдагчтайсан бол далайн боомтоос өөрцгүй дээрх таван гарцыг оновчтой зөв ашиглаж чадвал Европыг Япон Солонгос, Хятадын зүүд хойд мужуудтай холбож, Монгол хонины мах, ноосыг Арабын хойг руу хурдан шуурхай хүргээд Европ, Сингапур, Гонконгийн жуулчид төмөр замаар Монголын говьд саад төвөггүй аялж жуулчилдаг болох асар өргөн боломж аль хэдүйн нээгдчихээд байгаа юм шүү дээ. Бо Аогийн форум дээр хэлсэн үгэндээ ерөнхий сайд маань энэ санааг илэрхийлсэн байх гэж залбирахаас даа. 

Ерөнхий сайдын хэлсэн үгийн эхний хоёр өгүүлбэрийг шүүмжлэх маягтайгаар энэ бичлэгийг эхлүүлсэн. Тэгвэл Бо Аогийн форум дээр Си Зиньпингийн тавьсан илтгэлийн дараа Америк Хятадын худалдааны маргаантай асуудал зөөлрөх хандлагатай болж ирлээ хэмээн гадаадын хэвлэл дээр шуугиад эхлэлээ. Төрийн түшээ хүний үгийн жин бан гэдэг ийм айхтар хүч нөлөөтэй байдаг ажгуу.