TIME 5 МЭДЭЭ: 2018 оны дөрөвдүгээр сарын 12

TIME 5 МЭДЭЭ / Time Admin
2018 оны 04 сарын 12

2018 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр дотоодод өрнөсөн онцлох 5 үйл явдлын мэдээ мэдээллийг 5 өгүүлбэрт багтаан тоймлон хүргэж байна.

1. Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг үргэлжлүүлэн 30 хоног баривчлахаар боллоо

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр болон 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн гэрээтэй холбогдуулан АТГ-аас шалгаж, баривчлаад байгаа билээ. Нийслэлийн Прокурорын Газраас тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд хүргүүлснээр өнөөдөр Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх хурал болж, хорих үндэслэлтэй тул 30 хоног баривлчхаар шийдвэрлэлээ. Харин өмгөөлөгч нар баривчлан саатуулах үндэслэлгүй хэмээн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. [Time.mn]

2. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ дахь айлчлал өндөрлөлөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал өндөрлөлөө. Айчлалын сүүлийн өдөр У.Хүрэлсүх Монголоос төлөөлөн ирсэн бизнес эрхлэгчидтэй хийсэн зангиагүй уулзалт хийсэн бол өнөөдөр Өвөрмонголын Баяннуур хотод ажилласан бөгөөд үргэлжлүүлэн  Гашуунсухайт боомтын нөхцөл байдалтай мөн танилцаж, Эрдэнэс Таван Толгой компанид ажиллаж байгаа юм. [Ikon.mn]

3. Засгийн газрыг огцрохыг шаардан жагслаа

Өнөөдөр Сүхбаатарын талбайд 06.00-14.00 цагийн хооронд  “Монгол төрийн уламжлалыг сэргээх үндэсний хөдөлгөөн”-ийнхөн жагсаал хийлээ. Тэд Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа бөгөөд төрөө цэвэрлэн, төрийн тэрбумтнаас ард түмний хөрөнгийг эргүүлэн авч улсын өрийг тэглэх зэрэг зорилгоо танилцуулсан юм. [Medee.mn]

4. Аялал жуулчлалын салбарын 500 гаруй ажлын байрыг санал болгох өдөрлөг МАРГААШ болно

“Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг дөрөвдүгээр сарын 13 буюу маргааш Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулна. Уг өдөрлөгөөр нийслэлийн зургаан дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажлын байранд шууд зуучлах бол нээлттэй ажлын байр зарласан жуулчны бааз, тур оператор, зоогийн газар, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 35 аж ахуйн нэгж 500 гаруй ажлын байр санал болгох юм. [Gogo.mn]

5. Багш нар дахин ажил хаялт зарлана

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны  үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэл хийж, цалин нэмэхгүй бол багш нар ажил хаялт зарлана гэлээ. 2014 оноос хойш инфляци 30 гару хувиар өссөн ч багш нарын цалин нэг ч удаа нэмэгдээгүй тул цалинг нэмэгдүүлэх талаар гурван талт хэлэлцээрийг яаралтай хийхийг Засгийн газраас шаардаж байгаа аж. [News.mn]