БНХАУ 2017 онд хар тамхины хэргээр 194 мянган хүн баривчилжээ

Дэлхий / Time Admin
2018 оны 04 сарын 25

Мансууруулах бодисын асуудал даяаршлагдаж байгаатай холбоотойгоор Хятадад тэдгээрийн үйлдвэрлэл, хэрэглээ өргөжин тэлж, хилийн чанадаас их хэмжээгээр оруулж ирж байгаа нь нийгэмд аюул, хор уршиг учруулах эрсдэлийг нэмэгдүүлж байна. 2017 онд тус улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой нийт 165 мянган хэргийг илрүүлж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон 194 мянган хүнийг баривчилж, 102,5 тонн төрөл бүрийн мансууруулах бодисыг хураан авсан нь өмнөх онтой харьцуулахад 13,2 хувь, 15 хувь, 48,7 хувиар тус тус нэмэгджээ.

Мансууруулах бодисын хэрэглээ

2017 онд тус улсын мансууруулах бодисын хэрэглээнд өөрчлөлт гарч, героин зэрэг опиумын төрлийн хэрэглээ буурч, синтетик төрлийнх нэмэгджээ. Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсний улмаас хулгай дээрэм, өөрийгөө гэмтээх, хүчирхийлэх, автомашины осол зэрэг гэмт хэргийн гаралт тасралтгүй нэмэгдэж, нийгмийн амар тайван, олон нийтийн аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. 2017 оны сүүлчийн байдлаар тус улсын хэмжээнд мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 2,345 саяд хүрсэн бөгөөд үүнээс 980 мянга нь героин зэрэг опиумын төрлийг, 1,340 сая нь синтетик төрлийг хэрэглэж буй нь нийт хэрэглээний 41,8 хувь, 57,1 хувийг эзэлж байна. Мөн 1,01 хувь буюу 25  мянга нь бусад төрлийн мансууруулах бодисыг хэрэглэдэг байна.

Шалгалтаар 1,069 сая хүн тохиолдлоор, 1,276 сая нь байнга хэрэглэдэг, хүйсээр авч үзвэл нийт хэрэглэгчдийн 2,007 сая нь эрэгтэй, 338 мянга нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд нийт хэрэглэгчдийн 43 мянга нь 18 нас хүрээгүй, 1,422 сая нь 18-35 насных, 870 мянга нь 36-59 насных, 11 мянга нь 60-аас дээш насных байдаг аж. Харин хэрэглэгчдийн тухайд, ажилгүй иргэд 69,5 хувь, тариачин 17,3 хувь, ажилчин 4,7 хувь, хувиараа аж ахуй эрхлэгчид 3,4 хувь, төрийн алба хаагчид 1 хувь, оюутан сурагч 0,5 хувь, урлаг соёлынхон 0,4 хувийг тус тус эзэлж байна. 

Мансууруулах бодисын эх үүсвэр

Хятадын мансууруулах бодисын эх үүсвэрийг хилийн чанад дахь тариалалтын бүс нутаг болон дотоодын үйлдвэрлэл бүрдүүлдэг байна. Үүнд гол төлөв героин зэрэг опиумын төрөл, мөс, кетамин зэрэг синтетик төрөл, бусад сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, мансууруулах бодисууд орж байна. Героин болон мөс нь “Алтан гурвалжин” /Тайланд, Лаос, Мьянмарын хилийн бүс/, “Алтан хавирган сар”-ын /Афганистан, Пакистан, Ираны хилийн бүс/ бүс нутгаас, кокаин нь Өмнөд Америкийн орнуудаас орж ирдэг байна. Хятад мөс, кетамин зэргийг хууль бусаар үйлдвэрлэж дотоодын зах зээлд төдийгүй хилийн чанадад хууль бусаар гаргаж байна. Мөн Хятадын зарим нутагт намуу цэцгийг хууль бусаар тариалж, нутгийн аргаар боловсруулж героин хийх явдал байсаар  байна.   

Хилийн чанад дахь эх үүсвэр

“Алтан гурвалжин”-ы бүс нутаг нь Хятадад героин, метамфетамин шахмал /мөс/ нийлүүлэх гол эх үүсвэр болж байна. Хятадын Үндэсний мансууруулах бодистой тэмцэх хорооны мэдээлснээр, сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт жилд дунджаар 600 гаруй тонн опиум эсвэл 60 гаруй тонн героин үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь мөсний жилийн дундаж үйлдвэрлэлээс бага аж. 2017 онд Юньнань, Гуанси, Сычуань, Гүйжоу муж, өөртөө засах орны хууль сахиулах байгууллагууд “Алтан гурвалжин”-ны бүс нутгаас хууль бусаар нэвтрүүлсэн 7,3 тонн героин, 11,2 тонн мөсийг хураан авсан нь тус улсын нийт хураан авсан  героин, мөсний 83 хувь, 93,3 хувийг тус тус эзэлжээ.

Африкаас гаралтай олон улсын мансууруулах бодисын хууль бус наймааны бүлэглэл нь “Алтан хавирган сар”-ын бүс нутгаас Хятадад героин нэвтрүүлэн худалдах асуудал улам ноцтой болж байна. Тухайлбал, 2017 онд тус бүс нутгаас хууль бусаар героин оруулж ирсэн 38 хэргийг илрүүлж, 146,3 кг героин хураан авчээ. Мөн Өмнөд Африкаас Хятадад кокаин хууль бусаар хил нэвтрүүлэх явдал нэмэгдэх хандлагатай байна. 2017 онд энэ төрлийн гэмт хэрэг 70 гаруйг илрүүлж, 97,7 кг кокаин хураан авчээ. Африк, Өмнөд Африк болон Хонконгийн иргэд кокаиныг логистикийн тээврээр буюу зорчигчдын ачаа тээшинд нуух замаар хил нэвтрүүлж гол төлөв Гуандун муж, Хонконгд хүргэдэг байна. 2017 оны байдлаар, тус улсад бүртгэлтэй кокаин хэрэглэгч 202 байна гэсэн үзүүлэлт гарчээ.

Дотоодын эх үүсвэр

Хятадад талст хэлбэрийн мөс, кетаминий хууль бус үйлдвэрлэл эрчимжиж  байна. 2017 онд тус улсын Гуандун, Сычуань зэрэг 26 мужид талст хэлбэрийн мөсний хууль бус үйлдвэрлэлтэй холбоотой 484 хэргийг илрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17,2 хувиар, Гуандун муж, Гуансижуаны ӨЗО зэрэг 12 мужид кетаминий хууль бус үйлдвэрлэлтэй холбоотой 118 гэмт хэргийг илрүүлсэн нь 17,2 хувиар өсчээ. Мөн онд дотоодод үйлдвэрлэсэн мансууруулах бодис 79 тонныг хураан авсан нь улсын нийт хэмжээний 77,3 хувийг эзэлж байна. 

            Хятадад сэтгэцэд нөлөөт эм бодис, бэлдмэлийн хууль бус үйлдвэрлэл, наймаа даамжрах хандлагатай байна. НҮБ-аас гаргасан илтгэлд энэ төрлийн бодис нь 500 гаруй төрөл байдаг бөгөөд олон улсын мансууруулах бодистой тэмцэх конвенцоор зохицуулах бодисын тооноос давсан гэжээ. Хятадад сэтгэцэд нөлөөт 116 төрлийн мансууруулах бодис байдгийн дотор синтетик каннаминоид, катинон зэргийг агуулсан бодисын үйлдвэрлэл, хэрэглээ өндөр байгаа аж.

            Хятадын зарим нутгуудад тухайлбал Шаньши, Хөнань, Шааньши 3 мужийн  огтлолцлын бүсэд героиныг нутгийн аргаар боловсруулах, хэрэглэх явдал даамжрах хандлагатай байна. 2017 оны байдлаар, каннабисийг хууль бусаар үйлдвэрлэж борлуулсан хэрэг 1158-ыг илрүүлж, 8,7 тонн каннабисийн давирхайг хураан авчээ. Кофеины төрлийн мансууруулах бодисны хууль бус үйлдвэрлэл, борлуулалтын гэмт хэрэг 216 бүртгэгдсэн бөгөөд ӨМӨЗО, Шаньши зэрэг нутагт түлхүү хэрэглэж байна. Меткатиноны хууль бус үйлдвэрлэл, наймаа 291 бүртгэгдэж, баруун хойд бүс нутагт хэрэглээ өндөр байгаа аж.

Интернэтийн сүлжээ ашиглан мансууруулах бодисын наймаа явуулдаг хэрэг эрс нэмэгдэж байна. 2017 онд гэхэд энэ төрлийн гэмт хэрэг 15 мянга бүртгэгдэж, 36 мянган гэмт этгээдийг баривчилж, 4,3 тонн төрөл бүрийн мансууруулах бодисыг хураан авчээ. Түүнчлэн мөн онд мансууруулах бодисын хууль бус наймаа эрхэлдэг 5834 бүлгийг илрүүлж, үйл ажиллагааг нь таслан зогсоосон байна.

Гадаадын иргэд тэр дундаа Мьянмар, Вьетнам, Нигер, Пакистан зэрэг 39 орны иргэд Хятадад мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт оролцсон тохиолдол 1491 бүртгэгдэж, 1927 хүнийг саатуулж, тэднээс 13 тонн мансууруулах бодис хураан авсан байна.

Дүгнэн хэлэхэд мансууруулах бодис нь нийгмийн баялаг алдагдах, хүний мөн чанар, ёс суртахуунд хохирол учруулж улмаар нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна. Тиймээс Хятад төдийгүй олон улсын хэмжээнд мансууруулах бодисын хууль бус үйлдвэрлэл, эргэлттэй тэмцэх үүрэг зүй ёсоор тавигдаж байна.

Эдийн засгийн даяаршлал болон нийгмийн мэдээлэлжих үйл явц хурдацтай хөгжиж байгаа нь Хятадын мансууруулах бодисын асуудал цаашид тодорхой хугацаанд тэлж, үргэлжлэх төлөвтэй байна.  

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар