Говийн бүсийн нярайн тасгуудыг тоног төхөөрөмжөөр хангах 370 сая төгрөгийн төслийг эхлүүлээ

Орон нутаг / Time Admin
2018 оны 12 сарын 04

Энержи Ресурс компани, “Эрүүл үрс, гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран говийн бүсийн аймгуудын нярайн тасгийг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах төслийг эхлүүллээ. Нийт 370 сая төгрөгөөр хэрэгжих төслийн санхүүжилтийг өнөөдөр Энержи Ресурс компаниас албан ёсоор гардуулж өглөө. Энэ төслийн хүрээнд говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудын эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасгуудыг тус бүр 10 гаруй тооны чухал шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах юм. Үүнд нярайн инкубатор, шарлагын аппарат, дуслын аппарат, билиметр (шарлалтыг хэмжихэд нярайг зүү тариураар хатгах шаардлагагүйгээр, шууд хэмжилт хийдэг төхөөрөмж) гэх мэт төсвөөс хангамж, олдоцгүй, олдсон ч хүрэлцээ муутай тоног төхөөрөмжүүд багтаж байна. Төслийг хэрэгжүүлэх “Эрүүл үрс, гэрэлт ирээдүй” ТББ-ын зүгээс аймгуудын эмнэлгийн газар дээрх бодит байдалтай танилцаж судалсны үндсэн дээр нэн түрүүнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүдийг олгохоор бэлтгэж байна. Эхний ээлжинд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт төхөөрөмжүүдийг хүргэж өгнө. Цааш нийт 4 аймагт ажилласнаар 2019 оны хавар хүртэл үргэлжлэх ажил юм.

Хөдөө, орон нутгийн эмнэлгүүдэд наад захын шаардлагатай тоног төхөөрөмжүүд байхгүй, эсвэл хүрэлцээ муу байдгаас нярай эндэх, эмнэлгийн тусламж хожимдож авах, өвчин нь хүндрэх тохиолдлууд маш их байсаар байна. Ийм хүндрэлтэй байдлыг өөрчлөхөд энэ төсөл бодит дэмжлэг болох юм. Энержи Ресурс компанийн хувьд Өмнөговьд үйл ажиллагаа явуулсны 10 жилийн ойнхоо хүрээнд нийгэм рүү хандсан, бодит өгөөжөө өгөх ажлуудыг хийж, нийгэмд шинэ жишиг, хандлагыг тогтоож байгаа. 2018 онд энэ төсөлтэй нийлээд нийт 1 тэрбум гаруй төгрөгийг хүүхэд хамгаалал, хүүхдийн эрүүл мэндэд хандсан төслүүдэд зориулаад байна.

Төслийг хэрэгжүүлэх “Эрүүл үрс, гэрэлт ирээдүй” ТББ нь Монгол хүүхдүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр 10 дахь жилдээ ажиллаж буй, цэвэр сайн дурын гишүүдээс бүрдсэн, ашгийн бус байгууллага бөгөөд 2008 оноос хойш гишүүд, дэмжигчдийнхээ хандив тусламжаар 10 орчим төслийг амжилттай хэрэгжүүлжээ.


Эрүүл үрс, гэрэлт ирээдүй” ТББ-ын тухай

“Эрүүл Үрс – Гэрэлт Ирээдүй” Tөрийн бус байгууллага нь Монгол хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилготой, ашгийн бус, нийгэмд үйлчлэх сайн санааны байгууллага юм. Сайн дурын гишүүд нь цалинждаггүй бөгөөд анх 2010 онд үйл ажиллагаагaa эхэлcнээс хойш нийт 360 сая гаруй төгрөгийн санхүүжилттэй 9 төсөл амжилттай хэрэгжүүлээд байна.