Л.Болд: АН бүрэн шинэчлэгдэх хүртэл намын гишүүнчлэлээс татгалзлаа

Улс төр / Time Admin
2018 оны 12 сарын 04

Л.Болд зурган илэрцүүд

АН-ын Үндсэн дүрмийн хороо шийдвэр гаргаж, Ж.Батзанданг намаас хөөх, Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас сонгуульд нэр дэвших эрхгүй болгосон билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Болд намаасаа татгалзаж байгаа талаараа мэдэгдлээ. Тэрбээр "Би АН-аас татгалзаж байна. Гишүүнчлэлээсээ татгалзаж байгаа. АН бүлгээ авч үлдэж, 60 тэрбумын бүлэглэлийн халаасны нам болох үйл ажиллагааг үргэлжлүүлэх гэж байгаа бол би дэмжиж чадахгүй. Үүнийг таслан зогсооно" хэмээн мэдэгдэв.

Мөн албан бичгээр намаас татгалзаж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр "Лувсанвандангийн Болд миний бие 1990 оны ардчилсан хувьсгалд Монголын оюутны хөдөлгөөнийг толгойлон удирдаж оролцсон цагаас хойш ардчиллын үйл хэргийн төлөө ардчилсан намын гишүүний хувиар тасралтгүй тууштай тэмцэж ирсэн билээ. Ардчилсан Намын өнөөгийн удирдлагын гаргасан зөрчилтэй шийдвэр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж Ардчилсан Намд бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.5-д заасны дагуу намын гишүүнчлэлээс татгалзаж байгааг мэдэгдэж байна" гэжээ. 

Ингэснээр УИХ дахь АН бүлэггүй болох нөхцөл бүрдэж байгаа юм.