"Одон орон геофизикийн хүрээлэн"-гийн дэргэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр газар авчээ

Нийгэм / Ц. Анхзул
2018 оны 04 сарын 23

Image may contain: sky, tree, snow, house, cloud, outdoor and nature

Одон орон судлалын байгууллагатай ойролцоо 10 км-т барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Өөрөөр хэлбэл, одон орон судалгааны ажилд гэрэл, тоосжилт, утаа нөлөөлөх эрсдэл бий тул олон улсад энэ зарчмыг хатуу мөрддөг байна. Гэтэл Богдхан уулын дархан цаазат газар дахь хамгаалалтын бүст байрлах “Одон орон судлах оргил”-ын залгаа хашаа хатгаж, барилга баригдаж байна. Барилгын ажил эхлүүлсэн Тү Болд компани аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авчээ. Тухайн компани нь Турк улсын хөрөнгө оруулалттай гэх албан бус мэдээлэл байна. 

Барилгын зориулалт, зөвшөөрлийн талаар мэдээлэл авахаар бид тухайн компанийн барилгын ажил эрхэлж буй инженер болон турк иргэдтэй уулзсан боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

Харин одон орон судлаач нар барилгын ажил эхэлснээс хойш тоосжилт үүсч судалгаа шинжилгээ хийх боломжгүй болсныг хэлж байгаа юм. Учир нь одон орон судлах ажлыг ихэвчлэн шөнийн цагаар, цэлмэг шөнийг сонгодог бөгөөд манай улсад бусад улс орнуудаас хамгийн олон цэлмэг шөнө тохиодог. Харин утаа, тоосжилт, гэрэлтэй үед судалгааны ажил бүр мөсөн зогсдог. “Одон орон судлах оргил” нь БСШУСЯ-ны харьяа, шинжлэх ухааны академийн дэргэдэх байгууллага юм. Тиймээс барилгын ажил, зохион байгуулалтгүй газар олголтыг зөвхөн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд төдийгүй салбар яам хөндөх, шинжлэх ухааны ажлаа хамгаалах шаардлага байгаа юм.  

Дархан цаазат газрын хамгаалалтын бүст газар ашиглах зөвшөөрлийг зөвхөн салбар яамны сайд олгодог. Тү Болд компанид газар ашиглах зөвшөөрлийг 2008 онд тухайн үеийн Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба олгож байжээ. 

Дашрамд дурьдахад одоогоор Богдхан ууланд 2000  гаруй иргэн, аж ахуйн нэгж газар ашиглах гэрчилгээтэй байна.